Нийгмийн даатгалын сангийн мөнгө Капитал банкинд хамгийн их хэмжээгээр байршиж байна
2016.11.09

Нийгмийн даатгалын сангийн мөнгө Капитал банкинд хамгийн их хэмжээгээр байршиж байна

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын сангийн талаар мэдээлэл хийсэн юм.

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. 

Банкуудад байршуулсан хадгаламжийн хүү 2014 онд жилийн 10.5 хувь, 2015-2016 онуудад жилийн 11.8 хувь байсныг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор 10.2 хувь, 2016 оны 5 дугаар сарын 17-ны 15 тоот тогтоолоор жилийн 9 хувийн хүүтэй байхаар бууруулан тогтоосон байна.

Энэ нь холбогдох журмын зөрчиж байгаа бөгөөд 20.4 тэрбум төгрөгийн алдагдалд оруулж байгааг хэллээ. 

Тодруулбал, Чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад жилийн 11.2 хувийн хүүтэйгээр байршуулсан тохиолдолд 2016 оны 06 дугаар сараас 10 сарыг дуусталх 5 сарын хугацаанд 5.9 орчим тэрбум төгрөгийг, гэрээний бүх хугацаанд буюу 2018 оныг дуустал хугацаанд 20.4 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг нэмж олох боломжтой ажээ.

Салбарын сайд мөн 2015 онд бонд, хадгаламж, харилцах дансанд байршуулсан чөлөөт эх үүсвэрийн хөрөнгийн хүүний орлого 73.4 тэрбум төгрөг байсан бол 2016 оны эхний 10 сарын гүйцэтгэл 58.4 тэрбум төгрөг, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 78.1 тэрбум төгрөг байхаар тооцсоныг  онцолсон юм.