Их жанжнаар овоглосон хороонд бүтээн байгуулалт сүндэрлэнэ
2018.02.05

Их жанжнаар овоглосон хороонд бүтээн байгуулалт сүндэрлэнэ

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиолоо. Энэ ойг тохиолдуулан МАН-аас санаачлан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан. Тэд Их жанжин Д.Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эдзүйлсийгдэлгэжхаруулсан үзэсгэлэнгийн нээлтээр тухайн өдрийг арга хэмжээг эхлүүллээ.

Нээлтэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги академийн захирал Г.Наранбаатар болон Д.Сүхбаатарын ач, зээ нар оролцлоо. Энэхүү үзэсгэлэнд тавигдсан цуглуулгыг Сүхбаатар судлаач О.Баатар 1966 оноос өнөөг хүтэл 53 жилийн турш цуглуулжээ. 

Тэрбээр анх 1966 онд Д.Сүхбаатарын үйл хэргийг сурталчлахаар хоёрдугаар сургууль дээр ханын сониноор эхлүүлж байсан бол эдүгээ үзэсгэлэн болтол өргөжүүлжээ. Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, түүхийг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг зэрэг 500 гаруй цуглуулгатай болоод байгаа аж. Түүний цуглуулгад Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Д.Сүхбаатар, Ленин" баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатар хөшөөний анхны эскиз, Монголд цорын ганц хувь болох Жанжны хөрөг бүхий медаль зэргийг онцлон дурьдаж болно.

Үзэсгэлэнгийн үеэр О.Баатар

“Цуглуулгаа найман настайгаасаа эхлүүлсэн. Эцэг эхээс заяасан нэр минь Наваан гэдэг байсан. Гэтэл 1944 онд Жанжин клубыг шинэчлэн баригдах үед найман настайдаа аав, ээжийн хамт идэвхтэй оролцсон юм. Клубын нээлтийн баярын хурал дээр клубын дарга “Наваан хүүд Жанжин Сүхбаатарын “Баатар" гэх нэрийг өгч байна гэж хэлээд, түүнээс хойш аав, ээж минь бэлэгшээж Баатар гэж дуудах болсон’’ гэв.

Мөн тэрбээр “Нас өндөр боллоо, цуглуулга цуглуулах маш хэцүү. Тиймээс олон жил хичээл зүтгэл гаргаж цуглуулсан энэ бүх ажлаа МАН-д хүлээлгэн өгч байна. Залуучууд үүнээс хойш залгуулаад, арвижуулаад явна гэдэгт итгэлтэй байна" гэж байлаа.

Их Жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг "Элбэг амгалан" гацаан буюу одоогийн БЗД-ийн 12 дугаар хороонд мэндэлжээ.

1921 оны гуравдугаар сарын 1-3 -ны хооронд хуралдсан МАН-ын анхдугаар их  хурлаас Бүх цэргийн жанжнаар томилогдсон. Тэрээр 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байжээ. 

Үзэсгэлэнгийн үеэр анхаарал татсан өөр нэг сонирхолтой үзмэр бол Эрдэнийн очир нийгэмлэгийн тэргүүн С.Түвдэндоржийн цуглуулга болох, Ардын хувьсгалын үеийн дуу бүхий пянзнууд байлаа. С.Түвдэндорж нь 20 гаран жил монголчуудын хөгжмийн түүхийг тэр дундаа пянзны түүхийг судалж цуглуулга хийсэн аж. 

