Ард түмэн эх орноо МАНдуулсан сонголт хийх хэрэгтэй болж байна
2016.06.13

Ард түмэн эх орноо МАНдуулсан сонголт хийх хэрэгтэй болж байна

МАН-аас УИХ болон Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн хамтарсан нээлтийн арга хэмжээ Г.К.Жуковын талбайд 12:00 цагаас эхлэн ёслол төгөлдөр болов. Сонгуулийн нээлтийн ажиллагаанд иргэд сонгогчид, гишүүд дэмжигчид хүрэлцэн ирж нэр дэвшигчдээ уухайлан дэмжиж угтан авлаа.

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан “МАН-ын мөрийн хөтөлбөр ард түмнээсээ авсан санал, хүсэлтээ тусгасан,  итгэлийг даах, ирэх дөрвөн жил, цаашлаад найман жил ард түмэнтэйгээ хамт байх мөрийн хөтөлбөр болсон. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ард түмнийхээ итгэлийг өвөртлөн ирсэн нэр дэвшигч  нартаа халуун баяр хүргэж, та бүхэндээ танилцуулж байна” гэв.

УИХ-ын 50-дугаарт тойрогт МАН-аас Жадамбын Энхбаяр нэр дэвшиж буй. Тэрбээр тус тойрогт төрж, өссөн нэгэн. Түүнийг дүүргийн иргэд, сонгогчид халуун алга ташилт дор индэрт угтан авав. Нар ээсэн энэ өдөр баянзүрхчүүд хариуцлагатай сонголтын өмнө ирээд байгааг нэр дэвшигч Ж.Энхбаяр тодотгов. Тэрбээр,  “Ард түмэн эх орноо МАНдуулсан сонголт хийх хэрэгтэй болж байна. Энэ удаагийн сонгуульд МАН дөнгөж төрсөн нялхаас авхуулаад өтгөс хүртэлх хүний амьдралын бүхий л үе шатанд нийцсэн, таны гэр бүлд, таны үр хүүхэд, таны ажилтай, орлоготой байлгахад, таныг ая тухтай амьдрах, сэтгэл хангалуун байхад зориулсан мөрийн хөтөлбөрийг боловсруулан орж ирж байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн гурван хүн тутмын нэг нь орлогогүй байгаа гэсэн судалгаа бий.  Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ ч тус дүүрэгт хүртээмжгүй байгааг иргэд сонгогчид энэ үеэр хэлж байсан юм. Асуудал ихтэй, шийдэл, өөрчлөлт хүлээсэн сонгогчид МАН-аас нэр дэвшигчдэд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаагаа уг нээлтийн үеэр захиж байв.

Б.БАЯР

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 50-р тойрогт нэр дэвшигч Ж.ЭНХБАЯР-ын сонгуулийн штаб

Вэб сайт: enkhbayarj.mn