Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Тайландын Вант Улсын төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.05.29) манай улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ноён Косол ПетчсуванТайландын хууль тогтоох байгууллагын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувиар ийнхүү уулзсан юм.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан байнгын хорооныхоо үйл ажиллагааг товч танилцуулав. Үргэлжлүүлэн “Монголоос Тайланд руу гаргадаг экспортын бүтээгдэхүүний өртөг 2,7 сая доллар, харин Тайландаас импортолж буй бүтээгдэхүүний өртөг 30 сая доллар байна.
Энэ хоёр тоог адил хэмжээнд хүргэхийн тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлье” гээд манай экспортын бүтээгдэхүүнийг, ялангуяа манай улсаас экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана уу хэмээн хүслээ. Тэрбээр мөн Монголоос жил бүр 8-10 мянган хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар Тайландыг зорьдог. Тиймээс буцаад тэр хэмжээний жуулчдыг Монголд ирүүлэх талаар анхаарч ажиллах хүсэлт тавилаа.
Түүнчлэн, Тайландаас уул уурхай, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал дэмжиж ажиллахыг илэрхийлсэн юм.
Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван Тайланд, Монгол Улсын хамтын ажиллагааг сайжруулах, худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлэхэд бүх талаар хамтарч ажиллахаа мөн илэрхийлсэн.
Уулзалтад Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн Кланаронг Чантик, Чайяпрук Дидьясарин, Канчанарат Лийвирожана, Сомчай Свангкарн нарын төлөөлөгчид байлцлаа