Ж.Батсуурь: Шинжлэх ухааныг жам ёсоор нь хөгжүүлж байж л үр шимийг нь хүртэнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бий. Энэ салбарыг хөгжүүлэхэд яаж анхаарах вэ?
Манай яаманд чиг үүргээрээ хамаарагддаг нийгмийн дөрвөн том салбарын нэг нь шинжлэх ухааны салбар юм. Аливаа улс орны хөгжлийн гол суурь нь шинжлэх ухаан байдаг. Иймээс мэдлэгт суурилсан эдийн засаг бүрэлдэн тогтох нөхцөлийг бий болгохын тулд шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна. Хүн ам цөөтэй, эдийн засгийн хувьд жижиг Монгол шиг оронд хийж байгаа судалгааны ажил оновчтой байх асуудал юу юунаас чухал.
Ийм учраас онолын хувьд онц сонирхолтой, практик өгөөж өндөртэй судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд судлаачдыг дэмжсэн бодлого явуулна. Шинжлэх ухааны салбараас ирэх он жилүүдэд баримтлах бодлогыг судалгааны ажлын түвшинг дээшлүүлэх, үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх хэмээн товчхон тодорхойлж байна.
-Мэдээж, хамгийн түрүүнд хуучин хуулиудыг шинэчлэх, эрх зүйн орчинг сайжруулах ажлуудыг хийх байх?
Аливаа нийгэм хууль, эрх зүйн орчин нь сайн байж хөгжиж дэвждэг. Шинжлэх ухааны салбарт ч адил. Өнөөдрийн байдлаар эл салбарын эрх зүйн баримт бичгүүд болох Шинжлэх ухаан, технологийн таггаар төрөөс баримтлах бодлого, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Инновацийн тухай хууль, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007 - 2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр зэрэг нь харьцангуй сайн боловсрогдсон.
Ойрын үед Төрөөс шинжлэх ухаан. технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг боловсруулан засгийн газарт оруулж батлуулах ажилхийгдэнэ. Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008 -2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж дууссан тул шинэчлэх шаардлагатай байгаа. Инновацийн тухай хуулийн Шинжлэх ухааны парктай холбогдох хэсгийг бие даасан хууль болгон гаргах шаардлага байна. Дээд боловсролын хуульд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд магистр, доктор бэлтгэх бололцоо олгосон заалт оруулан өөрчлөх боломжийг судлан шийдвэрлэнэ.
-Та судлаачдыг дэмжсэн бодлого баримтална гэлээ. Судалгааны ажил хийхэд хөрөнгө мөнгө нь улсын төсвөөс гардаг уу?
Олон улсын жишгээр судалгааны ажлыг хэн санаачилж, хэрэгжүүлж байгаа байдлаар нь судлаачдын дэвшүүлсэн, төр засаг, бусад газраас захиалсан гэж хоёр ангилдаг. Эдгээр хэлбэрүүд нь манай шинжлэх ухааны салбарт хоёулаа байгаа. Шинжлэх ухааныг, ялангуяа онолын судалгааг эрчимтэй хөгжүүлж байж л улс орон хөгжин цэцэглэдэг. Онолын суурь судалгааг олон жилийн турш тогтвортой, санхүүгийн тууштай сайн дэмжлэгтэй, оновчтой сайн хийж гүйцэтгэж байж үр дүнг нь үздэг.
Зарим онолын судалгааны ажлын үр дүн олон арван жилийн дараа бодит хэрэглээнд нэвтрэх нь ч бий. Дэлхий даяар онолын судалгааны ажлыг оновчтой болгож өндөр түвшинд гаргах чиглэл баримталж байна. Бид ч улс орны төр засгийн бодлого, эдийн засгийн байдал, тогтвортой хөгжлийн урт хугацааны хөтөлбөрүүд зэргийг үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр томоохон үр дүнд хүрэхүйц судалгааны ажлыг эрчимтэй хөгжүүлэх бодлого, чиг шугам баримтлах болно.
Ингэхдээ судалгааны ажлын үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмыг баримтлан, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэж, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг ханган ажиллах болно. Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журамд заасан суурь судалгааны төслийг судлаач санаачлан дэвшүүлдэг буюу хувь судлаачийн академик эрх чөлөөг эрхэмлэсэн онолын судалгааны төсөл гэж үзэж болно.
Харин уг журамд заасан хөтөлбөрийн зорилтот, захиалгат, цөм технологийн болон инновацийн төслүүд бол төр засгаас санаачлан хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэн судлаачдадаа санал болгож буй хэрэглээний судалгааны төсөл юм. Өндөр хөгжилтэй оронд төсвөөс шинжлэх ухаанд зарцуулж байгаа хөрөнгө мөнгөний дийлэнх хэсгийг онолын судалгааны ажилд зориулж, хэрэглээний судалгааны зардлыг хувийн хэвшлийнхэн дангаараа шахуу гаргадаг.
Өнөөдрийн байдлаар манай улс төсвөөс гаргасан шинжлэх ухааны зардлын 23 хувийг онолын судалгааны ажилд, 77 хувийг нь хэрэглээний судалгаанд зарцуулж байна. Бидний онолын гэж үзэж тооцож байгаа суурь судалгааны төслийн нэлээд нь хэрэглээний судалгааны шинж чанар агуулж байдгийг энд бас дурдмаар байна. Иймэрхүү хэрэглээний судалгааг түлхүү санхүүжүүлсэн дүр зураг буурай хөгжилтэй болон хуучин социалист системийн орнуудын шинжлэх ухааны салбарт ер нь нийтлэг ажиглагддаг.
Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, шаардлага, шинжлэх ухааны хөрөнгө оруулалт, санхүүжилт, боловсон хүчин, дэд бүтэц зэргээс харахад хэрэглээний судалгаанд төр засгаас дэмжлэг үзүүлж буй дээрх хэмжээг буюу 77 хувийг нэг хэсэгтээ үргэлжлүүлэх нь зүйтэй. Харин захиалагч төрийн байгууллагууд хэрэгцээтэй, алсыг харсан, судалгааны ажил зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай төсөл захиалж, гүйцэтгүүлэх, дараа нь үр дүнг бүрэн дүүрэн ашиглаж байх нь маш чухал.
Энэ тал дээр БСШУС яам онцгойлон анхаарч ажиллах болно. Ингэхдээ хэрэглээний судалгааны ажил хийж гүйцэтгэх явцад онолын судалгааны шинэ санаа, оноо гарах ч явдал цөөнгүй байдгийг анхааралдаа авна. Улсын төсвөөс санхүүжүүлж байгаа эрдэм шинжилгээний ажлын зардлыг тогтмол нэмэгдүүлэхийн хамт хэрэглээний судалгаанд зарцуулах хувийн хэвшлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллах болно.
Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагуудад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, захиалгат, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх таатай орчинг бүрдүүлнэ. Судлаач өөрөө санаачлан дэвшүүлж, журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод тэнцвэл хийж гүйцэтгэдэг, академик эрх чөлөөнд тулгуурласан, олон шинжлэх ухааны салбар хамардаг суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг салбар, салбарын эрдэмтдийн оролцоотой, өргөн бүрэлдэхүүнтэй бүтцээр хэлэлцүүлэх нь оновчтой.
Мөн шинжлэх ухаан, технологийн төслийн тайланд буурьтай үнэлэлт дүгнэлт өгөх явдал хангалтгүй байсаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, хувийн хэвшил, төрийн тэнцвэртэй төлөөлөл бүхий Шинжлэх ухааны академийн бага чуулганыг татан оролцуулж ч болох юм.
-Судалгааны ажлын үр дүнг яаж тооцдог юм бэ. Шууд амьдрал дээр хэрэгжээд эхэлнэ гэж байхгүй биз дээ?
Судалгааны ажлын үр дүн эхний ээлжинд эрдэм шинжилгээний өгүүлэл, төслийн тайлан хэлбэрээр гарч ирдэг. Эдгээрт шинэ нээлт, онолын тайлбар, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээний тухай мэдээлэл агуулдаг. Эрдэм шинжилгээний өгүүллийг аль болох гадаадын нэр хүндтэй “Импакт фактор” бүхий сэтгүүлд хэвлүүлэх нь судалгааны ажлын сайн үр дүнгийн илэрхийлэл юм. Манай улсад гадаадын нэр хүндтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлдэг судлаачдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаагийн зэрэгцээ их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд тэдгээр эрдэмтэн, судлаачдаа урамшуулж эхлээд байна. Бид энэхүү ажлыг бүхий л талаар дэмжин ажиллана.
