Ц.Даваасүрэн: Оюутолгой ордын бүтээн байгуулалтын явцтай танилцана
2010.02.11

Ц.Даваасүрэн: Оюутолгой ордын бүтээн байгуулалтын явцтай танилцана

УИХ-ын намрын чуулган завсарласан хэдий ч байнгын хороод чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж буй.  Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нар тус байнгын хорооны хийсэн ажлын талаар мэдээлсэн юм. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд томоохон ямар ажил хийсэн бэ. Төсөв батлахаас эхлээд багагүй ачаалалтай ажилласан болов уу?

-Намрын чуулганы хугацаанд манай байнгын хороо 20 удаа хуралдаж 37 асуудал хэлэлцсэн. Үүний 19 нь хууль, 18 нь УИХ-ын бусад шийдвэр байлаа. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, ажлын хэсэг байгуулах асуудлаар таван тогтоол гаргасан. Хамгийн гол хууль нь мэдээж Монгол Улсын 2010 оны төсөв байсан. 2010 оны төсөв нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан амлалт, ажлууд хэрэгжих үндэс суурь болсноороо онцлог. 2011, 2012 он гээд дараагийн сонгуулийн хугацаа болно. Тиймээс үндсэн чиглэлд нэлээд өөрчлөлт оруулсан. Үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдээс 270 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал хураалгасан. Улстөрийн хоёр том намаас ажлын хэсэг байгуулагдан гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэж үзсэн. Ингэснээр УИХ-ын гишүүдийн гаргасан саналын хөрөнгө оруулалтын дүнг тодорхой хэмжээнд бууруулсан.

-Гишүүдийн тойрогтоо хуваарилсан 76 тэрбум төгрөг шүүмжлэл дагууллаа. Гэсэн хэдий ч гишүүд хүлээж авсангүй.

-Зарим талаар гишүүн бүр тэрбум төгрөг хувьдаа авсан мэтээр ташаа ойлголт гарсан. Тойрогтоо хийх ажил, тулгамдсан асуудлыг УИХ-ын гишүүн л сайтар мэддэг. Тэр бүхнийг төсөвт суулгах боломжгүй. Тойргийнхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд гишүүд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санал гаргасан. Түүнээс биш хувьдаа аваагүй. УИХ-ын гишүүдийн гаргасан саналаас хураангуйлж хөрөнгө оруулалтын хэмжээг 92 тэрбум болтол бууруулснаас энэ нь харагдана.

-Төсвийн алдагдал таван хувиас хэтрэхгүй байх зарчим хангагдсан уу?

-Төсвийн төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2.426.8 тэрбум төгрөг, зарлага 2.785.4 тэрбум төгрөг болж нэгдсэн төсвийн урсгал тэнцлийн ашиг 228.7 тэрбум, нийт тэнцлийн алдагдал 358.6 тэрбум төгрөг болсон. ОУВС-тай тохиролцсон шалгуур үзүүлэлтээр энэ удаагийн төсөв батлагдсан гэхэд болно. ОУВС-гаас төсвийн алдагдал 460 тэрбумаас доош байх ёстой гэж зөвлөсөн. Манай төсвийн алдагдал 358 тэрбум. Тиймээс төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас хэтрэхгүй байх зарчим хангагдсан.

-Зэсийн үнийг УИХ-ын гишүүд тогтоодог болох нь гэсэн шүүмжлэл төсөв хэлэлцэх үөд гарч байсан. Зэсийн үнийн давсан орлогыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах боломж бий вэ?

-Засгийн газраас оруулсан төсөлд зэсийн дэлхийн зах зээлийн үнийг 5200 ам.доллараар тооцсон  байсныг хэлэлцүүлгийн явцад 5800 ам.доллар болгон тооцсон. Одоо дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 6500 ам.долларт хүрч байна. Засгийн газар Улаанбаатарын агаарын бохирдлыг багасгах тооцоо судалгааг УИХ-д энэ сарын 1-ний дотор оруулж ирэх үүрэг хүлээсэн. Гэвч асуудлыг шийдвэр гарах хэмжээнд багцлан цогцоор нь оруулах шаардлагатай учраас хугацаа хэрэгтэй байна гэсэн санал ирүүлсэн. Ирэх сарын 1-ний дотор танилцуулна. Зэсийн үнэ 5800 ам.доллараас дээш гарсан тохиолдолд давсан орлогоос агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах бололцоо Засгийн газарт нээгдэж байгаа юм.

-Хүний хөгжил сангийн хуулийг баталснаар иргэд эхнээсээ хувь хишгээ авч байна. Байнгын хорооны хийсэн томоохон ажлыг тоонд орох байх?

-Эх орны хишиг сангийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох мөнгөний хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Эрдэнийн хувийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж Хүний хөгжил сангийн хуулийг баталсан. Энэ нь сонгуулийн үеэр улстөрийн намуудын иргэн бүрт нэг сая, 1.5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх амлалтыг биелүүлэх эрхзүйн үндэс болж байна.
2010 онд Хүний хөгжил санд 346 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Оны эхний хагас жилд багтаан иргэн бүртээ 70 мянган төгрөгийн хишиг хүртээх зорилготой. Цагаан сарын өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, хүүхдэд 70 мянган төгрөг өгөх ажил хот хөдөөгүй жигд ахицтай явж байна. Оны хоёрдугаар хагаст иргэний бүртгэлийн шинэчлэлтэй холбогдуулан 50 мянган төгрөгийг өгч дуусгана. Цаашид Хүний хөгжил санг арвижуулахад анхаарч ажиллахыг Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон. Хүний хөгжил сан байгалийн баялаг нөөц ашигласны төлбөр, стратегийн ордуудын урьдчилгаа төлбөр, барьцаалж авах зээл зэргээс санхүүжин арвижих ёстой.

-Төсвийн байнгын хороо чуулганы завсарлагаанаар ямар ажил хийж, хаврын чуулганд ямар асуудлууд оруулахаар төлөвлөсөн бэ?

-Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын явцтай чуулганы завсарлагааны хугацаанд очиж танилцахаар төлөвлөсөн. Оюутолгойн гэрээний хэрэгжилт, Тавантолгойн ордын гэрээ байгуулах нөхцөл байдалтай танилцана. Засгийн газар хаврын чуулганд Тавантолгойн гэрээг байгуулах асуудлыг оруулж ирэх болов уу. Тавантолгойн гэрээг сайтар урьдчилгаа төлбөр авах а,суудлыг оновчтой шийдвэрлэх ёстой.

Ингэснээр Хүний хөгжил сан арвижих юм. Түүнчлэн 2009 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд ҮАГ-аас хийсэн тайлантай танилцана. Татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдийн 2009 оны үйл ажиллагаа, 2010 оны ажлын эхлэлтэй ҮТЕГ, ГЕГ, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтын байдалтай танилцах зэрэг төлөвлөсөн ажил бий.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.