Шинэ онтой "уралдаж" хууль санаачлагчид 50 гаруй хуулийн төсөл өргөн барив
2016 он дуусах сүүлийн долоо хоногт буюу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг буюу 12 дугаар сарын 22-ноос хойш (2016.12.22-2016.12.28) УИХ-ын даргад 52 хууль, тогтоолын төсөл өргөн бариад байна.
Монгол Улсад Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд гэсэн гурван субьект хууль санаачлах эрхтэй. Дээрх хугацаанд УИХ-ын гишүүдээс 17, Засгийн газраас 31, Ерөнхийлөгчөөс 4 төсөл өргөн мэдүүлсэн байна.
Vip76.mnn сайтын “ХУУЛЬ” цэснээс УИХ-д өргөн баригдаж буй хууль, тогтоолын төслийн мэдээлэл, байнгын хороо, чуулган дээрх гишүүдийн байр суурийг тухай бүрт авах боломжтой.
Он дуусахын өмнө өргөн барьсан 52 хуулийн төслийг товч мэдээллийг хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ӨРГӨН БАРЬСАН 17 ТӨСӨЛ
1. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Санаачлагч: Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Х.Болорчулуун
Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөгдөх юм. Энэхүү хуулийн хугацааг сунгах зорилготой төсөл.
2. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир
Хөдөлмөрийн хуульд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгасан
3. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга
Санаачлагч: Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Ундармаа
Өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад орны амжилттай туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулжээ.
4 Зөвлөлдөх санал асуулгын тухай
Санаачлагч: Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Б.Батзориг, М.Билэгт, Б.Ундармаа, А.Ундраа
Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ.
5. Газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга
Санаачлагч: УИХ-ын гишүүн Л.Болд
Нийт 9 бүлэг, 55 зүйлтэй тус хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн бүтцийг хадгалах зарчмыг баримталж боловсруулсан.
6. Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн Л.Болд
Залуучуудын улстөрийн ухамсар, улстөрийн үйл байдал, чиг хандлагыг ардчилсан нийгмийн үнэт зүйлс, харилцааны шинэ хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх, зарим ардчилсан улс орнуудын жишгийн дагуу Улсын Их Хуралд залуу нэр дэвшигчдийн квотыг бий болгох, залуу үеийн улстөрийн бодит оролцоог бүрдүүлэх зорилготой
7. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн Л.Болд
Хүнийг хэлмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус, алдаа дутагдалтай үйл ажиллагаа, авилгыг илчлэх, ийм төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.
8. Гэр хорооллын хөгжлийн тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн Л.Болд
Иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор хот, суурин газарт инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээний хамтын өмчлөл бүхий бүтцийг бий болгох, гэр хорооллын хөгжил, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулах зорилготой.
9. Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоол
Санаачлагч: Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, Н.Энхболд
Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарчээ
10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай
Санаачлалагч: Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа
Олон намын төлөөлөлтэй байсан Улсын Их Хурал зөвшилцлөн гаргасан Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй төсөл боловсруулжээ.
11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн тогтоол
Санаачлагч: УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Билэгт, Б.Ундармаа
Энэхүү хөтөлбөр нь статистикийн үйл ажиллагааны дунд хугацааны зорилтыг тодорхойлсон бөгөөд статистикийн байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцсон дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг юм
12. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Оюундарь
Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан тохиолдолд өнөөдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиар зохицуулагдаагүй орхигдсон зарим харилцааг хуульчилан зохицуулах боломжтой болох
13. Баяжуулсан хүнсний тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг
Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой юм
14.“Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоол
Санаачлагч: УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулж буй татвар, хураамж нь нийт улс орон, орон нутгийн одоогийн хэрэгцээнд зарцуулагддаг болохоос уг үйлдвэртэй холбоотой эрсдлийг хүлээж буй Эрдэнэт хотын иргэд, тэдгээрийн ирээдүйд хамааралгүй байгаа юм. Иймд Эрдэнэт үйлдвэрийн хаалтын үед тус хотын экологийн орчин, хүн амын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс хамгаалахад зарцуулах зорилго бүхий санг бий болгох үүднээс дээрх тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ
15.Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол
Санаачлагч: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрүүдэд бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар тусгай дэд хөтөлбөр нэмж боловсруулах, тэдгээрийн ажил эрхлэлтийн өөр зэрэгцээ хэлбэр, орон нутгийн нөхцөлд тохирсон шинэ ажлын байруудыг бий болгох, мэргэжлийн боловсролын төрөл бүрийн сургалтын тогтолцоог бүрдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаа, төвлөрсөн засаг захиргааны нутаг дэвсгэрт өрхийн болон жижиг үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг тусгайлан байгуулах, тэдгээрт бичил уурхай эрхлэгчдэд, ялангуяа уул-геологийн нөхцөл нь хүндэрсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал нь хурцадсан газруудад ажиллаж буй иргэдэд шинээр хөдөлмөр, бичил, жижиг бизнес эрхлэх боломжийг олгох зорилтуудын хүрээнд энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ
16. Хөрөнгө оруулалтын банкны тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Б.Ундармаа
Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачилжээ
17. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн
Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан
ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН 31 ТӨСӨЛ
1. Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрыг төлөөлөлж Сангийн сайд төслийг өргөн барив
Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан байдаг. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 06 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна
2. Дотоодын цэргийн тухай
Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд хуулийн төслийг өргөн барив
Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
3. Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай Улсын Их Хурлын тогтоол
Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд хуулийн төслийг өргөн барив.
