2018.03.09

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Чандмань-Өндөр сумын ЕБС-д ажиллав

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр  суманд ажиллаж байна. Тэрээр сумын Ерөнхий боловсролын сургуульд 3,1 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тавилга, эд зүйлийг гардуулан өглөө.

Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Хөвсгөл аймагт 20000 ном” хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд монгол, англи хэл дээрх 250 ном, цэцэрлэгт хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйг хөгжүүлэх 50 номыг мөн хүлээлгэж өглөө. 

Тус сумын өмнө тулгамдаад буй нэг асуудал бол сумын сургуулийн барилгын асуудал. Ашиглалтын хугацаа дуусаж, мэргэжлийн хяналтын байгууллагаас "ашиглаж болохгүй" гэсэн дүгнэлт гарчихаад байгаа юм.  Сургуулийн барилга мөөгөнцөртсөний улмаас сурагчид мөөгөнцөр өвчнөөр өвчилсөн тохиолдол гурав бүртгэгдээд байгаа юм. 

Иймд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар сургуулийн шинэ барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавиад байсан юм.  Түүний хүсэлтийг дагуу 2018 оны Улсын төсөвт тус сумын сургуулийн шинэ барилга барих эхний ээлжийн хөрөнгийг суулгасан байна.