БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2017.03.13

Шинжлэх ухааны салбарын хууль, эрхзүйн орчны шинжилгээ судалгааны тайланг БСШУСЯ хүлээн авлаа

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ” судалгааны тайланг БСШУС-ын сайд Ж.Батсуурьт  танилцуулж, хүлээлгэн өглөө. 
Тус судалгааг БСШУС-ын сайдын даалгавраар ШУА-ийн философийн хүрээлэнг түшиглэсэн судалгааны баг 2016 оны арванхоёрдугаар сарын 14-өөс 2017 оны нэгдүгээр сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны багт тус хүрээлэнгийн хууль эрх зүй, улс төр, социологийн мэргэжлийн судлаачид, УИХ-ын судалгааны албаны судлаач, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын  мэргэжилтэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хуулийн мэргэжилтэн зэрэг хүмүүс ажиллажээ. Судалгааны багийнхан “Тус судалгаа нь шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад чухал ач холбогдолтой мэдээлэл болсон” гэв. 
Судалгааны төслийн багийг академич Г.Чулуунбаатар, доктор Д.Батмөнх нар удирдаж, академич С.Нарангэрэл  зөвлөхөөр ажиллажээ. Судалгаа нь шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ, салбарын хууль эрх зүй орчин, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн талаарх экспертүүдийн үнэлгээ, санал, дүгнэлт гэсэн үндсэн хоёр  чиглэлээр хийгдсэн байна.