2017 онд нийгмийн даатгалын санд 1 их наяд 380 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна
Нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалын гэсэн 5 сангаас бүрдэж байна.
2017 оны Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1 их наяд 380 тэрбум 174 сая төгрөгөөр төлөвлөөд байна. Энэ нь 2016 оны тодотголтой харьцуулахад 122 тэрбум 626.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Тус сангаас 2017 онд тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ үйлчилгээг давхардсан тоогоор 4.5 сая иргэдэд хүргэж, нийт 1 их наяд 888 тэрбум 141.9 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 36 хувийг ажил олгогчоос бүрдүүлнэ
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулдаг.
2017 онд 46.4 мянган аж ахуйн нэгж байгууллагын 828 мянга гаруй хүн албан журмын даатгалд хамруулахаар тооцжээ. Энэ нь өмнөх оноос даатгуулагчийн тоо 20.2 мянгаар нэмэгдэнэ гэсэн тооцооллын үндсэн дээр гаргасан тоо юм байна.
Хөдөө аж ахуй, газар тариалан болон албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй /320.0 гаруй мянган/ иргэдээс сайн дурын даатгалд 61.5 хувь буюу 196.9 орчим мянган хүнийг хамруулахаар тооцжээ.
2017 онд сайн дурын болоод албан журмаар даатгалд хамрагдах нийт 1 сая гаруй (1,024.9 мянган хүн) байна. Энэ нь улсын хэмжээнд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөр эрхэлж буй ажиллагчдын 86.4 хувь гэсэн үг.
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 240 000 төгрөг болно. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн орлого 13 тэрбум 723 сая төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Ирэх онд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, оюутнуудын төлөх нийт шимтгэлийг 27 тэрбум 326 сая төгрөг байхаар тооцжээ. Мөн 0-18 насны хүүхдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар буюу сарын 2400 төгрөг, бусад иргэний шимтгэлийг 2 хувиар буюу сарын 4800 төгрөгөөр тус тус тооцон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Улсын төсвөөс 2017 онд 58 тэрбум 680.5 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Энэ нь нийт 1 сая 606.1 мянган даатгуулагчийн тухай асуудал юм.
Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх боломжит эх үүсвэрүүд, эдийн засгийн өсөлт, даатгуулагчдын тоо болон цалин хөлс, орлогын өсөлтийг нэмэгдүүлснээр 2017 онд нийгмийн даатгалын 5 төрлийн санд 1 их наяд 380 тэрбум 174.6 сая төгрөгийн шимтгэлийн орлого бүрдүүлнэ гэж тооцжээ.
Шимтгэлийн орлогыг бүтцээр авч үзвэл нийт орлогын 36.4 хувийг ажил олгогчийн шимтгэлээр, 37.5 хувийг даатгуулагчдын төлөх шимтгэлээр, 8.5 хувийг сайн дурын болон төр хариуцах иргэдийн шимтгэлээр, үлдсэн хувийг урьд жилүүдийн авлага, алданги, торгууль болон банкны хүүгийн орлогоос бүрдүүлэхээр байна.
26 000 иргэн шинээр тэтгэвэр тогтоолгоно
Тэтгэврийн даатгалын сангаас 2017 онд өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагч 392.8 мянган хүн байна. Эдгээр хүмүүсийн тэтгэвэрт 1 их наяд 403 тэрбум 297 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Тэтгэврийн даатгалын сангийн нийт зардлыг 1 их наяд 404 тэрбум 423 сая төгрөгөөр, орлогыг 817 тэрбум 828 сая төгрөгөөр тооцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталж, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авснаар оны эхнээс дундаж тэтгэвэр 283 900 мянган төгрөгөөс 308 100 төгрөгт хүрэх юм.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 21 мянган төгрөгөөр нэмэгдэж, 251 0000 төгрөг болох бол тэтгэврийн доод хэмжээ 216 000 төгрөгт хүрнэ гэж Нийгмийн даатгалын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгаад байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Монгол Улсын хүн амын 2010-2040 оны хэтийн тооцоо” судалгаагаар 2017 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч буй эрэгтэй (60 нас) 8900, эмэгтэй (55 нас) 16 400 хүн байна.
Нийт тэтгэврийн даатгалын сангаас 2017 онд 26 000 орчим мянган хүн шинээр тэтгэвэр тогтоолгоно гэсэн үг. Ингээд бодохоор 2017 онд тэтгэвэрт 1 их наяд 403 тэрбум 297 сая төгрөгт зарцуулахаар байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 99 тэрбум төгрөгөөр өсөх үзүүлэлт юм.
Тэтгэврийн даатгалын сангийн зардалд өндөр насны тэтгэвэр 75.1%, тахир дутуугийн тэтгэвэр 13.2%, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 4.1%, цэргийн тэтгэвэр 7.3%-ийг тус тус эзэлж байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн албан хаагчийн тэтгэврийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Тэгвэл 2017 онд нийт 17 400 иргэн цэргийн тэтгэвэр авахаар байна.
Мөн шимтгэлд суурилсан тэтгэврийн даатгалын тогтолцоо үүсэхээс өмнө буюу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зардлыг төрөөс хариуцдаг. 2017 онд нийт тэтгэвэр авагчдын 16.5 хувь буюу 65 300 иргэн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэд байхаар тооцоолсон. Эдгээр иргэдийн тоо жилд дунджаар 3.4 мянган хүнээр буурч байна.
Эдгээр төрлийн тэтгэвэртэй холбоотойгоор тэтгэврийн даатгалын санд олгох татаасын хэмжээг 2017 онд 587 тэрбум 257 сая төгрөг байна гэж хуулийн төсөлд тусгажээ.
Оршуулгын тэтгэмжийг хэмжээг 1 сая төгрөг болгосон
Тэтгэмжийн даатгалын санд 2017 онд 102 тэрбум 72 сая төгрөгийн орлого бүрдүүлнэ. Үүнээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэн, амаржсан эхийн болон оршуулгын тэтгэмжид 109 тэрбум 215 сая төгрөг зарцуулахаар байна.
Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацаанаас нь хамааруулан хөдөлмөрийн хөлсний 50-75 хувиар олгодог бол жирэмсэн, амаржсан эхийн тэтгэмжийг 4 сарын хугацаагаар хөдөлмөрийн хөлсний 100 хувиар (сайн дурын даатгуулагчид 70 хувь) олгож байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор нэг даатгуулагчид олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг 620 000 төгрөг байсныг 1 000 000 болгон нэмэгдүүлжээ.
Ажилгүйдлийн тэтгэмж авах 22 100 иргэн байна
Ажилгүйдлийн даатгалын санд 2017 онд 32 тэрбум 676 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлагдахаар байна. Үүнээс ажилгүйдлийн тэтгэмжийн болон мэргэжил олгох давтан сургалтын зардалд тус бүр 30 тэрбум 101 сая төгрөг зарцуулна гэж тооцжээ.
Уг сангаас 2017 онд ажилгүйдлийн тэтгэмж авах 22 100 иргэн байна.
1000 гаруй эрүүл мэндийн байгууллага, эмийн сангийн үйлчилгээ худалдан авна
2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 327 тэрбум 761 сая төгрөгөөр төлөвлөөд байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын 2017 оны төсвийн төсөл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг нийгмийн даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцсэн 1113 эрүүл мэндийн байгууллага, эмийн сангийн даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авахаар тооцсон байна.