Олон улсын эрх зүйн харилцан адил байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа идэвхигүй, маш цөөн тооны иргэд оршин суудаг Индонези, Бразил улсад суугаа ЭСЯ болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон Улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус тус татан буулгаж, улсын төсвийн хүндрэлтэй нөхцөл байдалд тодорхой хэмнэлт хийх, төсвийн урсгал зардлыг бууруул
4. Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/
Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд хуулийн төслийг өргөн барив.
Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ. Уг хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах,
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд төслийг өргөн барив
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор тусгасан байна
6. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрыг төлөөлөлж Хууль зүйн сайд хуулийн төслийг өргөн барив
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр баталж, хэрэгжиж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан байгаа. Гэвч хуулийг судлан үзэхэд практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсэх магадлалтай учир нэмэлт оруулж байгаа.
7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Засгийн газрыг төлөөлөлж Хууль зүйн сайд хуулийн төслийг өргөн барив.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эд хөрөнгө өмчлөх эрхийн баталгааг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд
8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга
Засгийн газрыг төлөөлөлж Хууль зүйн сайд хуулийн төслийг өргөн барив.
хуулийн төсөл батлагдсанаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулснаар мэдээллийн аюулгүй байдал сайжирч, иргэд төрөөс шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, бүртгэлийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт сайжрах, мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, илүү ойлгомжтой бүртгэлийн үйлчилгээг иргэдэд санал болгох, бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж, хууль тогтоомж хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг ач холбогдолтой
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Засгийн газрыг төлөөлөлж Хууль зүйн сайд хуулийн төслийг өргөн барив.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн бодит шаардлага болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор уг хуулийн хэрэгжилтийн үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэв.
10. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрыг төлөөлөлж Хууль зүйн сайд хуулийн төслийг өргөн барив.
Эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа согтуу иргэд эмнэлгийн байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчих, халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг эвдэх, бусад үйлчлүүлэгчийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэдний эрхийг зөрчих, эмч, эмнэлгийн ажилтны аюулгүй байдалд эрсдэл учруулах, эрүүл мэндийн байгууллагад гэмт хэрэг гарах нөхцлийг үүсгэж байгаагаас үүдэн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, оновчтой болгох шаардлага үүсчээ. Иймд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга
Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд хуулийн төслийг өргөн барив
Иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулана.
12. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай
Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд хуулийн төслийг өргөн барив.
Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасаж 60 хувь байсан үзүүлэлт 40 хувьд хүрч буураад байгаа. Түүнчлэн эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагын үүднээс Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий хуулийн төсөл боловсрууллаа
13. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай тогтоол
Засгийн газрыг төлөөлэ Зам, тээврийн хөгжлийн сайд төслийг өргөн барив
Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилчийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 281 км төсөр замын суурь бүтцийг барьж, Хятадын хил рүү баригдаж байгаа төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж 318 км-ээр дөт болох аж.
15. Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Засгийн газрыг төлөөлэ Зам, тээврийн хөгжлийн сайд төслийг өргөн барив
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх зайлшгүй шаардлагатай.
16.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт
Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд төслийг өргөн барив
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алба хаагч тэтгэвэрт гарахдаа энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг хэрхэн тооцуулах тухай нарийвчилсан заалт оруулжээ
17. Залуучуудын тухай хууль
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 18-34 насныханд зориулагдсан эрх зүйн бие даасан анхны баримт бичиг гэдгээрээ онцлог юм. Улс орны хөгжилд залуучуудын оролцоо, хувь нэмрийг бодитой болгож, өнөөдрийг хүртэл залууст чиглэсэн бодлого, хууль батлагдаагүй явсныг эцэслэх бөгөөд цаашид нарийвчилсан зохицуулалт, эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэл болох юм.
