Ө.Энхтүвшин: Хэлэлцэж тохирсноо бодит ажил болгох л үлдлээ
Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит XXI хуралдаан ОХУ-ын Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлсэн. Комиссын ээлжит хуралдааны хүрээнд талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, санхүү, зээл тусламж, хүрээлэн буй орчин, түлш, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ. Мөн Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын XIII, Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын V хуралдааныг амжилттай зохион байгуулав.
Эрчим хүчний яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар уулзалт, Барилга, хот байгуулалтын яамд хоорондын Ажлын хэсгийн II хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт болж, олон чухал асуудлыг хэлэлцсэн байна.
Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын XIII хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний сацуу Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохирчээ.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаанаар Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хооронд 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг үзэглэж, соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар тохиролцов.
Комиссын Монголын хэсгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон албаны бусад хүн оролцжээ.
Нэгдсэн хуралдааны төгсгөлд ЗГХК-ын XXI хуралдааны төгсгөлийн баримт бичиг буюу Протокол, Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгуулжээ.
Ийнхүү Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар ЗГХК-ын хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв.
Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ эхэнд ЗГХК-ын хуралдааныг мэргэжлийн өндөр төвшинд Монгол, Оросын тал хүчин чармайлт гарган идэвх зүтгэлтэй ажилласныг онцолсон. Тэрбээр “2016 онд Улаанбаатар хотноо хуралдсан XX хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүд үндсэндээ амжилттай хэрэгжиж байгаа ч биелэлт нь хоцорч буй зарим асуудалд талууд цаашид анхаарч ажиллах шаардлага байгаа. Зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа харьцангуй идэвхтэй хөгжиж ирсэн байна.
Харин барилга, соёл, эрүүл мэнд зэрэг чиглэлд илүү анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж ажиглагддаг. Хоёр улсын хооронд нэг удаагийн уулзалтаар шийдэгдэхгүй маргаантай асуудлууд байгаа. Бидэнд шийдлээ олох бүрэн боломж бий. Олон жил хуримтлагдаад байсан зарим асуудлыг энэ удаагийн хуралдаанаар ойрын х/гацаанд ойлголцох төвшинд хүргэлээ. Одоо ярьж тохирсноо бодит ажил хэрэг болгох л үлдэж байна. Ингэж чадвал XXI хуралдааныг “маш амжилттай боллоо” хэмээн үзэж болно. Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бид чармайн ажиллах болно” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын сэтгүүлчдэд хэлжээ.