Ё.Баатарбилэг: Би анхнаасаа сайд болох зорилгогүй байсан
2017.10.12

Ё.Баатарбилэг: Би анхнаасаа сайд болох зорилгогүй байсан

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс дараахь тодруулгыг авлаа.

-Сайдад нэр дэвшигчдийн талаар та хувь гишүүний зүгээс ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Бид дотооддоо ярилцаж байгаад, салбар салбараа мэддэг, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явчих чадамжтай, багаар ажиллах чадвартай нөхдүүдээ сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Ер нь бол 32-ын болон 33-ын бүлэг гэсэн нэртэй МАН дотор тусдаа бүлэг байхгүй. МАН 65 гишүүний зүгээс Засгийн газарт орж ажиллах боломжтой гэсэн нөхдүүдээ дэмжлэг үзүүлсэн гэж ойлгох хэрэгтэй.  

-Та Батлан хамгаалахын сайдад нэр дэвшихээр яригдаж байгаад нэрээ татсан юм байна. Яагаад ийм шийдэлд хүрсэн юм бол?

-Манай намын бүлгийн нөхдүүд Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлсэн. Би нэрээ татаад, хашир туршлагатай нөхдүүдээ явуулъя гэсэн санал гаргасан юм. Батлан хамгаалахын сайдаас гадна Шадар сайд дээр ч намайг нэр дэвшүүлсэн. Бидний дунд олон жил парламентад ажиллачихсан, Засгийн газарт ажиллаж байсан улстөрийн өндөр туршлагатай парламентчид нэлээд бий. Энэ хүмүүстээ итгэл үзүүлж, сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж би хувийн зүгээс харж байгаа.

-Гэхдээ танай намын ахмад гишүүд залуустаа боломж олгохгүй, сайдын томилгооноос зууралдаад салж өгөхгүй байгаа нь зохисгүй үйлдэл биш үү?

-Зууралдаад байсан юм ч байхгүй л дээ. Гол нь энэ хүмүүсийнхээ мэдлэг чадварыг бид ашиглах ёстой. Төрд 4-8 жил ажиллахад л болно. Цаашдаа болих хэрэгтэй гэж үзэх юм бол төрийн залгамж чанар алдагдахаас гадна туршлагатай хүмүүсийнхээ чадварыг ашиглаж чадахгүйд хүрнэ. Энэ хүмүүсийн үзэж туулсан, ажилласан туршлага улс оронд хэрэгтэй.

-Танд тэгэхээр сайд болох чин хүсэл байгаагүй хэрэг үү?

-Би аль ч салбарт сайдаар ажиллах боломжтой. Аймгийн засаг дарга, намын хороон даргаар ажиллаж байлаа. Ерөнхийлөгчийн институцид найман жил ажилласан. Би өөрийгөө голсондоо биш юм. Надаас илүү олон жил төрд явчихсан хүмүүс нь  салбараа удирдаасай л гэж бодсон. Энэ Засгийн газар маш хариуцлагатай, тогтвортой ажиллах ёстой. Үүний тулд хамгийн шилдгүүд нь танхимд багтах учиртай. Ийм л байр суурьтай байгаа. Би ямар нэгэн байдлаар сайд болох гэж зорьсон бол Засгийн газрыг огцруулах үеэр өөр байр суурь илэрхийлэх байсан. Гэтэл би Засгийн газраа тогтвортой ажиллууъя гэж намын нөхдөдөө уриалж явсан хүний нэг шүү дээ.

-Шинэ Засгийн газар бүрдсэний дараа танай намын талцсан байдал хэвээр үргэлжилвэл ажил бүр урагшлахгүй биш үү?

-Манай нам тэгж талцахгүй дээ. Шинэ засгийн газрыг танхимаа бүрдүүлээд, ажилдаа орохоос нь өгсүүлээд л бид бодлогоор дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ хариуцлагыг маш сайн нэхэж ажиллана. Үүнийгээ ч би ил тод илэрхийлээд явж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон нийтийн хүлээлтэд байгаа асуудлууд дээр зоригтой ажиллах учиртай. УИХ үүн дээр нь бодлогын дэмжлэгээ үзүүлээд явах ёстой юм. Ийм л хүлээлттэй байна.

-Засгийн газрын танхим 100 хувь давхар дээлтэй  бүрдэж буйд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Давхар дээлний асуудал өөрөө олон нийтийн байнгын ярианы сэдэв. Тухайн салбарын сайд нь парламентад хууль тогтоох инститүцэд суугаад, тогоонд нь байхаар илүү хүчтэй байдаг юм байна гэж ойлгосон. Тийм л тайлбар хийдэг. Би өөрөө сайдаар ажиллаж үзээгүй ч хөндлөнгөөс харахад энэ нь зөв шийдэл шиг харагддаг. Ер нь бол танхимдаа хэнийг авч ажиллуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын энэ бүрэн эрхэнд бид хөндлөнгөөс халдаж болохгүй. Хүндэтгэлтэй ч хандах учиртай.

-Танай нам энэ удаа Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийг эдлүүлж чадав уу?

-Ерөнхий сайд танхимдаа ажиллах сайд нарынхаа нэрийг танилцуулаад явж байна. Энэ нь бүрэн эрхээ эдэлж буй хэрэг гэж л харж байна.  

Ж.МЯДАГБАДАМ