Нэр дэвшигч С.Ганбаатарт “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг гардууллаа
МҮЭ-ийн холбооноос аймаг, нийслэл, мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоодоор дамжуулан ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчдөөр хэлэлцүүлсний үндсэн дээр улс төрийн гурван намаас 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд хандаж “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулан өгч байгаа билээ.
МҮЭ-ийн холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч АН, МАХН, МАН-д хандаж “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хүргүүлэх саналыг нэг өдөр нэгэн зэрэг хүргүүлсэн байна.
Улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийн аж байдалд тулгараад байгаа асуудлаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд нэн тэргүүнд анхааралдаа авч ажил хэрэг болгох шаардлагатай саналуудыг нэгтгэсэн дөрвөн бүлэг 23 заалт бүхий саналыг энэхүү баримт бичигт тусгасан аж.
Дээрх баримт бичгийг МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй С.Ганбаатар өнөөдөр гардан авлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болоод аймаг, нийслэл, мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоодын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Төрийн хариуцлагыг улам бүр сайжруулахыг хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгээрээ дамжуулан уламжилж байна. Өнөөдөр хууль тогтоомжийн хэрэгжилт ард түмэн, албан тушаалтан хоёрт өөр өөр үйлчилж байгаа. Энэ байдлыг өөрчилж Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна гэсэн зарчмыг хангаж ард түмний эв нэгдлийг ханган ажиллах нь чухал юм.
Авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэж, төрийн албыг хөндлөнгийн нөлөөнд авталгүй шударга хаших тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх. Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын банк санхүүгийн байгууллагаас авч байгаа зээл, тусламжийн хөтөлбөрийн ил тод байдлыг хангаж, төсөв төлөвлөлт, зарцуулалтад анхаарал хандуулах зэрэг асуудлыг хөдөлмөрчдийн нийгмийн захиалгаар дамжуулж хүргүүлж байна” гээд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарт гардуулан өглөө.
МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар хэлсэн үгэндээ “Мөрийн хөтөлбөртөө МҮЭ-ийн холбоог хүчирхэг болгож ажилчин ангийн эрх ашгийг төрийн хэмжээнд, төртэй хэлэлцээрт орох хэмжээнд өндөрт өргөх болно гэж тусгаж өгсөн.
МҮЭ-ийн холбоо бол монголын ард түмний “ээж”. Монголын ард түмнийг ажлын байртай, цалинтай, тэтгэвэртэй байлгаж байгаа буянтай байгууллага юм. Цаашдаа хөдөлмөрчин хүний төлөө тууштай ажиллах болно гэсэн юм. Бид ялна. Бидэнд итгэ. Бидэнд Монгол Улсаа хөгжүүлэх хөтөлбөр байна” гэлээ.
“Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хүлээн авахаа МАН, АН-ынхан илэрхийлсэн бөгөөд одоогоор цаг нь товлогдоогүй байгаа юм.