МАН-ын гишүүд
2017.08.24

МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөлөө

ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ 15 ХОНОГИЙН ДОТОР ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндсэн хуулийн 43.4 дэх зэрэг заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

Түүний томилогдсоноос хойш явуулж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрүүд нь эрх ашгийн зөрчилтай байна. УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байгаа юм байна. Тийм учраас энэхүү албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд гардуулах болно. 

МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан.

Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: "Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон.

Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:  "Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. Сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ байна.

800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй.

Хэрвээ бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Энэ бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт зүйлийг цэвэрлэх цаг нь болсон.

УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурна гэдэг бол асар том хүч бий болж байна.

Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амалсан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг нам нь нам шиг явах цаг болсон.

Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна.

Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг үг бий. Энэ их байгалийн баялаг яагаад иргэдэд хамаагүй цөөнхөд хамаатай болоод байгаа юм бэ?" гэлээ.

М.ЭНХБОЛД, Б.БААТАР ХОЁРЫН ЯРИАГ ГАРГАЖ ТАВЬ Л ДАА

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Би гар утсыг тагнаж чагнадаг байгууллагын хүн биш. Хоёр хүн утсаар яриа л биз. Ерөнхийлөгчийн сонгууль нэг утасны ярианаас болоод уначихжээ гэж ойлгож болохгүй. М.Энхболд, Б.Баатар хоёрын яриаг гаргаж тавь л даа. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүгд чадлаараа хичээсэн. Сонгуулийн үед чимээгүй байсан нөхдүүд сонгуулийн дараа юм яриад хэрэггүй.

65 суудалтай энэ том намын итгэл найдварыг М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болж хариулах байсан. Томилгоон дээр алдсан. Тэгсэн өөрөө ерөнхийлөгчийн сонгуулиа бодож Ерөнхий сайдаар өөр хүнийг болгосон. Судалгаа хийгээд үзвэл иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэдгийг хэлж байна.

Монголбанк болон бонд, Хөгжлийн банктай холбоотой олон асуудалд нэг ч хүнд хариуцлага тооцоогүй" гэлээ.