2016.05.24

Төр засаг аж үйлдвэрээ хөгжүүлэхэд зоримог алхам хиймээр байна

Төмөр трейд компанийн захирал, Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциацийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаатай ярилцлаа.

Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?

Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн орчны хувьд хөгжингүй орны түвшинд хүрээгүй ч гэсэн сүүлийн жилүүдэд олон үр дүнтэй ажлууд хийгдсэн. Олонхи улс орны хувьд оёдлын болон хүнсний салбар нь стратегийн чухал ач холбогдолтой салбар байдаг. Тиймдээ ч энэ салбарыг Монголын төр 20 дугаар зууны төгсгөл, 21 дүгээр зууны 2004 он хүртэл чанга гараар, зөв бодлогоор зохицуулж ирсэн.

Зах зээлийн үед оёдлын салбар хэсэг уналтанд орж хувийн хэвшил  ажиллах боломж муу, төр өөрөө үйлдвэрлэгч болоод хувирчихсан байсан. Жишээ нь Батлан хамгаалах яам, цагдаа, төмөр зам хажуудаа оёдлын үйлдвэртэй. Ийм байж хувийн хэвшлийнхний дунд тендер зарлаад утгагүй биз дээ? Энэ байдал 25 жил үргэлжилсэн. 2004 оныг хүртэл бид АНУ, Европын холбоонд оёмол бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан тэр зах зээл өнөөдөр алга байна. Бид маш том боломжийг алдсан.

... Харин сүүлийн жилүүдэд капиталист нийгэмд ч бас хоршиж ажиллах хэрэгтэй гэдгийг төр ч тэр, хувийн хэвшил ч тэр ойлгож эхэлж байна ...

Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах алхмууд хийгдэж байна. Хожимдсон ч гэсэн хөнгөн үйлдвэрийг босгохгүй бол болохгүй нь гэдгийг аль аль талдаа ойлгож байна.

Нэг үеэ бодвол оёдлын үйлдвэрүүд дотооддоо боломжийн хэмжээнд бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Харин одоо экспортод гаргах боломжоо эргүүлэн олж авах хэрэгэй. Харамсалтай хоёр хөршийн хувьд татвар нь маш өндөр. Гэхдээ бидэнд Өвөрмонгол, Сибирь гээд хуучны харилцаатай зах зээл бий. Дотоодод ч бас зах зээл хангалттай гэж бодож байна. Гурван сая хүндээ хангалттай бүтээгдэхүүн нийлүүлж чадаагүй байж зах зээл байхгүй гэж ярьж болохгүй биз дээ? Гурван сая хүний олонхи нь импортоор орж ирсэн найдваргүй хувцас л өмсөж байна.

Европын зах зээлд бүтээгдэхүүн гаргах боломж бидэнд байдаг биз дээ?

Европ руу гаргах боломж байна, дэлхийн түвшний техник, технологи ч манай үйлдвэрүүдэд бий. Гэвч маркетингийн тал дээр дэвшил гарсангүй.

... Өнөөдөр Монголд мэргэжлийн түвшинд ажилладаг, монгол хувцсыг дэлхийд сурталчлах чадалтай загварын агентлаг, шоу арга хэмжээнүүд алга. Загварын агентлагууд үйлдвэрүүдтэйгээ урт хугацаанд гэрээ байгуулж ажилладаг тийм тогтолцоо бидэнд хэрэгтэй байгаа юм ....

Нөгөө талаас Европын зах зээл бол маш хатуу стандарттай, ямбалаг зах зээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Стандартын дагуу хатгаш хийгээгүй бол тухайн бүтээгдэхүүнийг буцаах жишээтэй. Гэхдээ 80-аад онд бидний хийсэн даашинз Европод гологдож байсан бол өнөөдөр бидний түвшин өөр болсон. Гадагшаа гаргая гэвэл туршлагатай хуучин боловсон хүчин байна. Харамсалтай нь залуу үеийн залгамж бараг тасарсан. Энэ бас гадагшаа зах зээлээ тэлэхэд саад болж байгаа хүчин зүйл юм.

Түүхий эдийг өөрсдөө хангадаг болох бололцоо бий юу?

Үндсэн түүхий эд, туслах материалын хувьд бараг 100 хувь импортоос хараат байна. Гэхдээ дотоодод даавуу үйлдвэрлэх санаачлагыг ноосны холбооныхон гаргаад туршилтын ажлаа эхлүүлж байна. Ер нь хийе гэвэл боломжууд бий. Зарим улс оронд хүрэн нүүрсээ боловсруулаад даавуу хийж байна. Бид ч бас хонины ноосоо синтфонтой холиод маш сайхан даавуу, дулаалгын материал хийж болно. Үлдэх шаараар нь төрөл бүрийн туслах материалуудаа хийх болоцлоотой.

Энэ мэт боломжуудыг ажил хэрэг болгоход аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх маш зоримог алхмыг хийх хэрэгтэй байна. Аж үйлдвэрийн яамтай, аж үйлдвэрийн бодлоготой болсон нь сайн хэрэг. Тэр бодлогоо хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Дэлхийд ховорхон баялагтайгаа гайхуулдаг байж ганц том боловсруулах үйлдвэр барьчихаж чадаагүй гэдэг чинь ичгэвтэр биз дээ?

Гэхдээ оёдлын салбарынхан сүүлийн жилүүдэд хоорондоо хоршоод кластер зарчмаар үр дүнтэй ажиллаж байгаа биз дээ?

Энэ бол миний ярих дуртай сэдэв. 2012 онд Засгийн газар үйлдвэрлэлийн эрин үе эхэллээ гэж хэлж байсан санагдаж байна. Маш олон төслийн захиалга авч эхэлсэн. Засгийн газрын хурдыг бид гүйцэхгүй байсан. 15-хан минутын дотор би Ерөнхий сайдад төслөө танилцуулаад гарч байсан удаа ч бий. Ингээд л бид цэрэг, цагдаа, сурагчдын дүрэмт хувцас хийж эхэлсэн. Нийтдээ долоон компани ажилласан гэж ярьдаг ч үүний цаана 63 компани, олон арван хүний хөдөлмөр бий. Гэтэл Хятадаас ахиад оруулаад ирэхэд бидний урам үнэхээр хугарсан.

Гэхдээ үүнээс оёдлын салбарын олж авсан зүйл бол өргөжихийн тулд нэгдэх хэрэгтэй юм байна гэдгээ сайн ойлгосон явдал. Заавал худалдааны сүлжээнүүдийг гуйлгүй өөрсдөө борлуулах аргаа мэддэг боллоо.

Тэгвэл цаашдаа ямар алхмууд хийх вэ?

Кластераа улам боловсронгуй болгож, бүтээгдэхүүнээ экспортод гаргах явдал.

Гэвч нөгөө боловсон хүчин гэж том асуудал байгаа биз дээ?

Энэ үнэхээр тийм.

... Өнөөдөр оёдлын үйлдвэрт ажиллах залуу боловсон бараг алга ...

Боловсон хүчний хөгжил 20 шахам жилээр хоцорчихоод байна. Үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ техник дээр ажиллах мэдлэгтэй нь ховор байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төгсөгчдийг хичнээн урьсан ч ирэхгүй юм байна лээ. Зөвхөн сарын 70000 төгрөг авахын төлөө л сурдаг юм шиг санагдсан.