Д.Очирбат: Эрүүл мэндийн даатгалыг босоо удирдлагатай болгоно
2011.01.14

Д.Очирбат: Эрүүл мэндийн даатгалыг босоо удирдлагатай болгоно

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Б.Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
Эдгээр амлалтыг Ё.Отгонбаяраас асууя
-Та нарын хэсэг гишүүн нийгмийн даатгалын шимтгэлийн үйл ажиллагаатай танилцсан. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг өчигдөр сонссон. Байнгын хорооны гишүүд өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж, өр цуглуулсан байдалтай явж танилцсан. Түүнээс хойш тус зөвлөлийнхөн юу хийв. Яахав, тухайн үед 28 сая төгрөгийн муудах чанартай хүнсний бүтээгдэхүүн хурааж авсан гэдэг. Харин одоо болохоор муудах чанартай бүтээгдэхүүн учраас муудахаар нь устгачихсан гэж яриад байгаа. Тухайн үед энэ асуудлыг яагаад хөндөөгүй юм. Хэрвээ хүнсний зүйлийг нийгмийн даатгалын өрийн шимтгэлд хурааж авсан юм бол ажилдаа яагаад өөрийн сэтгэлээр хандаж болоогүй юм. Хамгийн гол нь богино хугацаанд мууддаг хүнсний бүтээгдэхүүн болно гэж авчихаад жилийн дараа тайлан гаргахдаа цаасан дээр ийм тийм гээд бичээд оруулж ирж байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, 28 сая төгрөгийн бүтээгдэхүүн устгасан гэж цаасан дээр юу ч болоогүй юм шиг бичээд оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ. Түүнчлэн 760 сая төгрөгийн өрийн асуудлыг янз бүрийн тайлбар хэлээд оруулж ирж байгаа юм. Харин үүнийгээ “Өрөндөө банкны шийдвэрээр хурааж авсан” гэж тайлбарлаж байх жишээтэй. Тиймээс Үндэсний зөвлөлийн энэ тайланг ахиж хэлэлцэн манай байнгын хорооноос ажлын хэсэг гаргах байр суурьт нэгдсэн.
-Байнгын хорооны ажлын хэсгийнхэн ажилдаа орсон уу?
-Төсвийг нь батлаад өгчихье. Харин тайланг нь тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 20- ны дотор ажлын хэсэг гарч танилцана. Тэр ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад, тайлан тавьсны дараа дүгнэлт өгөх юм. Гэхдээ ганцхан энэ ажил ч биш. Цаашдаа ч гэсэн манай байнгын хорооны эрх зүйн хүрээний нэг асуудал бол хуулийн биелэлтийг хангах. Тэгээд ч хяналтын ажил хийх эрх нь байнгын хороон дээр байдаг. Тухайлбал, Боловсролын тухай хууль ч гэдэг юм уу. Учир нь их, дээд сургуулийн боловсрол эзэмших гэдэгт бөөн хууль баталчихсан байдаг. Гэтэл бодит амьдрал дээр эдгээр хууль хэрэгжиж байна уу, хөрсөнд шингэж чадах нь уу гэх мэт асуудал урган гарч байна. Хөдөөнөөс шилжин ирэгсдийн тоо маш их болж. Захын хорооллын сургуулиуд өдөрт гурван ээлжээр хичээллэж байна. Ингэхдээ нэг танхимд 30-60 хүүхэдтэй. 30 хүүхдийн суудалтай танхимд өнөөдөр гурваараа суугаад 40-50 хүүхэд хичээллэж байна. Бидний яриад байдаг боловсролын тогтолцоо, чанартай сургалтын механизм хаана байна. Түүнчлэн их, дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг олширсон. Ямар ч стандартчилал алга. БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын яриад байсан сургуулиудыг цэгцэлж, стандартад нийцүүлэх амлалтууд нь хаана байна.
-Оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой улс төрийн амлалт бий. Эдгээрийн хэрэгжилтэд танай байнгын хорооны шийдвэр чухал?
