Хөгжлийн банкны нийт зээлийн багц өөрийн хөрөнгөтэй нь харьцуулахад 33 дахин их байна
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, тус банкны одоогийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр
2016.12.20

Хөгжлийн банкны нийт зээлийн багц өөрийн хөрөнгөтэй нь харьцуулахад 33 дахин их байна

Хөгжлийн банкны асуудлыг нэн яаралтай хэлэлцэнэ 

Энэ сарын 14-нд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Монгол Улсын хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын тов, дараалал харгалзахгүйгээр УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх захирамж гаргасан.

Нэн яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргасны дагуу ийнхүү захирамжилжээ.

Яг одоо Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтран Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна. Ингэснээр Пүрэв, Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Оны эцэст Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө хасах дүнтэй гарч болзошгүй

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө, зээлийн харьцаа, 2011-2016 он

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Хөгжлийн банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй харьцуулбал 33.41 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 24.1.1-д заасан хязгаарлалтыг зөрчихөд ойрхон байна. 

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд үүсгэн байгуулагдсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болж, 2000 орчим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээс 5,9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 

Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 283 дугаар тушаалаар Хөгжлийн банкны дүрмийн санг 16,7 тэрбум төгрөгөөр бүрдүүлж, улмаар үе шаттайгаар нэмэгдүүлсээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 245,3 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

Гэвч Хөгжлийн банкны олгосон зээлийн багцыг өөрийн хөрөнгөтэй харьцуулахад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй хүрсэн.

2016 оны жилийн эцэс гэхэд өөрийн хөрөнгө хасах үзүүлэлттэй гарах хүндрэл үүсээд байна. 

110 сая ам.долларын үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах эрсдэлтэй

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 5,9 их наяд төгрөгийн зээлийн багцийн 54,5 хувийг буюу 3,2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн нөлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр, авлагын тооцоо үүссэн байдалтай байна. 

Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүд нь Монгол Улсын Засгийн газрын баталгаатай тул, Хөгжлийн банк үүргээ биелүүлээгүй тохиолдолд Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон 110 орчим сая ам.долларын үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэлтэй байна. 

Гадаад зах зээлээс босгосон эх үүсвэр, зээлийн эргэн төлөлтийн хуваарь

Макро эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн ханшийн огцом өөрчлөлт зэрэг нь Хөгжлийн банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Хөгжлийн банк 179.1 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдалтай байна.

Энэхүү алдагдал нь өөрийн хөрөнгийн хэмжээг бууруулж, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон бусад санхүүгийн зохистой харьцаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулна. 

Хоёр арга хэмжээ авах шаардлагатай

/Нэн яаралтай доор дурдсан арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна./

- Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын өр авлагын тооцоог эцэслэн шийдвэрлэх, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сайжруулах зорилгоор Засгийн газрын гадаад зах зээлд бонд худалдан борлуулах замаар төвлөрүүлсэн хөрөнгөөр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлсэн зээлийн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан хаах

- Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн чадавхийг үе шаттайгаар бэхжүүлэх үүднээс тус банкны өөрийн хөрөнгийн хэмжээг 1.0 их наяд хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэх