Өнгөрсөн онд 730 орчим мянган иргэн төр, засагт ханджээ
2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм.
65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн дүн гарчээ.
Өнгөрсөн онд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад иргэдээс 234 534 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснээс 231 085-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.5 хувийн үзүүлэлттэй байна.
Харин аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 495 111 иргэн хандсаны 485 690-ийг нь хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Энэ нь 98.1 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм.
Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд хамгийн их өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авсан байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар хүсэлт гарган ханджээ.
Товч мэдээ
- “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч хөрөнгө нь улсын төсөвт тусгагдаагүй арга хэмжээнүүдийн судалгааг гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх санал боловсруулахыг сайд нарт үүрэг болголоо.
- Ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлвөө тодорхойлно. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх юм. Манай тал Италийн өндөр технологийг боловсруулах салбарт нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гуравдагч зах зээлд гаргах зэрэг санал тавихаар төлөвлөжээ.
- Нийслэлийн газрын мэдээллийн санг улсын солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллага, удирдах албан тушаалтанд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.