-Өнөөдөр их, дээд сургуулийн оюутнуудад 500 мянган төгрөг олгохоор боллоо. Энэ мөнгө сургалтад нь зарцуулагддаг юм байж. Дахиад Ерөнхийлөгчийн өргөн барьсан Оюутны тэтгэвэр тэтгэмж, Цалингийн тухай хууль дахин өргөн баригдаад байна. Өнөөдөр монголчууд оюутан гэхээр л бөөн мөнгө цацаад байдаг. Энэ том массд таалагдах гээд л гүйгээд байдаг. Бидний ярьсан их, дээд сургуулийг цэгцэлье. Малчин айл хүү, охиноо дээд сургуульд сургаж, ямар ч байсан хамаагүй диплом өвөртлүүлэхийн тулд амьжиргааны хэдэн малаа зарж байна. Нийслэлчүүд нь орон байраа барьцаалж, өр зээлд баригдан байж сургалтын төлбөрийг нь хийж байна. Гэтэл өнөөдөр заавал тэр хүүхэд их, дээд сургуульд сурах шаардлага байна уу. Захиалгагүйгээр баахан сургалт аваад өнөөх их, дээд сургууль чинь болсон болоогүй, стандартад нийцсэн нийцээгүй баахан их, дээд сургуулийн бизнесийг дэмжээд цэцэглүүлээд байгаа юм биш үү. Иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгөөс өнөөдөр 500 мянгыг нь энэ хүрээнд олгохоор боллоо. Гэтэл дээрээс нь Ерөнхийлөгч оюутнуудыг цалинжуулж, тэтгэмжийг нь нэмэх тухай яриад эхэллээ. Тэгэхээр бидний анх ярьж байсан замбараагүй их, дээд сургуулийг цэгцлэх, стандартчилах асуудал хоорондоо мөргөлдөж байна гэсэн үг биз дээ. Нэг үгээр хэлбэл, бодлого нь гажуудаж, зөрчилдөх боллоо. Үүнд анхаарлаа хандуулж, хяналт шалгалтын ажил хийх цаг нь болсон.
-Их, дээд сургуулийг хотын төвөөс нүүлгэх асуудал яригдаж байсан. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?
-Их, дээд сургуулийг комплекс байдлаар хотын захад байрлуулж, хөл хөдөлгөөнөөс холдуулах бодолтой энэ шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, сурах орчин бүрдүүлэх. Оюутнууд сурах, орчиндоо өөрийгөө боловсруулах бололцоог төрөөс хангах учиртай. Ингэхэд заавал хотын төвд байх шаардлага байхгүй. Хотын захад эсвэл дагуул хотуудад их, дээд сургууль, оюутны дотуур байрыг байршуулах хэрэгтэй. Энэ асуудлууд хэрхэн шийдвэрлэгдсэн бэ гэдэг асуултыг салбарын сайд Ё.Отгонбаяраас л асуумаар байгаа юм. УИХ, Засгийн газраас энэ талаар гарсан шийдвэрүүд өнөөдөр хаана очоод гацчихсан юм бэ гэдгийг асуух хэрэгтэй.
-Та энэ салбарын байнгын хорооны даргын ажлыг аваад юу амжуулав?
-Би ажлаа аваад удаагүй байна. Гэхдээ хэд хэдэн тогтоол, шийдвэр гаргасан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутнуудад өгөх тэтгэлэг, тэтгэмж, цалингийн тухай хуулийн төсөлд ажлын хэсэг гаргалаа. Хоёр дахь ажлын хэсэг нь хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Гандигаас нээлттэй сонсгол сонсохоор болсон. Энэ нь хоёрдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болов уу. Гэхдээ өмнө нь Х.Тэмүүжин гишүүн нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. Одоо Дэгийн тухай хуулиар байнгын хороо өөрөө нээлттэй сонсгол зохион байгуулах эрх нь нээгдсэн. Хуульд нь энэ талаар тусгачихсан байгаа. Мөн манай байнгын хороонд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам гэсэн гурван том яам хамрагддаг. Байнгын хороон дээр энэ гурван яамны нээлттэй сонсголыг дэс дараалан сонсоно. Цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудаар. Тодруулбал, хууль эрх зүйн орчин хэрхэн хэрэгжиж байгаа асуудлаар сонсгол сонсох юм. Мөн гуравдугаар сард Эрүүл мэндийн яамнаас нээлттэй сонсгол хийнэ. Ингэснээрээ гаргаж байгаа хууль, хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд нээлттэй байлгах зарчмыг баримталж байгаа юм. Мөн болж, бүтэж байгаа асуудлуудаа авч хэлэлцэнэ. Бас зарим болохгүй асуудлаа нээлттэй сонсголын дараа салбараар нь УИХ, Засгийн газарт тогтоолоор шийдвэрлүүлж болно. Энэ ажлыг хийхээр төлөвлөөд сууж байна.
