Малынхаа тоонд биш чанарт анхаарсан бүх санаачилгыг дэмжиж ажиллана
2018.02.19

Малынхаа тоонд биш чанарт анхаарсан бүх санаачилгыг дэмжиж ажиллана

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр салбарын аваргуудаа тодруулж урамшуулдаг уламжлалаараа Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланчдыг тодруулсан. Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулсан юм.Сар шинийн битүүний өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг (2018-02-15)  өдөр Улсын аварга фермерээр шалгарсан “Тайшир өргөө” ХХК-д Улсын аварга фермерийн шагналыг нь гардуулан өгсөн юм.

“Тайшир өргөө” ХХК нь 2008 онд байгуулагдсан нийт 20 ажилтантай арвин ашиг шимтэй үхэр, хонины аж ахуй эрхлэх, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зураг төсөл хийх, тоног төхөрөөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани  2014 онд 180 үнээний бүрэн механикжсан фермерийг ашиглалатад оруулан улмаар Норвеги улсын сүү-махны хосолмол ашиг шимт “Норвегийн улаан” үлдрийн үхэр, ОХУ-аас сүү-махны “Симментал” үүлдрийн үхэр, махны чиглэлийн “Эделбай” үүлдрийн хонийг албан ёсны эрхтэйгээр импортлон Монгол орны цаг уурын нөхцөлд тохируулан өсгөн үржүүлж байна.

Эдгээр арвин ашиг шимтэй малыг эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлэхдээ мал эмнэлэг болон үржлийн үйлчилгээг гэрээгээр хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэн ажилладаг байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Улсын аварга фермерээр шалгарсан
“Тайшир өргөө” ХХК-д Улсын аварга фермерийн шагналыг нь гардуулан өглөө

2012 оноос хойш ногоон тэжээл, даршны ургамалаа өөрсдөө тариалан хэрэгцээгээ хангадаг ба тариалалтад дэлхийн нэрд хүндтэй компаниудын техник тоног төхөөрөмж, технологи ашиглаж байгаа нь тухайн олон улсын болон дотоодын чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр малаа тэжээх нөхцөл боломжийг бий болгосон байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ, Та бүхний аж ахуйгаа мэргэжлийн өндөр түвшинд хөтлөж, үйл ажиллагаандаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маллагааны болон арчилгааны технологи ашиглаж байгаа нь арвин ашиг шимтэй малын үрээр дотоодыг хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлэх ирээдүй харагдаж байна. Үүгээрээ Засгийн газар, ХХААХҮЯ-наас баримталж байгаа “Малын тоонд биш чанарт, нэгж малаас авах ашиг шимд анхаарлаа хандуулах” бодлогод нийцэж байна. Цаашдаа энэ мэтчилэн  малынхаа тоонд биш чанарт анхаарсан бүх санаачилгыг дэмжиж ажиллана гэлээ