18.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай
Хүн амын өсөлтийг дэмжих, гурав хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилгоор хэд хэдэн тодорхой зохицуулалтыг тусгажээ
19. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга
Засгийн газрын төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өргөн барив
Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчинг бий болгох зорилготой
20. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төсөл 3 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд “Байгаль хамгаалах сан” гэснийг “Байгаль орчин, уур амьсгалын сан” гэж өөрчлөн, 2 дугаар зүйлд Байгаль хамгаалах сан олон улсын байгууллагаас санхүүгийн эх үүсвэр татах учраас бусад орлого гэж тодорхойлон, 3 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаарх зохицуулалтыг тусгажээ.
21.Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоол
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршдог Хэнтий хан уулыг “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр бүртгэн, баталсан аж. Иймд Монгол Улс Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /B=48º45’43.3844, L=109º00’36.1315/ солбицолд байгаа д.т.д. 2361,5 м-т орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэрээр буюу Бурхан халдун уул болгож өөрчлөх шаардлага үүсчээ
22.Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга
Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өргөн барив
Монгол Улсын Их Хурлаар 2003 онд батлагдсан “Биеийн тамир, спортын тухай хууль”-д 2007, 2009, 2012, 2016 онд нэмэлт, өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтолцоог боловсронгуй болгох, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг спортын төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд нийгмийн бусад салбар, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байна.
23.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай
Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд төслийг өргөн мэдүүлэв
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг өргөжүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг хангах зорилгод нийцүүлэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг шинээр боловсруулжээ.
24. Мал, амьтны эрүүл мэндийн тухай
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан малын удмын санг хамгаалахтай холбогдсон харилцааны хамрах хүрээг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлттэй уялдуулан, малын генетик нөөцтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулжээ
25. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай
Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга төслийг өргөн мэдүүлэв
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна.
26.Өргөн нэвтрүүлгийн тухай
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий телевиз Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1, орон нутагт 50 байгаа бөгөөд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байна
27.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын хэмжээний томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд хэрэгжүүлж байгаа төслийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч бүтээн байгуулалтын ажил хуульд заасан 2 жилийн хугацаанд хийгдэж амжихааргүй байгаа тул үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан татвар төлөх хугацааг дахин 2 жил хүртэл хугацаагаар сунгах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн төслийг санаачилсан.
28.Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд төслийг өргөн мэдүүлэв
Усан замын тээврийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүн хүчний тоог нэмэгдүүлэх, гол, мөрөн, нуурын эрэгт усан замын эргийн хамгаалалтын нэгж байгуулах, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Усан замын тээврийн тухай хуульд болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зайлшгүй оруулах шаардлагатай
29. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга
Хуулийн төсөлд Авто замын сүлжээний хөгжлийг төлөвлөх, оновчтой удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор төрийн байгууллагуудаас авто замыг хөгжүүлэхэд баримтлах зарчим, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгон тусгалаа. Тухайлбал “Авто замын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх” гэсэн хоёрдугаар бүлэгт Засгийн газар, Авто замын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх үүргийг тодорхой болгон зааж өгсөн юм байна.
30.Үндэсний төлбөрийн системийн тухай
Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд төслийг өргөн мэдүүлэв
Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжих, систем хоорондын харилцан зохицолдоог хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн өрсөлдөөнт орчинг бий болгох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнийг олон нийтэд ойртуулах замаар Үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн төлбөрийн үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 11 бүлэг, 49 зүйлтэй юм
31. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субьектын харъяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй томьёолсон, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй гэх зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байгаа юм байна. Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийг нэг мөр ойлгох, хууль ёсны зарчимд илүү нийцүүлэх, практикт хэрэгжихүйц байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨРГӨН МЭДҮҮЛСЭН 4 ТӨСӨЛ
Хуулийн төслүүдийн Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барив
1 Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зорьжээ.
2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий хуулийн төсөл 11 бүлэг, 54 зүйлтэй.
3. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хуулийн төслүүдийн Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барив
Түүнчлэн хариуцлагатай албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог нь мэдлэг, туршлага, ур чадвартай, мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгааг үндэслэн санаачилсан.
4. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай
Иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, Улсын Их Хурлын болон өөрийн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах нарийн тодорхойлсон механизмыг бүрдүүлэх зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгасан байна