-Ажлын төлөвлөгөөгөө гаргачихсан юм уу?
-Байнгын хороо өнөөдөр ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Заримаас нь цухас дурьдвал, манай байнгын хороо маш том ачаалал үүрч байна. Гурван яам хамрагддаг. Соёлын өв уламжлал гээд бүхий л асуудал манай байнгын хороонд хамааралтай. Хуучин хоёр байнгын хороонд дээрх асуудлууд хуваарилагддаг байсан. Өнөөдөр ганц байнгын хороо бүхий асуудлыг нуруун дээрээ үүрч байна. Бусад байнгын хороо нэг яам, нэг салбарыг л хамарч, тэр дагуу л асуудал нь ордог. Харин манайх таван салбарыг хамардаг. Тэгэхээр хүн хүчний бололцоогоо дайчилж ажилладаг. Энэ утгаараа ачаалал ихтэй байдаг учраас нийгэмдээ хүрэх талдаа тааруухан байсан байх. Ажлын ачаалал ихтэй. Тийм учраас боловсрол, нийгмийн салбарын талаар нэлээдгүй асуудлыг байнгын хорооны түвшинд өргөн тавихаар зэхээд байна. Тухайлбал, Өв болон Үнэт сан, Эрдэнэсийн санд байсан үнэтэй дурсгалт зүйлүүдийн гар зураг, фото зургаар солигдоод алга болчихоод байна. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой юм. Өдөржин, шөнөжин дэлхийд гайхагдах өвийн сан, урлаг соёлын бүтээлүүд, уламжлал, шашин соёлын бүтээлүүд урд хил рүү зөөгдөөд байна. Хэн дуртай нь чөлөөтэй зөөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр хүний мэдээллээр тэрийг шалгасан чинь баахан бурхан, үнэт бүтээлүүд, эсвэл Монголын газрын баялгийг бүгдийг нь зурсан кадастрын зураг гарч ирлээ гэж мэдээлдэг. Тэгвэл яагаад байнга шалгаад, илрүүлээд байж болдоггүй юм. Яагаад дурсгалт, ховор нандин бүтээлүүд гадагшаа урсаж гараад байна. Энэ асуудлыг бас хөндөж, ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
Бодит үр дүн хэрэгтэй
-Хөдөлмөр эрхлэлтийн тухайд?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэл дээр Засгийн газраас хөрөнгө тавьж өгч байна. Холбогдох яамд төсвөөс бөөн хөрөнгө гаргаж байна. Бусад салбарыг дэмжээд, хөдөлмөр эрхлэлтийг тавиад байдаг. Гэтэл бодит амьдрал дээр нэг айл, өрхөөс ийм хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, ядуурлыг бууруулсан гэсэн бодитой судалгаа дүгнэлт гарч ирдэггүй. Бүгдээрээ тархай, бутархай өнөөх хөрөнгө мөнгө хаана яваад байгаа нь бүрхэг. Ажлын байрыг нэмэгдүүлэх, сургалтад суулгах гэхээр нэг суманд 50-60 үсчин бэлтгэдэг. Эсвэл нарийн боовчин, тогооч бэлтгэчихдэг. Ажилгүй байгаа хүмүүс үсчин хийж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Мэргэжил олгоод гаргалаа гэхэд тэр 30 үсчин нэг сумд хэрэгтэй юу. Нарийн боовчин гэхэд л нэг суманд хоёр байхад л бараг хангалттай. Тэгэхээр үлдсэн мэргэжил эзэмшсэн нөхдүүд ямар хэрэгтэй юм. Үүнийг цэгцэлж, энэ асуудлыг нэг мөр болгомоор байна. Жишээ нь, нэг суманд энэ мэргэжлээр тэдэн хүн сургана, ийм ажлын байр бий болгоно гэсэн захиалга авч, нөгөө сумаас нь бас захиалга авч Засаг дарга, аймгийн удирдлагуудаас нь мөн авч ийм жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гээд тухайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй нь уялдуулаад явбал илүү үр дүнтэй. Ингэж дунд нь цэгцэлж, бодлогыг нь тодорхойлж барьж авахгүйгээр асуудал урагшлахгүй. Наанадаж л, тоног төхөөрөмж хаана очсон нь мэдэгддэггүй.
