2017.06.02

Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, дэмжлэгийн талаар иргэдийн мэдлэг дутмаг байна

Өнөөдөр /2017.06.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг салбар яамдын уялдаа, холбоог сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг сануулж, байр сууриа илэрхийллээ.

Ё.БААТАРБИЛЭГ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЕНЕЖМЕНТЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд орж байгаа нэр дэвшигчдийг дэмжиж байна. Энэ зөвлөлд ажиллахад мэдлэг боловсрол, ур чадвар, ажлын туршлага хангалттай хүмүүс байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бол хуралдаанаараа шийдвэр гаргаж, тэр шийдвэрээр эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг зохицуулах зөвлөл.

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл эрүүл мэндийн яамтай хамтарч ажилладаггүй. Ямар ч ажлын уялдаа байхгүй.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж  байхад Эрүүл мэндийн яам, сайд нь өөрөө мэдээ ч үгүй явж байдаг.

Ямар асуудлыг хэлэцлэхийг ч мэддэггүй. Энэ өөрөө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайд гээд Засгийн газрын гишүүдийн хоорондын уялдаа, холбооны асуудал байгаа боловч нөгөө талаараа Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Тиймээс салбарын яамдуудынхаа уялдаа, холбоо, хамтарч ажиллах тал дээр анхаараарай. Яваандаа Эрүүл мэндийн даатгалын газар байгуулагдана гэж ойлгож байгаа.

Нөгөө талаар Эрүүл мэндийн даатгалын үнэсний зөвлөлөөс эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, менежмент дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Даатгалын санд мөнгө байдаг, даатгуулагчийн эрх байдаг. Гэтэл иргэд эрүүл мэндийн даатгалаас ямар хөнгөлөлт, дэмжлэг авж болохыг төдийлөн сайн мэддэггүй нь “Элэгний эмгэггүй Монгол” төслийн үйл ажиллагаагаар харагдсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас авах хөнгөлөлтөөрөө элэгний вирусын эсрэг эмээ авах боломж нь байхад энэ ажил үр дүнтэй явахгүй байна.