Судалгааны ажил нь үндэсний эрдэмтдийн чадамжийг оновчтой ашигласан, олон улсын шинжлэх ухааны түвшинд хүрсэн байх учиртай. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн, улс орны хөгжлийн стратеги, бодлоготой уялдуулан тодорхойлж хөгжүүлнэ. Монгол Улсад өөртөө тохирсон оновчтой судалгаа, шинжилгээний ажил хийж, шинжлэх ухааныг хөгжүүлэх чадавхийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана.
-Шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц уялдаа холбоо муутай гэж шүүмжлүүлдэг. Танд ч энэ талын санал ирдэг байх. Үүнийг өөрчлөх үү?
Аливаа зүйлийг өөрчлөн шинэчлэхдээ үндэслэл, тооцоог сайн гаргаж, учирч болзошгүй эрсдлийг зөв тогтоож байж эхний алхмаа хийх ёстой. Алдаатай, хүсэн хүлээсэн үр дүн авчраагүй, бүтцийн өөрчлөлтүүд салбар, цаашлаад улс орныг хэцүүхэн байдалд оруулах эрсдэлтэй. Засгийн газраас шинжлэх ухааны байгууллагуудыг зөв бүтэцтэй болгон эрчимтэй хөгжүүлэх зорилгоор 1997, 2015 онуудад салбарт бүтцийн томоохон өөрчлөлт хийсэн. Эдгээр өөрчлөлт шинжлэх ухааны салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог хөгжпийн чиг хандлагад нийцүүлсэн, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг олон улсын жишигт хүргэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болсон нь одоо харагдаж байна.
Бүтцийн өөрчлөлт хийсэн нэг томоохон шалтгаан нь их сургууль дээр л шинжпэх ухаан хөгждөг, өөр газар хөгждөггүй, сургалт эрдэм шинжилгээний ажил хол хөндий байна гэсэн өнгөц, өрөөсгөл ойлголтоос үүдэлтэй. Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний дөрвөн том хүрээлэн ХААИС-ийн харьяанд ажилладаг ч тэнд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын мэдлэг, чадвараараа хөдөө аж ахуйн шинжпэх ухаан хөгжиж байгаа бөгөөд их сургуулийн харьяанд байгаа хэдий ч судалгааны ажил нь илүү өндөр түвшинд гараагүй гэдэгбодит үнэн билээ.
Дээр дурдсан их сургууль, хүрээлэнгүүд “нэг дээвэр” дор байгаа мөртлөө тэдгээрийн судалгаа, сургалтын ажил төдийлөн сайн уялдаж нягт хамтран ажиллаж чадахгүй байна. Гэтэл өөр өөрийн удирдлагатай, тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа МУИС-ийн газарзүйн болон хатуу биеийн физикийн шинжлэх ухааны салбарынхан ШУА-ийн Геоэкологи, газарзүйн хүрээлэн болон Физик технологийн хүрээлэнтэй бүхий л талаар хамтран амжилттай ажиллаж байгаа сайхан жишээ байна. Хойшид ийм л амьд, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох учиртай, үүнд чиглэсэн санал санаачилгыг дэмжиж ажиллана.
-Их, дээд сургуулиудтай ШУА хамтарч ажиллахаас гадна өөр бүтэц, хэлбэр байж болох уу?
Дэлхийд шинжлэх ухааныг их сургуулиас гадна нийгэмлэг хэлбэрээр хөгжүүлж байгаа Герман, шинжлэх ухааны академийн хэлбэрээр хөгжүүлж байгаа Хятад, Австри, Тайвань зэрэг орнуудыг энд зориуд цохон тэмдэглэмээр байна. Солонгос улс эхлээд судалгааны ажил хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэн болох Солонгосын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (Korean institute of science and technology) байгуулж улс орондоо шинэ технологи боловсруулан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ үйлчилгээ бий болгон хөгжүүлээд дараа нь их сургуулиуддаа хөрөнгө оруулалт хийж судалгааны их сургууль болгон хөгжүүлсэн жишээг энд дурдаж болох юм.
Ер нь дээрээс захиргаадан, механикаар хийсэн бүтцийн өөрчлөлт үр дүнгүй хиймэл, амьдралд нийцэхгүй ажил болоод байгаа билээ. Гэхдээ одоо тогтвортой байдлыг эрхэмлэн сүүлийн бүтцийн өөрчлөлтөөр байгуулагдсан хүрээлэн, төвүүдийг аль болох тогтвортой ажиллуулах бодлого баримтална. Энэ бүхнийг дүгнэн цэгнээд шинжлэх ухааныг бүтцийн өөрчлөлт хийх замаар биш, харин явуулж буй төр засгийн бодлого, бодлогын илэрхийлэл болох менежмэнт, судалгааны төслийн сонгон шалгаруулалт, эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт зэргээр нь удирдан зохион байгуулах, зохицуулах нь зөв зүйтэй юм.
-Ер нь манайд шинжлэх ухааны хичнээн хүрээлэн, судлаач байдаг юм бол?
Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан ШУА-ийн харьяаны 10, ХААИС-ийн 4, МУИС-ийн 2, ШУТИС-ийн 2, АШУҮИС- ийн 1, БСШУС яамны харьяа 2, ЭМ яамны харьяа 1, ЗГХЭГ- ын харьяа 1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяаны 1, нийт 24 хүрээлэнд 1526 эрдэм шинжилгээний ажилтан (full time researcher) ажиллаж байна. Их сургуулиудын 1400 гаруй багш хичээл заахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд оролцож, .судалгаа хийж байна.
Үүнээс гадна хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагад бас нэлээд тооны эрдэмтэн, судлаачид ажилладаг.Манай оронд нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо ойролцоогоор 570 орчим байна. Тэгвэл 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо АНУ-д 4600, Японд 5500 байна. Дэлхийн дундаж ойролцоогоор 1500 юм байна. Бид эрдэм шинжилгээний ажилтны тоогоо судалгааны ажлын цар хүрээ, хэрэгцээ шаардлагаас хамааруулан дэлхийн дунджид ойртуулах, тэргүүлэх эрдэмтдийн тоог нэмэгдүүлэх чиглэл барина. Манай эрдэмтэн судлаачдын доторх эрдмийн зэрэг цолтой хүний тоо, тэдгээрийн чанар чансаа ерөнхийдөө гайгүй сайн боловч дэлхийн хэмжээний тэргүүлэх эрдэмтэн цөөн байна.
Өнөөдрийн шинжлэх ухааны салбарын боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэж байгаа хэлбэрийг цаашид ерөнхийд нь хадгалан, дотоодод магистр, доктор бэлтгэх үйл ажиллагааны чанарыг сайжруулахдаа судалгааны ажилтай нь нягт уялдуулах бодлого барих болно. Ер нь манай улсад шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүний нөөц хязгаарлагдмал учраас эрдэмтэн судлаачдын чадавхи, бүтээлч байдлыг сайжруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллана.Тэргүүлэх эрдэмтдийг бүхий л талын бодлогоор дэмжинэ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдыг эх орныхоо судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах талаар санал санаачилга гарган ажиллана.
-Шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийхэд санхүүжилт хүрэлцдэг үү. Хэр их мөнгө төсөвлөдөг вэ?
Шинжлэх ухааны санхүүжилт 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30.5 тэрбум төгрөг байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.16хувь хувь болно. Үүнээс 9,1 тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд буюу нийт 432 төсөлд, бусад хөрөнгө мөнгийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэрэгт зарцуулж байна. Өндөр хөгжилтэй АНУ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ(ДНБ) 2.7 хувь буюу 473.4 тэрбум доллар.
Хятад улс ДНБ-ийхээ 2.1 хувь буюу 409 тэрбум доллар, шинжлэх ухаанаа хөгжүүлж үр шимийг нь хүртэж байгаа жижиг Израйл улс ДНБ- ийхээ 4.1 % буюу 11.2 тэрбум доллар зарцуулж байхад манай улс ДНБ-нийхээ 0.16% буюу 15 сая орчим доллар зарцуулж байгаа нь шинжлэх ухаанаа эрчимтэй хөгжүүлэх боломж, бололцоогоор хангаж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь маш бага санхүүжилт учраас аль болох нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж ажиллана.
Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг хөгжингүй орнуудын дундаж хэмжээнд хүргэхийг зорино. Шинжлэх ухаан, технологийн салбарт санхүүжилт, хөрөнгө оруулалтын олон эх үүсвэрт механизмыг төлөвшүүлэх талаар санаачлага гарган ажиллана. Ингэж шинжлэх ухаанд зарцуулах зардалыг бүхий л аргаар нэмэгдүүлэхийг зорин ажиллахын зэрэгцээ төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагуудад засгийн газраас баталсан эрдэм шинжилгээний ажилтны тоог харгалзан холбогдох хууль, дүрмийн дагуу суурь санхүүжилт олгоход чиглэсэн ажлыг эхлүүлнэ. Ингэж бид эрдэмтэн судлаачдаа судалгааны ажлаа тасралтгүй хийх санхүүгийн бололцоо нөхцөлөөр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
-Хувийн хэвшлийнхэн бас энэ салбарт хөрөнгө оруулаад эхэлсэн нь сайшаалтай санагддаг...
Сүүлийн үед манай хувийн хэвшлийнхэн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж судалгааны ажил санхүүжүүлэх боллоо. Жишээлбэл, Монос группын Эм судлалын хүрээлэн, Тайж группын Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн Само институт, Монхимо ХХК-ийн Эрдэм шинжилгээ, туршилтын төв зэрэг хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааны ажил хийж гүйцэтгэн шинэ технологи боловсруулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна.
-Шинжлэх ухааны салбарт гадны хөрөнгө оруулалт хэр байдаг вэ?
Сүүлийн жилүүдэд төрийн өмчит томоохон их сургуулиудад улсын төсвөөс болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд 2015-2016 онд судалгааны 73 төслийг 2,165 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэний зэрэгцээ 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор хийж нилээд хэдэн лабораториуд байгуулсан байна.
Бид одоо сүүлийн 30 жил хөрөнгө оруулалт бараг хийгээгүй төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хөрөнгө оруулах асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Шинжлэх ухааны салбарт онд хөрөнгө оруулалт байхгүй байсныг өөрчлөн 2017 онд 1 тэрбум орчим төгрөг болгон нэмэгдүүлж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хөрөнгө оруулалт хийхийн өмнө түрүүчийн хийсэн хөрөнгө оруулалтаар их сургуулиудад байгуулсан лаборатори, худалдан авсан багаж, тоног төхөөрөмж болон тэдгээрийн үйл ажиллагаа, ашиглалтыг хянан үзэж үнэлэлт, дүгнэлт хийгээд тэдгээр лаборатори, багаж, тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай нь давхардуулахгүйгээр дараагийн хөрөнгө оруулалтыг уялдуулан зохицуулах хэрэгтэй байна.
Ингэж хөрөнгө оруулалтыг хийвэл бид хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна өндөр үнэтэй багаж, төхөөрөмжийн ашиглалтыг ч сайжруулах болно. Сайн бодож төлөвлөж байгаад хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийхэд нийтдээ 20 сая америк доллар шаардагдах юм гэсэн ойролцоо тооцоо бидэнд бий. Хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гадна гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллага зэргээс зээл, тусламжийн хэлбэрээр олж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар санаачлага гарган ажиллана.
Түүнчлэн мал эмнэлэгийн хүрээлэнгийн барилга, судалгааны лабораторийн барилга, биологийн идэвхит бэлдмэлийн үйлдвэрлэл, туршилтын цехийн барилгын ажлууд хийгдэж байна. Салбарын хэмжээнд барилга засварын ажилд 500 сая төгрөг зарцуулжээ.Харин хөрөнгө оруулалт энэ жил хийгдсэнгүй.
-Шинжлэх ухааны дэд бүтцийн тухай их яригддаг. Энэ талаар?