-Энэ тал дээр Засгийн газар нэлээд анхаарч ажиллаж байх шиг байсан?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухайд, дээрх миний хэлсэнчлэн ажиллах хэрэгтэй юм болов уу. Уг нь Засгийн газар энэ жилийг ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгон зарлалаа. Тэгэхээр эцсийн зорилго нь наанадаж нэг өрхөөс 1-2 хүнийг ажлын байртай болгох юм. Хий лоозогнох биш бодит үр дүнтэй л ажил болгох хэрэгтэй. Ядуурлын индекс хэдэн хувиар буурлаа гэх бодит баримт л хэрэгтэй.
Эрүүл мэндийн салбарт ямар ч стандарт байхгүй
 
-Эрүүл мэндийн даатгалын тухай болон Эрүүл мэндийн тухай хуулийн эхний хэлэлцүүлэг явж байна. Энэ салбарын бүрхэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадах болов уу?
-Хуулийн гол үзэл баримтлал нь эрүүл мэндийн салбарыг цогцоор нь шинэчлэх шаардлага юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгал гэж нэг газар нь ярьдаг, харин салбарын яам нь бодлого барьдаг. Харин бас нэг газар нь эмчлэх асуудал ярьдаг. Тэгэхээр үүнийг цэгцэлж цогц шинэтгэлийн асуудлыг ярьж байгаа юм. Эрүүл мэндийн даатгал, шимтгэл төлж байгаа нь одоогийн Нийгмийн даатгалын шимтгэл дээр хамт хураагдаж, тэндээс явж байна. Төлсөн даатгал, шимтгэл бидний эрүүл мэндэд хүрч байна уу, гэвэл үгүй. Мөнгө төлөөд байдаг тэр мөнгө юунд зарцуулагдаж байна гэхээр эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгийг хагас дутуу дааж чадаж байна уу үгүй юу. Уг нь эрүүл мэндийн даатгал чадвар, бололцоотой нь шимтгэлээ төлдөг, чадваргүй зарим хэсгийг татаж авч даатгалд хамруулдаг. Эрүүл мэндийнхээ тусламж үйлчилгээг төрөөс үнэгүй хангах, оношлуулж, эмчлүүлэх боломжийг бусад орнууд хангадаг юм билээ. Гэтэл манайд нөгөө төлөөд байсан мөнгө нь хаана очоод уусаад алга болдог нь тодорхойгүй. Санд хийлээ л гэнэ. Тэр сан нь иргэний эрүүл мэндийн төлөө үйлчилж байна уу гэхээр байхгүй. Нөгөөх нь бодлогын эрүүл мэндийн яамны биш өөр яамны мэдэлд байдаг. Тэндээсээ эмнэлгүүд нь санхүүждэг. Бид НХХЯ, ЭМЯ-ны харъяа биш эрүүл мэндийн даатгалыг босоо, бие даасан удирдлагатай болгоно. Ингэвэл хэн нэгэн сайд тэр мөнгийг авч ашиглах боломжгүй. Банкинд байршуулж мөнгө босгох ч арга байхгүй болно. Эндээсээ эрүүл мэндийн даатгалд цуглах мөнгийг бүгдийг нь нэг санд цуглуулж байгаад Үндэсний зөвлөлөөс иргэнийхээ эрүүл мэндэд тэр мөнгийг дэлхийн стандартаар олгоно. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарт ямар ч стандарт байхгүй. Тиймээс тухайн иргэн сайн гэсэн эмнэлэг, эмчээ өөрөө сонгодог болно. Мөн тухайн эмч өвчтөнг эмчилснийхээ төлбөрийн тодорхой хувийг өөрөө авдаг тогтолцоо руу шилжинэ. Мөн Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын газар байгуулагдаад сайн ажиллаж байгаа байгууллагад тэр даатгалаас мөнгө шилжүүлнэ.
