Д.Очирбат: Хорт хавдрыг эмчилдэг эм гарч байгаа юм байна
2017.03.31

Д.Очирбат: Хорт хавдрыг эмчилдэг эм гарч байгаа юм байна

Монгол-Америкийн парламентын шугамаар эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзлаа. Хавдар өвчнийг анагаахад гарсан шинэ нээлт, эм гарч буй талаар ярилцсан юм.


-Юуны өмнө танаас явсан газрын сонинг сонсмоор байна?

-Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Г.Занданшатартай парламентын шугамаар АНУ яваад сая ирлээ. Ажлын хэд хэдэн зорилго, төлөвлөгөөтэй явсан. АНУ-ын Стэнфордын их сургууль дээр таван орны Төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөллүүд хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Энэ уулзалтад Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй өнөөгийн асуудлуудаар Монголыг төлөөлж би илтгэл тавьсан. Дэлхийн шилдэг эрдэмтэд болох Стэнфордын их сургуулийн 50 эрдэмтэнтэй уулзах завшаан гарсан.

Тухайлбал, монголчуудын сайн мэддэг элэгний С вирусийг устгах “Харвони” эмийг гаргасан эрдэмтний нэг Жепри Глейнтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа. Манай улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай сайн хэрэгжиж байгаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах, элэгний С вирусийг устгадаг “Харвони” эмэнд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил тусгагдсан нь бий. АНУ-ын “Гилеад Сайнсес” компанид үйлдвэрлэгддэг, элэгний С вирусийн дөрвөн төрлийн “Харвони” эм маш үр дүнтэй гэдгийг манай монголчууд сайн мэдэж байгаа байх.

Манай улс гурван сая хүн амтай. Судалгаагаар хүн амын 430 мянга нь элэгний ямар нэгэн вирусийн өвчлөлтэй байна. Үүнээс 200 гаруй мянган хүн B вирустэй, 150 мянган хүн С вирустэй. В вирусийн 60 хувьд нь D вирус буюу Дельта вирус хавсарсан байна. Дельта вирустэй бол хорт хавдар руугаа шилжсэнийг илтгэнэ. Өвчлөл ийм өндөр байгаа үед “Харвони” эмийн тусламжтайгаар 150 мянган хүнийг эдгээж чадах болсон нь манай улсын эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон ололт амжилт юм.

Манай улс Эрүүл мэндийн даатгалаасаа буюу төсвөөс 23.4 тэрбум төгрөг гарган, энэ эмийг авч байгаа иргэддээ эм тус бүрт нь 85 ам.доллар буюу 210 мянган төгрөгийн хөнгөлөлт олгосон. Эмчилгээний үр дүн Монголд маш сайн байгаа талаар эм гаргасан, үйлдвэрлэсэн хүмүүс ихэд баяртай байдаг юм билээ.

-“Харвони” эмийн үйлдвэртэй ямар байдлаар хамтран ажиллахаар болов?

-“Харвони” эмийг үйлдвэрлэдэг “Гилеад Сайнсес” үйлдвэртэй танилцаж, компанийн ерөнхий захирал Грег Алтонтой уулзсан. Тэгэхэд “Бидний үйлдвэрлэсэн эмийг хэрэглэсэн монголчууд эдгэж сайн үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” гэдгийг зориуд цохон хэлж байсан. Энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд нэгэн зүйлийг шийдвэрлэхээр болсон.

Манай эрүүл мэндийн салбарт нийт 38 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байгаагийн 5000 эмч нь С вирустэй байдаг. Хүний алтан амийг аврах гэж байгаад С вирусийн халдвар авсан эмч нар олон бий.

Магадгүй халдвар авсан эмч нар эрүүл хүмүүст С вирусийн халдвар тараах зөөгч болж болно. Тийм учраас эмнэлгийн 5000 эмч нарыг эмчлэх боломжийг судалж “Гилеад Сайнсес” компанийнханд хүсэлт тавихад Удирдлагын зөвлөлийн хурлаараа шийдэж “5000 хүний доз буюу 15 мянган ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой” талаар хариу өгсөн. “Гилеад Сайнсес” үйлдвэр нь “Харвони” эмээс гадна 3D эмийг гаргачихсан байна. Энэ нь А, В, С вируст хамаардаг.

