АН-ын бүлгийн гишүүд иргэн бүрт 120 мянган төгрөг
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төслүүд, мөн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” болон ”Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг асуудлыг тус тус авч хэлэлцлээ.
Энэ өдрийн хуралдааныг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчийн орлогч Л. Гантөмөр даргалж явуулав.
Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэрэг нийт таван хуулийн төслийг авч хэлэлцээд тэдгээр хуулиудыг УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин нарын 16 гишүүний өргөн мэдүүлсэн хуульд нэгтгэн дахин боловсруулж ирэх 2010 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бүлгийн хуралдаанаас “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” болон ”Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” УИХ-ын шийдвэрийн төслүүдийг шуурхай боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ. Эдгээр тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н. Алтанхуяг бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд уг төслийг УИХ- аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Уг тогтоолын төсөлд Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт хишиг, хувь хүртээх хөрөнгийн хэмжээг 120 мянган төгрөгөөр тогтоохоор тусгажээ.