-Танай байнгын хороогоор Жендерийн тухай хууль орж байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Жендерийн тухай хууль 16 жил гацсан. Гацаанд оруулж байгаа шалтгаан нь олон янз. Жишээ нь, улстөрчдөөс их шалтгаалж байна. Улстөрчдийн хоорондын харьцаанаас их шалтгаалж байгаа юм. Жендер гэхээр эмэгтэй хүн гэсэн ойлголт төрдөг. Эмэгтэй хүнийг л дарга болгох, эсвэл УИХ-ын гишүүн, сайд болгох гэж байгаа юм шиг олон нийт ойлгоод байдаг. Жендерийн тухай хууль 16 жилийн хугацаанд олон ч парламент дамжиж, чанагдсан. Олон гишүүдийн санааг тусгасан хууль. Уг нь хүйсийн эрх тэгш байдлыг хангах зорилготой хууль. Харин бидний яриад байгаа сонгуулийн квот бол Жендерийн тухай хуулийн ганц л бүлэг. Үүнээсээ болоод энэ хууль гацаад байгаа гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд ойлгож байсан. Монголын парламент нэн тэргүүнд энэ хуулиа гаргах ёстой. Гацаанд оруулаад байгаа тэр асуудлаа сонгуулийнхаа үед улстөрчдийнхөө хэмжээнд дахиж хэлэлцэх хэрэгтэй.
-Хаврын чуулганаар батлах гээд баралгүй Сонгуулийн хуультай хамтатган хэлэлцэхээр болж хойшлуулсан биш үү?
-Заавал Сонгуулийн тухай хуультай хамтатган хэлэлцэх шаардлагагүй. Ганц тэр заалтаас болоод хүйсийн эрх тэгш байдлыг хангах бүхэл бүтэн хуулийн төсөл гацаад байх нь утгагүй. Тийм учраас сонгуульд нэр дэвших квотын асуудлыг орхиод хуулиа баталчих хэрэгтэй.
-Гэхдээ хуулийн нэг бүлгийг орхигдуулаад баталчихаж болдог юм уу?
-Болно. Хэсэгчилж үлдээсэн тэр заалтаа дараа нь Сонгуулийн хуультайгаа хамтатган хэлэлцэх боломжтой. Одоо УИХ-аар Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байна. Монгол Улс можаритор, пропорцианоль, холимог энэ гурван тогтолцооны алийг сонгохоос дээрх бүлэгт ч өөрчлөлт орно. Иймээс наана нь ерөнхий хүйсийн эрх тэгш байдлыг хамгаалсан хуулиа баталъя гэж байгаа юм. Өнөөдөр зарим хүн ганцхан эмэгтэй хүний төлөө энэ хуулийг гаргаж байгаа юм шиг ойлгодог. Утсаар мессеж бичиж байна. Сонгуулийн хуульд жендерийн асуудлыг 30 хувиар тавихгүй юм бол Жендерийн тухай хууль ямар хэрэгтэй юм гэх мэт. Эцсийн эцэст квот тавих гэж энэ хууль төрж байгаа юм уу. Хэсэг улстөрч эмэгтэйчүүдийн төлөө батлагдах учиртай юм уу гэсэн асуултыг сайтар тунгаах хэрэгтэй. Ерөнхий жендерийн асуудлыг зохицуулах гэж хууль төрж байгаа юм уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Нэлээн сайн улстөрч эмэгтэй хүртэл квот байхгүй бол энэ хууль хэрэггүй гэж ярьж байх юм. Тэгж болохгүй. Монгол Улсыг хамрах хуулийг ганц бүлэгт нь орооцолдуулж ойлгох нь зохисгүй. Өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбарт 80 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Энэ байдал цаашдаа үргэлжилсээр байх гэж үү. Иймээс хуульд 40:60 хувиар зохицуулж байгаа юм.