2017.06.29

Мэргэшсэн нягтлан бодогчид үнэнч шударгаар ажиллахаа тангаргаллаа

2017 оны эхний хагас жилд явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд тэнцсэн 89 нягтлан бодогчид баяр наадмын босгон дээр “Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж, өнөөдөр тангарагаа өргөлөө.

Мэргэшсэн нягтлан бодогчид олон нийтэд үйлчилгээ үзүүлдгийн хувьд мэргэжлийн ёс зүйгээ чанд сахиж, үнэнч шударгаар ажиллахаа тангарагладаг уламжлалтай.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс энэхүү тангараг өргөх ёслолыг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм. Эрх олгох шалгалтуудыг амжилттай өгч, “Мэргэшсэн нягтлан бодогч” эрхийг авах нь нягтлан бодогч хүн бүрийн мэргэжлийн бахархал билээ.

Шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч байгаа нягтлан бодогчид МУ-ынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн далбаанаасаа адис авч, нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйгээ чандлан сахиж ажиллахаа батлан тангараг өргөлөө.

Өнөөдөр шинээр эрх авсан 89 нягтлан бодогчтой нийлээд улсын хэмжээнд нийт 4172 мэргэшсэн нягтлан бодогчтой болж байна.