Одоо байгаа “Харвони” эм зөвхөн С вирустэй хүмүүст таарч тохирдог. Цаашдаа манай Монголд эдгээр эмүүдийг үйлдвэрлэж, үнэ өртөг багатайгаар гаргах боломжийн талаар ярилцаж амжсан. Ингээд тус үйлдвэрийн ерөнхий захирал Грег Алтонтоныг Монголдоо урьж, ирэх дөрөвдүгээр сард ирэхээр болсон мэдээг дуулгахад таатай байна. Үр дүнтэй болсон энэхүү уулзалтад “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар цуг оролцсон. “Оном” сан бол хамгийн анхлан “Гилеад Сайнсес” компанитай уулзаж, “Харвони” эмийг Монголд оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

-Дэлхийн анагаах ухаан гэдэг гайхамшигт нээлтүүдээр дүүрэн байдаг. Шилдэг эрдэмтэдтэй уулзахад хамгийн сүүлийн үеийн шинэ сонин юу дуулдаж байна?

-Стэнфордын их сургуулийнхан элэгний D вирусийг устгах эмийг шинээр гаргасан байна. АНУ-ын эм бүртгэлийн албандаа бүртгүүлэхээр өгчихсөн байгаа. Хагас жилийн дараагаар эмчилгээнд албан ёсоор гарна гэнэ. Элэгний В вирустэй манай хүмүүсийн 100 хүн тутмын 60 нь D вирус дагалдаж байгаа үед энэ бол маш сайн мэдээ. Элэгний D вирусийн эмийг шинээр гаргаад буй “EIGER” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан.

Эрүүл мэндийн салбарт ахиц авчирсан энэ эмийг албан ёсоор бүртгэлд орсных нь дараагаар Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Элэгний С вирусийг устгадаг “Харвони” эмийг хийсэн эрдэмтдийн нэг Жепри Глейн хорт хавдрыг эмчилдэг эм шинээр гаргасан тухайгаа ярьсан.

Хорт хавдрыг эмчлэх энэ эм АНУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдэж, эмчилгээнд тун удахгүй гарах юм байна лээ. Бид Жепри Глейн эрдэмтэнг Монголдоо урьсан, энэ хавар ирэхээр болсон.

-Хорт хавдрыг эм уугаад л эмчилдэг болж байгаа хэрэг үү?

-Элэгний хорт хавдрыг эмээр эмчилдэг болж байгаа юм байна. Дэлхийн анагаах ухаанд өдөр бүр шинэ нээлтүүд гарсаар л байна. Манай Монгол Улс энэ гайхалтай нээлтүүдтэй цаг алдалгүй мөр зэрэгцэж, олон хүний амь насыг аврах, эмчлэх бололцоо олдож буйд маш их баяртай байгаа.

Хорт хавдрыг эмчлэх эмийг хийсэн эрдэмтэн Жепри Глейн Монголд удахгүй ирэх болохоор илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь тухайн үед өөрөөс нь асуух бололцоо олдох байх. Бид Стэнфордын их сургуулийн лабораторид ажилладаг эрдэмтдийн ажилтай танилцсан юм. Зэрэгцээ дөрвөн том барилгад байрладаг. Эрдэмтэд нь эвхдэг ороо тавьчихсан, унадаг дугуйгаа өлгөчихсөн, туршилтын хулганаа тэжээчихсэн ажлын лабораторидаа өдөр шөнөгүй ажиллаж, амьдардаг юм байна.

Гадны эрдэмтэд манайхыг “Иргэдээ эрүүл байлгахад анхаардаг Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг хэлж байсан. Энэ нь “Харвони” эмийн төсөл манай улсад сайн хэрэгжсэний үр дүн харагдсан. Бид ч олон улсын эрдэмтэдтэй уулзаж явахдаа Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд 2020 он гэхэд элэгний С вирусийн өвчлөлийг бүрэн арилгах зорилт тавьсан. Элэгний хорт хавдрын өвчлөлийг бууруулахаар ажиллаж байгаа тухайгаа хэлж байсан