2010.07.27
Д.Очирбат: Улс төрийн томилгоогоор томилогдсон сайд эмнэлгийн даргыг халахаас ажлаа эхэлдэг уламжлал тогтох нь
- УИХ-ын гишүүн Д.Очирбаттай эрүүл мэндийн тогтолцооны талаар ярилцсан юм.
-Чуулганы засварлагаанаар хуулийн хэрэгжилттэй танилцаад завгүй яваа гэж сонссон. Хэрэгжилт хэр байна вэ?
-Эрүүл мэнд, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль батлагдсан. Хуулийн хэрэгжилт дээр ажиллаж эхэлж байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль байнгын хороонд өргөн барьсан. Энэ ажлынхаа талаар судалгаа хийж, эмнэлгүүдээр явахаас эхлээд хийх зүйл их байна. Би эмч учраас эрүүл мэндийнхээ салбарын талаар дуу хоолойгоо гаргаж асуудлыг бодит түвшинд шийдвэрлэхийг хичээдэг юм.
-Эрүүл мэндийн салбар хөгширч, доройтоод хэцүүхэн болсон санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эрүүл мэндийн салбар социализмын үеийн тогтолцоогоор явж байгаа ганц салбар. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар, хүнийхээ эрүүл мэндийн төлөө төр засаг хамгийн их анхаарах ёстой. Харамсалтай нь чаддаггүй. Багаж тоног төхөөрөмж нь 20, 30 жилээр хоцорсон. Онош тавиуллаа гэхэд эмч нарынх нь мэдлэг боловсрол ч хоцрогдмол. Мэдээж сайн эмч нар бий.
Ерөнхий эрүүл мэндийн салбарын хувьд хоцрогдмол байдалтай болчихсон. Санхүүжилтийн хувьд ч мөн адил. Тухайн салбартаа бодит үр дүн харагдахуйц хэмжээнд зарцуулагддагүй. Барилга, байшин, сум, сум дундын эмнэлгийн засвар үйлчилгээндээ зарцуулагдаад дуусдаг. Шинээр тоног төхөөрөмж авах, иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээнд төсөв үлддэггүй байх жишээтэй. Үнэндээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч шийдвэрлэж чаддаггүй.
-Төр засгаас ямар бодлого явуулж байж 20, 30 жилээр хоцорсон эрүүл мэндийн салбарыг сэргээх юм бэ?
-Эрүүл мэндийн байгууллагын цогц шинэчлэлийн асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Үүнд хэд хэдэн зарчмын асуудал тусгах юм. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ч намар хэлэлцэнэ. Хуулиар Монгол Улсынхаа иргэн бүрийг даатгалд хамруулах ёстой. Монгол Улсын иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авалгүй орхигдох ёсгүй. Өнөөдөр даатгалд хамрагддаггүй хэсэг байдаг шүү дээ. Төрийн албан хаагч, эсвэл ямар нэгэн хувийн байгууллагад ажилладаг хэсэг иргэд л даатгалд хамрагддаг.
Гэсэн атлаа өнөөх эрүүл мэндийн даатгалаас нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар юу хийсэн байна гэхээр хийсэн зүйл байдаггүй. Өнөөх даатгалын мөнгө нь хашаа, байшин засч, эмнэлгийн машин аваад л дуусчихсан байдаг. Иймээс эрүүл мэндийн даатгалын сан гэсэн бие даасан байгууллага гаргаж ирэх шаардлагатай байгаа юм. Тухайн сангаас зөвхөн иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн үйлчилгээ үзүүлсэн байгууллагад хөрөнгө гаргаж өгөх юм. Нэг үгээр сайн үйлчилгээг иргэддээ худалдаж авна.
Тэгэхгүй бол эрүүл мэндийн салбар унтаа байдалтай болчихсон. Амаа ангайж төсвийн хэдэн төгрөгөөр голоо зогоодог. Үйлчилгээ нь сайжирдаг ч үгүй, мууддаг ч үгүй. Төрөөс төсвийн хэдэн төгрөг гаргаж амь тариа хийгээд байлгаад байдаг. Энэ тогтолцоог халах ёстой.
-Сайн үйлчилгээг худалдаж авахдаа улсын, хувийн гэсэн зааг ялгаа бий юу?
-Хувь, улсын гэж ялгахгүй. Хэн өөрийгөө хөгжүүлж, сайн үйлчилгээ явуулж байна тухайн байгууллагад эрүүл мэндийн сангаас хөрөнгө олгож байх юм. Мэдээж, доголдолтой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж дампуурч, замын дундаас хасагдах болно. Ихэнх нь хөгжлийнхөө дагуу сайжирснаар энэ салбар сайжрах юм.
