Ц.Даваасүрэн: Туршлагатай, тулхтай, ёс зүйтэй улс төрчид л Тусгай хяналтын дэд хороонд орох ёстой
Өнөөдөр /2017.11.23/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тусгай хяналтын дэд хороонд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар 5 гишүүнтэй Тусгай хяналтын дэд хороог 7 гишүүнтэй болгох саналыг байнгын хорооны дарга О.Содбилэг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанаар тус хороонд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг оруулах асуудлыг хэлэлцэж буй юм.
Хуулийн төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн санал хэлэв.
Ц.ДАВААСҮРЭН: ТУРШЛАГАТАЙ, ТУЛХТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ УЛС ТӨРЧДИЙГ Л ОРУУЛАХ ЁСТОЙ
Тусгай хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороон дээр би санал хэлсэн. Энэ дэд хорооны бүрэлдэхүүнд туршлагатай, тулхтай, ёс зүйтэй улс төрчдийг оруулах ёстой. Мэдээж хэрэг гишүүн болсон хэн ч эрх зүй талаасаа орох эрхтэй. Гэхдээ бид нар үүнийг ёс зүй талаасаа зохицуулж ирсэн. Одоо тийм биш болжээ.
Хараад байхад том түрийвчтэй хүмүүс орж байна.
Энэ бол чухал дэд хороо. Нэр дэвшиж байгаа гишүүдээс янз бүрийн асуудалд орсон хүн байна. Шүүхээр шийдээгүй л гээд яваад байна. Энэ асуудлыг зохицуулах хороо нь Тусгай хяналтын дэд хороо.
Шалгуулах шаардлагатай бол халдашгүй байдлын дэд хороонд авч хэлэлцэх ёстой. Гүтгэлээ гээд л мэлзчихдэг байж болохгүй. Шүүхээр шийдэгдээгүй гээд гүрийдэг.
Бид цэвэр тунгалаг байхгүй бол монголын төр ч мөн адил байна. Энэ гурван дэд хороонд өрсөлддөг байж болохгүй. Яах гэж улайран зүтгээд байгааг ойлгодог байх ёстой. Монголын төрд итгэх итгэлийг бий болгохын төлөө л энэ гурван дэд хороо ажиллах ёстой.
2020 он гэхэд сайхан зүйл яриад л нэр дэвших мөртлөө одоо ийм зүйл хийгээд явж байна. 2 нам 4, 4 жилээр ээлжлээд л яваад байгаагийн шалтгаан бол энэ.