2017.06.28
ММНБИ-ИЙН АССА ХӨТӨЛБӨР “ACCA INFO SESSION” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ММНБИ нь АССА хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд АССА-ийн ур чадварын болон мэргэжлийн түвшиний сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байна. Мөн суралцагсдыг АССА-ийн шалгалтанд бэлтгэн хамруулан, төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.
2017 оны 4 дүгээр сард Лондон хотноо зохион байгуулагдсан АССА-ийн сургалтын төвүүдийн их хуралд оролцож, АССА-ээс хэрэгжүүлж буй олон өөрчлөлтүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зааварчилгаа авч ирсэн. Энэ Их хурлаар хэлэлцсэн гол асуудлуудыг оюутнууддаа 2017.06.21-нд болсон “ACCA INFO SESSION” арга хэмжээгээрээ дамжуулан мэдээллээ.
Уг арга хэмжээнд ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин оролцож институтийн үйл ажиллагааны цаашдын чиг хандлага, нягтлан бодогчдын үүрэг хариуцлагын талаар сонирхолтой мэдээллийг өглөө. АССА хөтөлбөрийн менежер Ө.Эрдэнэтуяа, багш Р.Оюунбат нар АССА-ийн шалгалтын өөрчлөлт, мэргэжлийн түвшиний хичээлүүдэд орж байгаа өөрчлөлт, англи хэлний онлайн сургалт, ёсзүй ба мэргэжлийн ур чадвар модулийн өөрчлөлтүүд болон цаашдын зорилт, боломжуудын талаар мэдээлэл хийлээ.
Мөн “Эрнст энд Янг Монголиа Аудит” компанийн менежер С.Энхбат болон “BDO Монголиа Аудит” компанийн ахлах аудитор Б.Дэлгэрмөрөн нар урилгаар ирж, өөрсдийн амжилттай суралцаж, богино хугацаанд АССА-ийн жинхэнэ гишүүн болсон туршлагаа оюутнуудтай хуваалцлаа. Арга хэмжээний үеэр сургалтанд хамрагдсан оюутнууддаа “ACHIEVMENT CERTIFICATE” болон шалгалтаа амжилттай өгсөн оюутнууддаа сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн БАТЛАМЖ-ийг гардууллаа.
АССА хөтөлбөрт шинээр сурч эхэлсэн, одоо сурч байгаа, урьд нь сурч байсан оюутнууд болон шинээр элсэх сонирхолтой нягтлан бодогчид нэрийн хуудсаа солилцон танилцаж, өөр хоорондоо туршлагаа солилцлоо. Нэрийн хуудсаар азтан шалгаруулахад Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн Э.Эрдэнэтуяа тодорлоо.