Захын хорооллууд төвлөрсөн ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД бүрэн холбогдож эхэллээ
СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянгол амны “Дулааны шугам”-ын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Буман-Өлзий” хороололд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т. Гантөмөр, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаны хүмүүс, захиалагч, ашиглагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Амины орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бол гэр хорооллын дэд бүтэц юм. Цаашид Засгийн газар, Нийслэлийн зүгээс гэр хорооллын дэд бүтэц рүү чиглэсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Бидний хамгийн гол зорилго айл өрхүүд маань амины орон сууцтай болж түүгээрээ ипотекийн зээлд хамрагдах боломжийг бий болгохыг зорьж байна” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн зүгээс инженерийн байгууламжаа захын хорооллууд руугаа тэлж байгаа. Энэ бодлогын хүрээнд эхний ээлжинд Баянгол амны дэд бүтцийн инженерийн байгууламж болох 5000 айлын орон сууц бүхий “Буман-Өлзий” хорооллын эхний ээлжийн 400 айлын орон сууцны барилга ашиглалтад орж төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоод байна. Цаашлаад Толгойт, Гачуурт, Дамбадаржаа, Бэлх-Сэлх гэх мэтчилэн гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбох ажил бэлтгэлийн шатандаа явж байна. Мөн “Сервис центр” гэсэн гэр хорооллын хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрүүд эхлээд явж байгаа” хэмээлээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянголын аманд 75600 хүн ам, 18000 айлын орон сууц, 18500 хүүхдийн сургууль, 4550 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв бүхий соёлын төв, спорт цогцолборын барилга болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга байгууламжуудыг төлөвлөсөн барихаар төлөвлөсөн юм.
Ерөнхий төлөвлөгөөгөөр 198 байршил дээд орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 174 байршил дээр барилга байгууламж баригдаж байна.
Баянголын амны орон сууцны хороолол болон бусад обьектын дулаан хангамжинд 222 гкал.цаг дулаан зарцуулахаар төлөвлөгдсөн ба нийт 7.7 км дулааны шугамын угсрагджээ.
Түүнчлэн Баянголын амын хэрэглэгчдийг дулаанаар хангахаас гадна бусад инженерийн дэд бүтцийг хамт шийдвэрлэсэн болно. Үүнээс цахилгаан хангамжийн 10кв-ын хуваарилах байгууламж 3 иж бүрдэл, 2*400 ква чадалтай ТП 33 иж бүрдэл, 59.9 км урт 10кв-ын кабель шугамын барилга угсралтын ажил бүрэн дууссан, төлөвлөгдөж байгаа барилгууд нийт 21362 м3/x цэвэр ус шаардагдах бөгөөд төвийн ус хангамжийн ф600 мм шугамнаас насос станцаар өргөж 2*1500 хүчин чадалтай усан санруу ф300 мм хос шугамаар хангахаар шугамын барилга угсралт хийгдэж байна.
Ерөнхий зохион байгуулагч БХБЯ, ЭХЯ хамтарч зохион байгуулсан НЗДТГ, Нийслэл хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хөгжлийн төв ТӨААТҮГ, гүйцэтгэгч байгууллагууд “ДЦС-4” ТӨХК, “Меговатт” ХХК, “Тэргүүн инвест” ХХК, “Одконхолдинг” ХХК, “Монинжбар” ХК, “Альянс-Тех” ХХК, “Энергосервисмонтаж” Ти Си Ди” ХХК тус тус ажилласан байна.