МБЗ: Удахгүй болох үйл явдлууд
2016.10.18

МБЗ: Удахгүй болох үйл явдлууд

Энэ сарын дунд, сүүл үе, ирэх сарын эхээр Монголын Бизнесийн Зөвлөлийн бие даан болон хамтран зохион байгуулах арга хэмжээний товчооныг хүргэж байна. 

Yelloween Veuve Clicqoutмаскарад шоу: 10,31-нд “Шангрила” зочид буудалд 

Монголын Бизнесийн зөвлөлийн зохион байгуулж буй “Yelloween Veuve Clicqout” маскарад шоу 2016 оны 10 дугаар сарын 31-нд “Шангрила” зочид буудалд болно. Уг арга хэмжээнд 400 гаруй зочид, төлөөлөгч оролцоно гэж тооцоолж байна. Энэ үдэш амьд хөгжмийн тоглолт болж, шилдэг хувцаслалттай оролцогчийг шалгаруулах юм.

“Halloween”-ийн баярт зориулсан тус арга хэмжээнд Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүд үнэ төлбөргүй оролцох боломжтой. Гишүүн бус оролцох хүсэлтэй хүмүүс 30 000 төгрөгийн тасалбараар дотогш нэвтрэх юм байна. 

“Байгууллагын сэтгэл зүйн удирдлага-2016” форум: 10,22-нд Редрок Тэрэлж Резортод 

Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар "NPC & Mandal" компани ажиллаж байгаа бол мэдээллийн хамтрагчийн тоонд Монголын Бизнесийн зөвлөл багтсан юм.

Салбар бүрийн хамгийн нөлөө бүхий 120 удирдлагад зориулсан тус форумд оролцсоноор хүний нөөцийн асуудлаа тодорхойлох, холбоо харилцаагаа тэлэх, туршлага хуримтлуулах өргөн боломжтой. Уг форумд Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн оролцох бол 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. 

“Стратегийн ач холбогдол бүхий барааны худалдааны талаарх” семинар: 2016,10,26-27-нд “Best Western Tuushinзочид буудалд

Уг уулзалт, семинарыг АНУ-ын Нью-Йоркийн Их сургууль, Албаны их сургууль, Бодлогын судалгааны төв, Монголын Бизнесийн Зөвлөл, АНУ-ын элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран зохион байгуулах юм. 2 өдөр үргэлжлэх тус семинарт дэлхийн гол экспортлогч орнуудын баримталж буй бодлого, зохицуулалт, өндөр технологид суурилсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны орчин үеийн чиг хандлагын талаар авч хэлэлцэх юм байна.

Семинарт АНУ, Япон, БНСУ, Хятад улсуудаас экспертүүд оролцоно. Хэрэв семинарт оролцох хүсэлтэй бол 10 дугаар сарын 20-ны 17 цагаас өмнө бүртгүүлэх хэрэгтэй. 

“7 дахь удаагийн Эрсдлийн форум”: 2016,11,09-нд “Best Western Tuushinзочид буудалд

Форумын ерөнхий зохион байгуулагчаар Мандал даатгал, Голомт банк ажиллаж байгаа бол Монголын Бизнесийн Зөвлөл, Монголбанк хамтран зохион байгуулж байна. “Эрсдлийн менежментийн олон улсын стандарт ба Монголын компаниуд, сайн туршлага” сэдэвт уг форум нь бизнесийн байгууллагууд, хувьцаа эзэмшигчдэд чиглэсэн.

Форумд 350 гаруй байгууллага урилгаар оролцох төлөвтэй байгаа бөгөөд форумын үеэр Монголын Бизнесийн зөвлөл товч мэдээлэл хүргэх юм байна. 

“Монголын төслүүд ба хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”: 11,1-2-нд Хонг Конгт 

Монголын Бизнесийн Зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран Монголын эдийн засгийг Азийн 200 гаруй тэргүүлэх институциональ хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд аваачих зорилготойгоор уг уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Уулзалтын үеэр Монголын хамгийн анхаарал татахуйц хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах юм байна. Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүд уг чуулга уулзалтад оролцох бол 15 хувийн хөнгөлөлт эдэлнэ.