60 судалгааны төсөлд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан
2016.12.14

60 судалгааны төсөлд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан

2016 оны 12 сарын 16-ны УИХ-ыннэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийнэ.

Уг мэдээлэлд “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөр, “Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Ижилсэх түншлэлийн хөтөлбөр” зэргийг энэ дөрвөн жилд хэрэгжүүлэхээр болсноо дурдах юм. Үүнээс онцлон “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөрийн гол зорилго, зарцуулах санхүүжилтийн мэдээллийг хүргэж байна. 

2016-2017 оны хичээлийн жилд 95 дээд боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагаа явуулж байгаагийн 17 нь төрийн өмчийн, 74 нь төрийн бус өмчийн, 4 нь гадаадын их сургуулийн салбар байна. Эдгээр их, дээд сургуульд нийт 157 мянга гаруй оюутан суралцаж байгаагийн 91 мянга нь төрийн өмчит сургуульд суралцдаг.

Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь олон улсын болоод өөрийн орны холбогдох бодлогын баримт бичигт тусгасан зорилтуудтай уялдуулж, цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн мэдээлэлдээ онцлох юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дээд боловсролын салбарт хэрэгжих 9 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү хөтөлбөр нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн оролцоог нэмж, судалгааны үр дүн, ач холбогдлыг практикт нэвтрүүлэх, улмаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах зорилготой юм. Эхний ээлжинд 5 сургуулийн сургалтын орчин, нөхцлийг сайжруулах үүднээс 485 сая төгрөг зарцуулахаар болсон байна. Цаашлаад байгалийн ухаан, инженер, технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн 60 судалгааны төсөлд 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм.

Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Герман-Монголын ашигт малтмалын технологийн их сургуулийг байгуулах бөгөөд тус сургуулийн барилга барихад шаардагдах 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг Герман улсаас авахаар болжээ.