Өргөдлийн байнгын хорооны тогтоол бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учруулаагүй
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооноос гаргасан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02, 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн байнгын хорооны хуралдааныг зохион байгуулах болсон талаар тайлбарлахдаа, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, эдийн засаг сэргэхийн зэрэгцээ шинээр баригдах зам, барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна.
Гэтэл иргэн, аж ахуйн нэгжүүд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолууд түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, элс/ олборлохыг хориглосон тогтоол болсон хэмээн шүүмжлэл дагуулж байна. Иймд өнөөдрийн хуралдаанаар тогтоолуудын хэрэгжилтийн биелэлт болоод албаны хүмүүсийн байр суурийг сонсохоор хуралдаж байна гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн, Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын:
3.Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох,
9.Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,5 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх,
10.”...түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргаагны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэж заасан.
Дээрх заалтуудын хэрэгжилтийг сонсох хуралдааныг Өргөдлийн байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүдийн саналыг үндэслэн 7 заалт бүхий Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоол гаргасан болно.
Байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэрийн гол агуулга нь Туул голын ай сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулах, хүний амь нас, мал, амьтан эрсдэх, лицензийн наймаа, бусад хууль бус үйл ажиллагаанаас сэргийлж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн болно гэв.
Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв.
Тэрээр, 2018 оны 3 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын 82 хайгуулын тусгай зөвшөөрлөөс 74 тусгай зөшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хувьд 2020, 2021 онууд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байх хуульд заасан эцсийн хугацаа болно. 2016 онд 4 аж ахуйн нэгж, байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бол 2017 онд өргөдөл хүлээн аваагүй. Харин 2018 оны 02 дугаар сард 3 аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл ирүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийн дагуу Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болно.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Тогтоолуудын хэрэгжилтийн хувьд өнгөрсөн хугацаанд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг бүрэн зогсоосон, харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөгдсөн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эрх зүйн хүрээнд нээлттэй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.
УИХ-ын гишүүд Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлох асуудлыг бүрэн зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу дараагийн хуралдааныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах санал хэлж байлаа.
Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, гол, мөрний сав газар, хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, хайх ажлыг хориглох, шинээр лиценз олгохгүй гэсэн Өргөдлийн байнгын хорооны тогтоол хэвээр хүчин төгөлдөр байх болно.
Харин уулын газруудаас хайрга, дайрга олборлох асуудал хэвээр хүчин төгөлдөр үйлчлэх ба тухайн Засаг захиргааны нэгжийн даргад олгох эрх мэдэл нь хэвээр байгаа. Иймд бүтээн байгуулалтын ажилд тус Байнгын хорооноос гаргасан тогтоол хүндрэл учруулаагүй болно хэмээсэн юм.