ОНОШИЛГООНЫ ТӨВТЭЙ БОЛОХ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУДЫН ЯДУУ СЭТГЭЛГЭЭ Л ДЭЭ
-Цогц шинэчлэлийн хүрээнд оношилгооны төв байгуулагдах уу?
-Эрүүл мэндийн цогц шинэчлэл гэдэг маань зөвхөн оношилгооны төвөөр хязгаарлагдахгүй. Оношилгооны төвд төр засгаас анхаарал тавиад газрын хэвлий дэх баялгаа авч байгаа тохиолдолд дэлхийн стандартад нийцсэн, иж бүрэн оношилгооны төвтэй болох санааг тавьсан. Үүнийг Эрүүл мэндийн яамнаас бодлого боловсруулж бид өөрсдөө хийх ёстой. Харамсалтай нь яамныхан унтаа байгаа байхгүй юу. Ямар ч санаачлага байхгүй. Өдөр хоног аргацаасан байдалтай үйл ажиллагаа явуулж байна. Салбарынхаа төлөө санаа зовнихгүй, араас нь хөөцөлдөхгүй, аливаа асуудлыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд л бүтвэл бүтэг гэсэн хандлагатай. Бүтчихвэл бүтлээ гээд, бүтээгүй бол хаячихдаг. Иймэрхүү асуудлыг эрүүл мэндийн салбарт зохицоор нь шинэчлэх ёстой. Хөшүүн хойрго уур амьсгалыг эвдэх ёстой. Яам гэж шүүмжилдгийн учир нь эрүүл мэндийн салбарын удирдлага гэдэг үүднээс нь хандсан хэрэг.
Эмчилгээ оношилгооны төвтэй болох гээд байгаа нь монголчуудын ядуу сэтгэлгээ. Улсад нь ганц ч тийм төв байхгүй болохоор л байгуулчих гээд үзээд байгаа юм. Би ч ингэж боддог хүний нэг нь. Гэхдээ үүнийг бусад оронтой харьцуулахад ядуу сэтгэлгээ. Хятадад 15, Өвөрмонголд 16 дүүрэгтэй. Дүүрэг болгон нь оношилгооны төвтэй. Тийм учраас дүүрэг дээр иж бүрэн оношилгооны төвтэй болох тогтолцоо руу шилжинэ.
-Иргэддээ сайн үйлчилгээ үзүүлсэн байгууллагад эрүүл мэндийн сангаас мөнгө олгоно гэсэн шүү дээ. Ингэхдээ хувийн, улсын гэж ялгахгүй гэлээ. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн тоног төхөөрөмж ч сайтай учраас тэргүүлж, улсын эмнэлгүүд зах зээлд өвдөг шороодож, ар араасаа хаалгаа барихад хүрэх юм биш үү?
-Эрүүл мэндийн салбарын тогтолцоо гурван шатлалтай. Сум, сум дундын эмнэлэг, аймаг, аймаг дундын, өрх, дүүргийн гэхчлэн ялгагддаг. Манайхан I шатлал буюу өрх, дүүргийн эмнэлгийг алгасаж шууд III шатлал дээр ирж ачаалал бий болгодог. Иймээс II шатлал буюу дүүрэг, аймгийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангаж, иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг болох юм.
Төсвөө ч тэр чиглэл рүү хандуулна. Харин өрхийн эмнэлгийг иргэд эрүүл чийрэг байх, спортоор хичээллэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөгжүүлэх юм.
-Тэгэхээр III шатлалын эмнэлгүүд үйлчлүүлэгчгүй болж байгаа юм биш үү?
-Гуравдугаар шатлалын эмнэлэгүүд болох Шастины I, II, III эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв юу болох вэ гэхээр мэргэжлийн салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Тухайн өвчний оношийг судалж, боловсруулж мэргэжлийн болон шинжлэх ухаан руу чиглэсэн арга барилд шилжинэ. Өөрөөр хэлбэл, шинэ нээлт бий болгоход анхаарлаа хандуулна. Улмаар I, II шатлалын эмнэлгүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх юм. Энэ мэтчилэн дээшээ явдаг байсан пирамид тогтолцоог II шатлалын эмнэлэг дээр төвлөрүүлнэ.
МӨНГӨ ҮҮСДЭГ ЖАМТАЙ
-Санхүүжилт их шаардах юм биш үү?
