Эмзэг бүлгийн 40 өрх иж бүрэн гэр, зарим сумдын сургууль, цэцэрлэг компьютерийн иж бүрдэл, ширээ, сандалтай боллоо
УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол Завхан аймагт 4 хоног ажиллаа.
Тэрээр Улиастай, Тосонцэнгэл, Алдархаан, Тэлмэн сумдын иргэдтэй уулзалт хийж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдсэн хууль, тогтоомж болон Монгол Улсын Засгийн газрын 2009-2012 оны хөтөлбөр үйл ажиллагааны талаар сурталчлан танилцуулсан байна.
Уулзалт, ярилцлагын үед иргэдээс УИХ болон Засгийн газарт хандаж олон санал хүсэлт тавьж, шийдвэрлүүлэх талаар санал,бодлоо хэлжээ.
Эрчим хүчний хязгаарлалт их байгаа нь санхүүжилттэй холбоотой, ”Эрдэнийн хишиг” “Эрдэний хувь” хэлбэрээр иргэн бүрт олгох 1.500 мянган төгрөгийг нэн даруй хүртээх, ноолуурын үнийн зөрүүг малчдад яаралтай өгөх шаардлагатай байна гэсэн санал хүсэлтийг иргэдийн олонхи нь гаргасан байна. Мөн УИХ, Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрүүд жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байгаа, багийн төвийг тохижуулах, багын эмч нарыг унаажуулж, байртай болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж урт хугацаатай бага хүүтэй зээл олгон ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, Улсын төсвийн хөрөнгөөр тендерт оролцож шалгарсан барилгын компаниудын барилгын чанар шаардлага хангалтгүй байгаа талаар ярьж шүүмжилжээ.
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол тус аймагт ажиллах үеэрээ иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу олон ам бүлтэй эмзэг бүлгийн 40 өрхөд иж бүрэн орон гэр,зарим сумдын ЕБС, цэцэрлэгүүдэд компюьютерийн иж бүрдэл, сурагчийн ширээ,сандал өглөө.
Мөн Тосонцэнгэл сумын сум дундын эмнэлэгт АНУ-ын хүчилтөрөгчийг агаараас 95-99 хувиар ялгаж өвчтөнийг цэвэр хүчилтөрөгчөөр хангадаг өтгөрүүлэгч аппарат, өвчтөний зүрхний хэм, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлдог, бичлэг хийх хяналтын монитор иж бүрдлийг олгож, бэлэглэсэн байна.