Б.Бат-Эрдэнэ: 2002 оноос хойш ээлжит бус Их-Эе хуралдуулж, бөхийн өргөөг дайрч эзэлсэн тохиолдол олон удаа гарсан
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2018.04.19

Б.Бат-Эрдэнэ: 2002 оноос хойш ээлжит бус Их-Эе хуралдуулж, бөхийн өргөөг дайрч эзэлсэн тохиолдол олон удаа гарсан

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бөхийн холбоо тойрсон асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “1990 онд Монгол ын үндэсний бөхийн холбоо гэж байгууллага эвлэлдэн нэгдэж байгуулагдсан 28 жилийн түүхтэй байгууллага юм. Дүрмээрээ дөрвөн жилд нэг удаа Их-Эе хуралддаг жишигтэй. Өнөөдрийн энэ маргаан 2002 оны ээлжит дөрөвдүгээр Их Эе-ээс эхлэлтэй гэхээр 16 жилийн хугацаанд болж буй юм. Ингээд энэ жил ээлжит Их-Эе хурал болсон. Миний хувьд энэ хурлаараа ч асуудлаа цэгцлэх нь зүйтэй гэж үздэг. Гуравдугаар сарын 24-нд ээлжит хурлаараа бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх асуудлаа хэлэлцэн батласан юм. Хуучин дүрмээрээ бол тэргүүн гэдэг нь гол эрх мэдэл бүхий гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан. Удирдах зөвлөлөө даргалдаг байсан. Харин шинэ дүрмээрээ бол гүйцэтгэх зөвлөл нь тусдаа, удирдлага нь тусдаа, цэцдийн зөвлөлийн дарга нь тусдаа байх юм. Би бол бөхийн өргөөнд ямар нэг цалин, өрөөгүй. Тэргүүн дэд, тэргүүн хоёр ийм байхаар бүтэцтэй болсон юм. Ингээд хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрмэнд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа юм. Уг Ганболд заантай утсаар яриад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ.

Гэхдээ та нар Цэцдийн зөвлөлийн хурал хийгээд тэргүүлэгчдээ сонгоод гүйцэтгэх захиралаа томилохдоо Нямдорж, Данзан гээд хуучин хүмүүсээ л тавих байхдаа гэхэд нь залуучууд маань тийм юм байхгүй ээ. Бид бүх удирдлагыг авсан. Шинэ тэргүүн дүрмээрээ ч тэр бидний шаардлагаар ч тэр нэг саналтай 15 тэргүүлэгчдийн нэг гэсэн. Тэгэхэд нь за тэгвэл та нар сонгоод явахаар чинь харж байж болно” гэсэн л хариу хэлсэн юм билээ. Гүйцэтгэх захиралаар нь Улсын заан Б.Сайнбаярыг томилоод ажиллуулж байгаа. Дэд тэргүүнээр Улсын заан Ц.Магалжав сонгогдоод ажиллаж байгаа. Ингээд залуучууд ахиад санал санаачилга гаргаж Бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа Л.Чинбат, А.Сүхбат, Гарьд Б.Гантогтох, Ү.Хүрэлбаатар нар дээр Б.Сайнбаяр Ц.Магалжав нар очоод хэлэлцээ хийсэн юм билээ. Хурлын протокол нь байна. Их-Эе-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон учраас энэ өөрчлөлтөөрөө хурлаа дахин хийе гэхэд нь А.Сүхбат ийм бүрэлдэхүүнээр хурлаа хийхэд асуудалгүй гэж ярьжээ. Ингэхэд нь Б.Гантогтох “Ийм бүрэлдэхүүнээр хуралдвал Бат-Эрдэнэ аварга  гараад ирнэ” гэхэд нь Л.Чинбат “Ийм бүрэлдэхүүнээр хоёр талаасаа хуралдвал Бат-Эрдэнэ аварга ч, би ч дэвшихээ больё” гэж ярилцаад гарын үсгээ зуралцсан юм билээ. Энэ асуудлаа надад хэлэхэд нь би  ч татгалзах юм алга гэдгээ хэлсэн.