-Хөрөнгө мөнгөний асуудал дээр аль ч талаас босдог л юм байна. Мөнгийг хүн хөдөлмөрөөрөө бүтээж хийдэг учраас санхүүжилт байхгүй гэж суух биш. Санаачилгаараа санаагаа гаргаад мөнгөө бүтээгээд ажлаа хийгээд капиталаа үүсгэх хэрэгтэй. Ингээд явах юм бол мөнгө үүсдэг жамтай. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд шаардагдах хоёр гурван боломж бий.
Яамны хөшүүн хойрго санаачилгагүй нөхөд ийм санааг гаргаж УИХ, Засгийн газраас дэмжлэг авах хэрэгтэй. Энэ унтаа байдлаас болоод санхүүжилтгүй, хөрөнгө оруулалт нь тодорхой эзэндээ хүрдэггүй явдал гарч буй. Уг нь ДНБ-ний 5-7 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг байх ёстой. Даатгалд иргэд, хүндээ хүргээд явбал шийдэгдэх боломжтой. Харамсалтай нь манайх гурав хүрэхгүй хувийг л энэ салбарт гаргадаг.
-Ашигт малтмалаас тодорхой хувийг энэ салбарт гаргах ёстой хэмээн та хэлж байсан санагдаж байна?
-Тавантолгой, Оюутолгой гээд газрын хэвлий дэх баялгаас хөрөнгө их орж ирж байгаа. Орж ирж байгаа хөрөнгийн 15-20 хувийг иргэнийхээ эрүүл мэндэд зарцуулж,шууд төсөвт нь хийж өгдөг байх хэрэгтэй. Газрын хэвлий доорх хөрс, баялаг Монгол орны баялаг. Баялгийг нь эзэмшиж байгаа юм чинь иргэнийх нь эрүүл мэндэд 10 хувийг яагаад зарцуулж болохгүй гэж. Төрөөс бодлого боловсруулаад үүнийг бодлогоор шийдвэрлэх хэрэгтэй. Ингэвэл эрүүл мэндийн салбар босоод л ирнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС МӨНГӨ ОЛГОХ БОЛОМЖТОЙ
-Даатгал төлөөд л байдаг. Гэвч тэр бүр түүнийхээ үр шимийг үзэж чаддаггүй. Үүнд иргэд их бухимдалтай байдаг. Иймээс даатгалд хамрагдсан мөнгөөр нь өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг ч юм уу. Өөрсдөд нь зориулсан үр бүтээлтэй ажил хийвэл яадаг юм бол?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг бие даасан болгох хэрэгтэй. Таны ярьж байгаа үнэн. Би ч гэсэн төрийн албан хаагчаар 17 гаруй жил ажиллаа. Цалингаасаа сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэглээ гээд эргээд надад ямар ч эрүүл мэндийн үйлчилгээ ирдэггүй. Магадгүй эмнэлэгт хэвтэхэд даатгалын дэвтрээс хэдэн төгрөг орох байх. Өөр ямар ч үйлчилгээ байхгүй. Уг чанартаа эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нийгмийн салбар руу чиглэх учиртай. Жишээ нь, Д.Очирбатыг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж байх ёстой биз дээ. Амралт сувиллын газарт явахад нь даатгалын сангаас тодорхой хөрөнгө гаргадаг ч юм уу. Гэвч ийм ойлголт байдаггүй. Харин өргөн баригдсан хуульд энэ талаар тусгасан. Жилийн турш эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлээгүй тохиолдолд тухайн иргэний урьдчилан сэргийлэхэд зарцуулсан мөнгийг даатгалын сангаас шилжүүлж олгоно. Тийм уян хатан байх ёстой.
-Эмч нарын хариуцлагагүй байдлаас болоод хүний амь нас эрсдэх боллоо. Эмч нарын хариуцлагын талаар өргөн баригдсан хуульд тусгаж байгаа юу. Тэдний хариуцлагыг хэрхэн өндөржүүлэх вэ?
-Хуульдаа маш сайн зааж өгөх ёстой. Мэргэжил дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог нь хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Өнөөдөр багаж тоног төхөөрөмжийг хангаж өгөхгүй, өөрөөр хэлбэл, төрөөс үүрэх хариуцлага сул байгаатай холбоотой. Эмч нарын тухайд сахилгын болоод таны асуусан асуудлууд сул байгаа нь үнэн. Эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуулиар сонгон шалгаруулалт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, өвчтөн өөрөө эмчээ сонгож эмчлүүлэх боломжийг нь хуулиар нээж өгч буй. Ингэхээр өнөөх иргэнийхээ эрүүл мэндэд хайхрамжгүй ханддаг эмч, эмнэлгийн байгууллагыг иргэд сонгож үйлчлүүлэхгүй. Тэгэхээр өнөөх нь иргэдээ татахын тулд мэдлэг, боловсролоо дээшлүүлнэ.
