БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2011.03.25

БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Ж.Сүхбаатар БНСУ-ын Үндэсний сонгуулийн Комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр сонгуулийн шинэчлэлийн үед айлчлал болж байгааг дурьдаад сонгуулийг шударга, цэвэр байлгах ялангуяа сонгуулийн хариуцлагын асуудал маш чухал болж байгааг тэрээр онцлон тэмдэглэв.


Үүний дараа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Санг-Ву Мун нар хоёр улсын сонгуулийн төв байгууллагын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонгуулийг удирдан зохион байгуулж явуулах салбарт хамтын ажиллагааны үндсийг тавих, хоёр талын сонирхлын хүрээнд хамтран ажиллах, мэдээлэл, технологи болон туршлага солилцох бололцоог хангахад энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа ажээ. Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн автоматжуулсан систем, улс төр дахь ардчиллын соёлыг хөгжүүлэх, сонгогчдын боловсрол зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар уг санамж бичигт тусгасан байна.



Мөн мэдээлэл болон баримт бичиг солилцох, шинжээчид болон ажилтнуудаа харилцан илгээх, сонгуулийг үр дүнтэй зохион байгуулж явуулах талаар хамтарсан судалгаа шинжилгээ хийх, сонгууль зохион байгуулж явуулах талаар болон талуудын сонирхсон бусад асуудлаар уулзалт, семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар тусгажээ.Энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын сонгуулийн төв байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.Энэ арга хэмжээний үеэр БНСУ-ын Үндэсний сонгуулийн Комисс Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд 62 ширхэг компьютер бэлэглэж байгаагаа БНСУ-ын сонгуулийн байгуууллагын төлөөлөгчдийн тэргүүн мэдэгдэж тэдгээрийг монголын талд албан ёсоор хүлээлгэн өгөв. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нар оролцов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.