Түүний цуглуулгад “Шивээ хиагт", “Улаан туг”, “Магнаг үсэгтэй туг”, “Сүхбаатарын туг” зэрэг Д.Сүхбаатарт зориулж гаргаж байсан дуунуудтай пянзуудыг тавьж үзэсгэлэнд ирсэн хүмүүст сонирхуулж байлаа. Үзэсгэлэнг сонирхогч ахмадууд “Эдгээр дуунуудыг сонсоод зогсоход яг л тэр үед оччихсон юм шиг сэтгэлд дотно сонсогдож байна шүү” хэмээн хуучилж байлаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ардын засгийг Монгол Ардын Намтай үүсгэн байгуулсан Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдрийг МАН жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг. Одоогоос 100 жилийн өмнөх тэр Ардын Хувьсгал, Ардын засгийг үүсгэн байгуулах үйл хэрэгт тухайн үеийн 19, 20 настай залуус оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг бий болгох, харийн дарангуйллаас улс орноо челөөлөхөд гар бие оролцож манлайлж явсан энэ хүнийг үргэлж санаж, явах ёстой. Цаашид ч МАН энэ үйл хэргийг хойч үеийн залуустаа таниулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсаар байх болно” гэдгээ хэлж байлаа.


Дараа нь Их жанжин Д.Сүхбаатар болон Маршал Х.Чойбалсан нарын төрөл төрөгсдийг МАН- ын дарга У.Хүрэлсүх хүлээн авч хүндэтгэл үзүүлж, төв талбай дахь Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн.

Түүнчлэн МАН Стратеги академитай хамтран ойд зориулсан эрдэм шинжилгээний Бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан юм. Хуралд ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны доктор Д.Эрдэнэбат, Түүхийн ухааны доктор О.Бат-Амгалан, Стратеги академийн бодлогын зөвлөлийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, докторант Б.Батбаатар нар оролцож “Д.Сүхбаатар хувь хүний тухайд” “Д.Сүхбаатар судлалын үүсэл хөгжил” “Монгол Улсын тусгаар тогтнолд Д.Сүхбаатарын гүйцэтгэсэн үүрэг” зэрэг сэдвээр илтгэл тавьлаа.


Мөн энэ өдрийн үйл ажиллагаатай холбогдуулан НАМОХ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Биднээс хамаарна” донорын аяны нээлтийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн, Цус судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр болон шинээр донор болж уг аянд нэгдэхээр ирсэн их дээд сургуулийн оюутан залуус, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.


Энэ өдрийн бас нэгэн онцлох үйл явдал бол Д.Сүхбаатарын амьдарч байсан гэрийнх нь бууринд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол байлаа. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ- ын Тэргүүлэгчдийн тогтоолыг тус хорооны иргэдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан нар гардууллаа.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд Өнөөдөр Монголын ард түмний суут хүү Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг бид бүхэн тэмдэглэж байна. Энэ хүн бол өнөөгийн Монгол орныг бий болгоход үнэлж баршгүй гавьяа байгуулсан Монгол төрийн нэрт зүтгэлтэн юм. Иймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Жанжин Д.Сүхбаатарын гэрийн буурь байдаг гудамжийг их жанжныхаа нэрэмжит болгохоор болсон. Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн нэг хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгоод зогсохгүй хот тохижилт, бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ. Гэрийн буурь байгаа газарт Улаанбаатар хотыг “Ногоон хот” болгох зорилтын хүрээнд Цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулах ажлыг хийнэ. Ингэснээр БЗД-т нийслэлийн иргэд маань ирэх дуртай цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдэх болно” гэлээ.


Тогтоол хүлээн авах ёслолд Их Жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд оролцож, Их Жанжны мэндэлсэн өдрийг ёслол төгөлдөртэмдэглэж буйд Нийслэлийн удирдлагууд болон МАН-ын удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Өндөр настан Х.Загдан “Өнөөдрийн үйл ажиллагаа сайхан боллоо. Бид энэ их суут хүний бүтээн байгуулсан тэр нийгмийг үргэлжлүүлэн авч явах хувьтай төрсөн азтай хүмүүс гэж бодож явдаг. Өнөөдөр хэчнээн зэврүүн хүйтэн өдөр байгаа ч гэлээ энэ хүний байгуулсан гавьяаны халуун илч нь биднийг дулаацуулж байна” гэв. Энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөж, хүрэлцэн ирсэн хүмүүсийн харцанд омогшил, бахархал дүүрэн байгаа нь илхэн байлаа.

Сэтгүүлч Л.Энхцэцэг