-Гар хүндрүүлэхгүй бол хүн дэргэд нь үхэж байсан ч тоохоо больсон цаг. Энэ гаж тогтолцоог хуулиар хэрхэн зохицуулах вэ?
-Үүнийг журмаар хааж өгөх ёстой. Бүх нөхцөл ижил түвшинөөс явж байх учиртай. Дарга, сайд байх нь хамаагүй эрүүл мэндийн салбарын тухайд адилхан л өвчтөн.
Харин эрүүл мэндийн даатгал дээрээ ялгаатай байж болно. Нэмэгдэл даатгалд хамрагдаад илүү, өөр үйлчилгээг мөнгө төлж авах боломж байж болох юм.
-Үр хөндөлтийн байдал замбараагаа алдсан. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хэн дуртай нь үр хөндөх болж. Үүнийг хуулиар зохицуулалт хийсэн үү?
-Монголын үр хөндөж ашиг олдог асуудлыг зогсоох хэрэгтэй. Үүнийг уриалж ажил хэрэг болгомоор байх юм. Монголын үрс мянга, түм болтугай гээд байдаг. Гэтэл бид чинь 2.8 сая хүн амтай. Хойд, урд хоёр хөрш маань хэдэн тэрбум хүн амтай билээ. Үр хөндөлтийг хориглож, ашиг хонжоо олдог хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй.
-Урьд нь үүнийг хуулиар хориглодог байсан. Гэтэл хуулиа өөрчлөөд улсын болон хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийж эхэлсэн. Харин ч бүр хямд өртөгтэй болсон биш үү?
-Сайдын тушаалаар эмнэлгүүдийг өөрийн орлого олох чиглэл өгсөн юм. Эрүүл мэндийн байгууллага яаж өөрийн орлогыг бүрдүүлэх вэ дээ. Тариалан тарьж, наймаа хийхгүй л бол өөр арга байхгүй. Тэгэхээр өнөөдүүл чинь үр хөндөлт хийж, өөрийн орлогоо нөхдөг болсон. Шүүмжлэл тавьж үүнийг хаасан.
-Эрүүл мэндийн салбарын удирдлагад мэргэжлийн бус хүн томилогдох нь их. Сонгуулиар аль нам нь ялалт байгуулна, тэр хүрээнд мэргэжлийн болон мэргэжлийн бус хүн улс төрийн томилгоогоор энэ салбарыг удирддаг. Үүнээс болж тухайн салбарт гажуудал бий болох нөхцөл бүрддэг гэдэг?
-Салбараа мэдэхгүй, хүний амаар ажлаа хийдэг удирдлага байна гэдэг харамсмаар. Би үүнд их шүүмжлэлтэй ханддаг. Салбарын сайд нь тухайн ажлаа алган дээрээ байгаа юм шиг мэддэг байх ёстой. Гэтэл багш, инженер мэргэжилтэй хүн сайдаар томилогдоод хэчнээн сайн удирдагч байлаа ч гэсэн тэр ажлаа өрөө мэдэхгүй бол хэцүү. Тийм учраас салбартаа эзэн нь болох, мэргэжлийн хүн удирдах нь гол асуудал.
-Та улстөрч, бас эмч хүн шүү дээ. Таны нүдээр эрүүл мэндийн салбар ямар өнгө төрхтэй харагдаж байна вэ?
-Улстөрч, эмч хүнийхээ хувьд энэ салбарт шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн хэд хэдэн томилгоон дээр улс төрийн намуудын талцлын, сонгуулийн дараах яамдынг хуваах байдлаар сайд нар томилогдох болж. Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүмүүс томилогддог. Дөрвөн жилийн хугацаанд эмийн тендрийн асуудал зэрэг баахан асуудал үүсгээд хаяад гарна. Дараагийн мэргэжлийн бус хүн ирээд л дахин баахан бужигнуулна. Эмнэлгийн даргыг халахаас эхлээд л эрүүл мэндийн салбарт улс төрийн томилгоог хийж эхэлдэг уламжлал тогтох нь. Ашигтай газар нь хувийн ашиг хонжоо хайгаад эхэлдэг нь нууц биш. Энэ салбарт хэтийн зорилт ч гэж байхаа болилоо. Ажилчид нь УИХ, Засгийн газарт ч асуудлаа тавьж ойлгуулж чаддаггүй. Нэг тавьж байсан асуудал нь дараагийн сайд ирэхээр үгүйсгэгддэг. Дахин шинээр эхлэх болдог. Тийм учраас энэ салбар хоцрогдчихсон байна.