Тавантолгойн нүүрсний ордын талаар Ерөнхий сайдад асуулгын хариуг сонслоо
УИХ-ын гишүүн П.АЛТАНГЭРЭЛ, С.БЯМБАЦОГТ, Д.ГАНХУЯГ, Г.ЗАНДАНШАТАР нарын гишүүд Тавантолгойн нүүрсний ордын талаар ерөнхий сайдад асуулга тавьсан билээ. Энэхүү асуулгын хариуг өнгөрсөн баасанг гаригт УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонслоо.
Дээрхи УИХ-ын гишүүд Тавантолгой орд газарт хайгуул хийсэн нийт талбай, тогтоогдсон нийт нүүрсний нөөц ийн тухай, Нийт хайгуулын талбай болон тогтоогдсон нийт нүүрсний нөөцөөс Монгол Улсын Засгийн Газар, орон нутгийн өмчит компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж тус бүрээр хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан талбай, нүүрсний нөөц гээд найман ч асуултад дэлгэрэнгүй хариулт авахыг хүссэн юм.
Таван толгойн ордыг ашиглах урьдчилсан ТЭЗҮ-ийг ОХУ-ын ГИПРОШАХТ институт 1990 онд боловсруулсан ба нийтдээ 6,42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс коксжих нүүрс 1,8 тэрбум буюу 28% үлдэх 4,6 тэрбум буюу 72% нь эрчим хүчний нүүрс байна. Таван толгой ордод нийт 9 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон ба талбайн хэмжээ нь 71754 га газрыг хамарч байна. Харин хайгуулын 5 тусгай зөвшөөрлийг Энержи Ресурс ХХК эзэмшиж байгаа бөгөөд нийт 70569 га газрыг хамарч байгаа аж.
“Тавантолгой” ХК нь 1967 оноос олборлолт хийж эхэлсэн бөгөөд 2009 оны 9-р сарын байдлаар нийт 9,8 сая тонн орчим нүүрс олборложээ. Тус уурхай 1967-2004 онуудад нийт 2,45 сая тонн, жилд дунджаар 40,0-60,0 мян.тонн нүүрс олборлож аймаг орон нутгийн хэрэгцээг хангаж, 2005 оноос эхлэн нүүрс экспортлож 2005-2009 онуудад 7,35 сая тонн орчим нүүрс олборлосон байна. “Энержи ресурс” ХХК нь 2009 оны 4-р сараас үйл ажиллагаагаа эхлэж 2009 онд 1800,0 мян.тн нүүрс олборлох уулын ажлын төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Таван толгойн орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс МГЛ” ХХК, “Дайцүки” ХХК-иуд одоогоор олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байна.
Таван толгойн ордод хийгдсэн хайгуулын бүх шатны ажилд Улсын төсвөөс зарцуулсан нийт зардлыг 93 535 593 төгрөг /1990 оны түвшинд/ гэж үзээд Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар батлагдсан 81 дүгээр тогтоолд заасан аргачиллын дагуу тооцоход 37 162 538 765 төгрөг /2008 оны түвшинд / гарч байна. “Эрдэнэс МГЛ” ХХК нь 2009 оны 9 сард “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээг Норвест компанитай байгуулсан бөгөөд Норвест компаниас Таван толгойн ордыг хамгийн оновчтой ашиглах талаар доорх дүгнэлтийг өгөөд байна.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Төрийн өмчийг эзэмших, ашиглах харилцааг зохицуулж чадалгүй ирснээс болоод бидний өмчийг өөр хүмүүс захиран зарцуулаад яваад байна. Энэ харилцааг цаашдаа яах юм бэ. Фрийдланд Монгол Улсын төрийн өмчөөр мөнгө хийгээд яваад байна. Лицензийг авсан хүн газар доорхи улсын байлгийг өөрийн болгоод авчихдаг. Эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа энэ чигээрээ яваад байх юм уу. Би өөрсдөө мэдээгүй байхад олон улсын зах зээл дээр эргэлдээд мэнд хүмүүс мөнгө хийгээд байгаа юм биш үү хэмээн лавласан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, “Таван толгойн асуудлаар Засгийн газар тусад нь бодлого боловсруулан оруулж ирэн УИХ-аар шийдвэр гаргуулна” гэсэн хариулт өгсөн. УИХ-ын гишүүн Х.Баделхан, Таван толгойгоос борлуулж буй нүүрсний үнэ зах зээлийн шаардлагын хэмжээнд хүрч байнгаа эсэхийг лавласан аж. ЭБЭХЯ-ны газрын дарга нарын хариулснаар, нүүрсний хувьд жишиг Нүүрсний газраас гарган баримталж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ 50 ам.доллар байгаа. Тухайн сар сардаа шинэчлэгдэж байдаг.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Таван толгойн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Өнөөдрийн ханшаар тэрхүү гаргасан хөрөнгө 37 тэрбум төгрөг болоод байгаа. Гэтэл Оюутолгойд гадна хөрөнгө оруулалтаар хийсэн хайгуулын гаргасан хөрөнгийг 400 тэрбум гэж тогтоосон. Монголчуудынх болохоор бага байдаг хэрэг үү гэж лавлаж байсан. Лицензийг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа өгдөг. Гэтэл үргэлжлүүлээд өгөөд яваад байна гэж шүүмжилсэн. ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, Ашиглалтын лиценз өгөөд байна гэж байна. Хуульд заасан зарчмаар л явж байгаа. Цаашдаа лиценз олголтыг цэгцлэх асуудал байгаа. Тэр асуудлыг судлаад явж байгаа гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, “Таван толгойн ордод олборлолт хийж буй компани барилгын жижиг техникээр олборлолт явуулж байсан. Зөвшөөрлийг хянадаг байгууллага юу хийж байна вэ. Ийм техникээр ашиглахаар өртөг зардал маш өндөр гарна. Түүнээс харахад хилээр гарч буй эцсийн бүтээгдэхүүний үнэ хяналтгүй байгаа нь ойлгогдож байна. Энэ ордоос яг хэдэн тонныг олборлоод байгаа юм бэ. Нөөцийн үлдэгдэл хэд байгаа юм бэ” хэмээн асууж байсан. Дэд сайд Б.Ариунсан, Техникийн хувьд өмнөх 4 жилийн түвшингээс дээрдэж байна. Өмнө ашиглаж байсан дотор бага оврынх байсан. Сүүлийн 2 жилд уул уурхайн том оврын техник нэмэгдэж байна. Таван толгойн нүүрсний ордыг тойрсон уул уурхайн хяналтын албанаас тавьж буй шаардлагыг хангахгүй зүйлүүд байгаа. Тодорхой шалгалтуудыг хийж үүрэг өгч байгаа. Таван толгойн ордын нөөц 6.4 тэрбум тонн. 1967 оноос хойш 9.8 сая тонныг ашигласан байна гэлээ.