Шинжлэх ухаан өөрийн гэсэн өвөрмөц дэд бүтэцтэй ба бид тийм дэд бүтцийг бий болгохыг хүснэ. Орчин үед мэдээлэл, тэр тусмаа шинжлэх ухааны мэдээлэл маш чухал зүйл. Манай судлаачид дэлхийн бусад орны эрдэмтэн судлаачдын адил шинжлэх ухааны шинэ мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай хүлээн авч ашигладаг байх нь их чухал. Бид одоогийн байдлаар шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдийг биет байдлаар нь худалдан авч чадахгүй байгаа. Харин эрдэмтэн судлаачдад зориулсан SPRING-ER HINARI,OARE, AGORA гэх мэт мэдээллийн сангуудын зарим эрдэм шинжилгээний өгүүллийг бүрэн эхээр нь ашиглаж байна.
Иймэрхүү шинжлэх ухааны шинэ мэдээллийг хөнгөлөлттэй хямд аргаар олж авдаг хүчин чармайлтыг дэмжин ажиллана. Үүний зэрэгцээ манай эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанар чансааг сайжруулах талаар ихээхэн анхаарал тавин ажиллаж зарим нь нэлээд гайгүй түвшинд хүрээд байна. Mongolian journal of biological sciences, Mongolian journal of Chemistry, Mongolian journal of agricultural sceinces, Mongolian journal of international affiars, Proceedings of the Mongolian academy of sceinces, Mongolian journal of health sciences зэрэг сэтгүүлүүдийн зарим нь Impact factor-той болоход тун ойртсон байгаа.
Эдгээр сэтгүүлүүд дээр гарсан эрдэм шинжилгээний өгүүллийг бусад орны эрдэмтэн судлаачид ишилж эхлээд байна. Энэ бол бас чамлахааргүй амжилт юм. Эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжин тэлэхийн хэрээр манай орны судалгааны лабораториудын багаж, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний асуудал тулгамдсан асуудлуудын нэг болж ирж байна. Эрдэм шинжилгээний багаж, тоног төхөөрөмж засварладаг, зохион бүтээдэг үйлдвэр, цех байгуулах шаардлага ч урган гарч байна.
-Монголын шинжлэх ухааны академийнхан гадны байгууллагуудтай хэр хамтын ажиллагаатай байдаг бол?
Шинжлэх ухаан судалгааны ажлын хөгжлийн үе шатыг оролцоогоор нь ганц хүний, байгууллагын, үндэсний гэж ангилан үздэг. Орчин үед гадаад хамтын ажиллагааг судалгааны ажлын хөгжлийн дөрөв дэх үе буюу үндэстэн дамнасан судалгааны ажил гэж үздэг болоод байна. Өнөөдрийн байдлаар манай улс ОХУ-тай 26, БНХАУ-тай 6, Беларусь улстай 4, Тайваньтай 4, БНСВУ-тай 2 төсөл тус тус хэрэгжүүлж байна. Хамгийн олон 26 төсөл хэрэгжүүлж байгаа улс бол ОХУ юм. Энэ нь олон жилийн уламжлалт хамтын ажиллагааны үргэлжлэл учраас ийм байх нь аргагүй юм.
Харин шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд болох АНУ, Англи, Герман, Япон зэрэг улсуудтай шинжлэх ухааны салбарт төдийлөн сайн хамтран ажиллаж чадахгүй байна. Эдгээр улсуудтай хамтран ажиллах талаар идэвх санаачилга гарган ажиллана. Гадаадын шинжлэх .ухааны сангуудаас төсөл бичиж авах талаар сургалт, семинаруудыг тогтмол зохион байгуулна. Гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх, хамтарсан лаборатори байгуулах, хурал зөвлөлгөөн зохион байгуулах зэргээр гадаад хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ.
Цаашид манай улс гадаад хамтын ажиллагааны хүрээнд судалгааны ажлын онолын түвшинг дээшлүүлэх, шинжлэх ухааны ирээдүйтэй шинэ салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнээ дадлагажуулах, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд түлхүү анхааран ажиллана.
-Шинжлэх ухааны парк байгуулахын ач холбогдлыг та юу гэж үздэг вэ?
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, өндөр технологийн судалгаа хөгжил, инновацийн үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх зорилтуудыг тусгасан. Эдгээр зорилтуудыг хангахад чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих үүрэг бүхий “Шинжлэх ухааны парк" байгуулах шаардлагатай байна.
Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны салбарт хийж гүйцэтгэсэн судалгааны ажлыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд онолын судалгааны үр дүнгээр дэлхийн шинжлэх ухааныг шинэ мэдлэг, мэдээллээр баяжуулахын зэрэгцээ хэрэглээний судалгааны ажил хийж гүйцэтгэн олон арван шинэ технологи боловсруулсан, шинэ техник зохион бүтээсэн байна.
Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаж байгаа байдал, ирээдүйн чиг хандлага зэргийг үнэлж цэгнэж үзээд манай судлаачдын нэгэнт бий болсон технологиудыг ашиглах, гадаадын өндөр технологийг нутагшуулан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ үйлчилгээ бий болгох зорилгоор эх орондоо шинжлэх ухааны парк байгуулах нь энэ салбарын өнөөдрийн нэн тэргүүний зорилго болоод байна.
Хэдийгээр шинжлэх ухааны парк байгуулах ажил нь оюун ухаан, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан нүсэр ажил боловч ирээдүйд улс орны эдийн засгийг олон тулгууртай болгон оюуны багтаамжтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ нийслэл хотын хэт их төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт шинэ эко хот байгуулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудал шийдсэн их бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн хурдасгуур болгохоор бид энэ ажлыг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй болоод байна.
Шинжлэх ухааны паркийг бид шинэ технологи ашиглан, нутагшуулан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулдаг гарааны компаниудаас гадна энэхүү компаниудыг ажиллуулахад нэн шаардлагатай дэд бүтэц болох шинжлэх ухааны паркийн захиргаа, банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагууд, технологийн инкубатор, технологи дамжуулах төв, лаборатори, хүрээлэн, багаж тоног төхөөрөмж засварлах, зохион бүтээх цех зэрэг шаардлагатай байгууллагуудтай нь байгуулах ажил бас эхлүүлээд байна.
Шинжлэх ухааны паркийг Монгол Улсад байгуулах асуудлаар Монгол Улсын БСШУС-ын сайд БНХАУ-д сая хийсэн айлчлалынхаа үеэр Хятад улсын ШУТЯ-ны сайд, дэд сайд болон Шанхай хотын дарга нартай уулзаж ярилцав. Хятад улсын хөрөнгөөр байгуулсан хамтарсан лабораторийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх талаар санал солилцов. Мөн Хятадын тал Өвөр Монголын өөртөө засах орноор дамжуулан шинэ технологийг зүгшрүүлдэг, туршдаг Монгол - Хятадын хамтарсан технологийн инкубатор, шинэ технологиудыг дамжуулдаг, нутагшуулдаг Монгол - Хятадын хамтарсан технологи дамжуулах төв зэргийг хөрөнгө мөнгө гарган байгуулж өгөх, боловсон хүчнийг дадлагажуулахад туслах, Хятад улсын ШУТЯ-наас зөвлөх баг ажиллуулахаар болсон нь бидэнд ихээхэн тус дэм болох болно.
Энэ нь манай орны гадаадад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид гарааны компаниуд байгуулан ажиллуулахаас гадна гадаадын эрдэмтэн судпаачид ч ирж ажиллаж болох олон улсад нээлттэй парк болох боломж олгох юм. Манай эрдэмтэн судлаачдын бий болгосон технологиудыг ашиглан гумины бордоо, үрийн буудай үйлдвэрлэх, ээдэмцрийг иж бүрэн ашиглах, уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээ, эм, эмнэлгийн цогцолбор барих зэрэг туслалцаа дэмжлэг хүсэж байгаа олон арван гарааны компаниуд, зэхэж бэлдсэн ажлууд байгаа.
Ийм учраас төр засгийн үүрэг нь гарааны компани, технологийн инкубатор, технологи дамжуулах төв улмаар шинжлэх ухааны парк байгуулж ажиллуулах аятай таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд оршино. Шинжлэх ухааны парк барьж байгуулах замаар бид дэлхийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглан оюуны баггаамж өндөртэй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шинэ үйлчилгээ үзүүлдэг орон болж улс орныхоо эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Шинжлэх ухааныг зүй тогтол, ном, голдрилын дагуу хөгжүүлэхийг зорин ажиллана.