2009.12.29

УИХ-ын гишүүн Х.Баттулга Ардчиллын танхимд хөрөнгө оруулжээ

Үндэсний түүхийн музейд Ардчилсан хувьсгалын танхим нээгдээд удаагүй байна. Монголчууд энэ ордны гадна хэдэн мянгаараа цугларч, тэсгим хүйтнийг ажралгүй, эрх чөлөөгөө шаардаж дарангуйлагч дэглэмийг сөрөн зогсож байсан цаг саяхан мэт боловч хэдийнэ хорин жилийг үджээ.

Жагсагчдын дунд оюутнууд, лам нар, ажилчид, түүнчлэн эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарласан ардчилсан үзэлт хэсэг залуус байв. Итгэл үнэмшлийнхээ хүчээр тэд коммунист эрх баригчдыг засгийн эрхээс буулгажээ. Хэдхэн сарын дараа чөлөөт сонгуулиар эрх чөлөөт Монгол Улс мэндэлсэн юм.

Эдүгээ Ардчиллын танхимд түүх өгүүлсэн ховор нандин үзмэрүүд бишгүй болжээ. Анхны ерөнхийлөгч П.Очирбатын ёслол хүндэтгэлийн ажиллагаандаа өмсөж байсан дээл, малгай, гутал, “ардчиллын дууч” хэмээн алдаршсан С.Цогтсайхан агсны эгшиглүүлж, гарт нь элэгдсэн банзан гитар шилэн хорго дотор дэлгээтэй.

Ардчиллыг үндэслэгч, алтан хараацай гэж нэрлэгддэг анхдагчдын гэрэл зургууд, УИХ-д сонгогдож байсан гишүүдийн үнэмлэх, О.Дашбалбар агсны хийж бүтээсэн зүйлүүд гээд сонирхолтой содон, ийм зүйл байсан юм уу гэж гайхам үзмэрүүд олон аж. Сүх жанжны талбай, Ялалт кино театрын өмнө хэдэн мянгаараа цугларч сэтгэл зүрхээ нэгтгэн тэмцэж байсныг гэрэл зургийн хальснаа түүх болон мөнхөрчээ.

Ардчилсан холбооны анхдагчдын нэг Ш.Чойжил Ардчиллын танхимыг гардан хийжээ. Тэрээр ажлаа өнгөрсөн оны аравдугаар сарын үед эхэлсэн агаад ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилдог хүн бүр гар бие оролцож, энэхүү танхимыг бүтээснийг өгүүлэх.

Тэрээр ардчиллын танхимын онцлогийн талаар ийн ярилаа. “Бид танхимд байх үзвэрүүдэд мэдрэгч байрлуулж, “шум” гаргадаг болгосон. Үзвэрийн өмнө очиход мэдрэгч ажиллаж тухайн үед тэр хүн юу хэлж байсан нь шууд явна. Тухайлбал, С.Зориг агсны зургийн өмнө очиход ордны гадаа цугласан хүмүүст хандаж хэлж байгаа үг нь явах жишээтэй. Мөн танхимд байрлуулсан компьютерээс бичлэг үзэж, хүсвэл хуулж авч болно. Энэ бол музейн түүхэнд гарсан нэгэн шинэ ололт гэж бодож байна” гэв.

Түүхэн үзвэрүүд, гэрэл зургийн хальс дээрх хүмүүсийн овог, нэрийг тодруулах, хэрэглэж байсан эд зүйлийг хаанаас олж болох гээд багагүй хүндрэл учирчээ. Нэг зураг олох гэж долоо хоног ч зарцуулж байсан удаатай аж. Гэхдээ энэ ажилд олон хүн оролцсоны хүчээр хурдан бүтжээ.

С.Цогтсайхан агсны гитар бага зэрэг амьд биш санагдаад байгаа. Энэ чинь эгшиглэж байна уу даа гэж харагдахаар болгомоор санагддаг юм. Тойруулж гэрлэн чимэглэл хийгээд өгчихвөл амьд болно. Цаг хугацаа давчуу, олон зүйл бодож байсан болохоор хийж амжаагүй хэмээн тэрээр учирлана.

Хүмүүс хоол хүнсээ картаар авдаг байсныг гэрчлэх мэт үзмэрүүд дундаас “талон” тод үзэгдэх. “Хэцүү, хатуу цагийг ард түмэн туулсан. Ам бүлийн тооноос харгалзан талх авна. Идэх гурил, будаа, мах гээд бүх зүйл хэмжээтэй байлаа. Ганц ширхэг талх авах гэж дайн болох дөхдөг байсныг одоогийн хүүхдүүдэд хэлбэл итгэхгүй. Энэ өвгөн шал худлаа чалчиж байна гэх нь лавтай” хэмээн инээвхийлнэ.

Тэрээр “Заавал буу барьж, хэн нэгнийхээ цусыг урсгасан бол МАХН-ынхны хувьд хувьсгал болж таарна. Тэд оюун санаа, эрх чөлөөний хувьсгалыг хүлээн зөвшөөрч чадахгүй л байгаа юм. Бид 1990 онд дарангуйлагч засаглалыг халж, ардчилсан чөлөөт сэтгэлгээ, оюуны хувьсгал хийсэн. Ирээдүйгээ сайн сайхан байлгахын төлөө, эрх чөлөөт нийгэмд амьдруулах л гэж Ардчилсан хувьсгал хийсэн” гэв.

Ардчилал бий болсноос хойш 18 жил өнгөрч байхад музей байгуулах санал гаргаж, дэмжсэн хүн үгүй аж. Харин МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга Ардчиллын түүхийг харуулсан музей байх ёстой гэж хэлээд хөрөнгө мөнгөөр дэмжсэн юм. Энэ хүн Ардчилсан холбооны болон түүх соёлын төлөө их зүйл хийж бүтээлээ хэмээн Ш.Чойжил талархлаа илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.