Намайг дэвшүүлэхгүй гэсэн ч би хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Энэ үед Ж.Мөнхбат аварга маань бурхан болж уй гашуутай байхад хэвлэлүүдтэй хаалтын гэрээ хийж дайралт хийж зохион байгуулахаа болиочээ гэж ярьсан юм билээ. Гэтэл тэр орой нь нөгөө нөхдүүд бөхийн өргөө рүү дайрсан байсан. Зөвхөн 2017 оны 5 сарын 28-нд Л.Чинбатыг сонгосон шиг хэд хэдэн удаа ээлжит бус Их-Эе хурал болж байсан юм. 2002 оноос хойш ээлжит бус Их-Эе хурал хийж, бөхийн өргөөг дайрч эзэлсэн тохиолдол 5-6 удаа болж байсан юм билээ.Энэ хурлууд нь шүүх дээр очоод хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлүүлсэн байдаг. Би бол Л.Чинбатыг даргаар нь томилсон гурван шатны шүүхийн шийдвэрийг олж хараагүй байгаа. Жаахан тэвчээртэй байж болно доо. Тэрийг хүлээхгүй үймээн самуун дэгдээж, өндрөө аваад байгаа юм. Ингэж өндрөө авах асуудал ч биш. Баримттай, факттай ярьсан асуудал дээрээ л ярих хэрэгтэй” гэв.

-Таны бие хамгаалагч Б.Одхүү Сүхбат аваргыг зодсон нь үнэн юм уу?

-Би чинь хамгаалагч, туслах, жолооч ч байхгүй. Би тухайн үед тэнд байгаагүй. Хуулийн дагуу гэдгээ хэлчихээд л гарсан болохоор яг тэр үймээний үеэр байгаагүй. Биед нь халдсан асуудал байхгүй гэдгээ ч өөрөө надад хэлсэн. А.Сүхбат гишүүний хувьд хэлэхэд гишүүний халдашгүй байдал гэдгийг бид яаж ч зоргоороо байж болно, юу ч хийж болно гэж боддогоо болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын гишүүн хууль батлан гаргах, энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь л халдашгүй байдлыг нь дархлаажуулж байгаа болохоос биш өөрөө энд тэнд очоод нийгмийг турхирчихаад халдашгүй байдал гэдэг заалтын ард нуугдах гэж яриад байж болохгүй. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдсон хүн. Надад ямар ч халдашгүй эрх байхгүй. Хаана ч би энэ эрхээрээ түрий барьж үзээгүй.

-Дүрмийг Улсын бүртгэл бүртгэх процесс нь яасан юм бэ?

-Тэр процесс нь хуулийнхаа дагуу явагдаж байгаа. Ер нь иргэний нийгмийн байгууллагын төлөвшилтэй холбоотой асуудалд аль аль талдаа ойлголттой байх ёстой. Гуравдугаар сарын 24-нд болсон ээлжит бус хуралтай холбоотойгоор аливаа бүртгэл хийхгүй байхыг үүрэг болгосон цагдаа, шүүхийн бичиг очсон юм билээ. Иймээс бүртгэхгүй гэж байгаа юм билээ. Хуулийн дагуу хурлаа хийгээд, эвлэлдэн нэгдээд хуулийн дагуур протоколоо өгвөл бүртгэнэ.

-Энэ асуудалд Ц.Нямдорж сайдыг оролцсон гэж яригдаад байгаа нь үнэн үү?

-Үгүй байх гэж бодож байна. Хүмүүсийн хардах сэрдэх асуудал төвөгтэй юм. Тэр орой би Ц.Нямдорж сайдтай ярьсан. Намайг тэнд болоод асуудал юу болоод байгаа юм. Тараасан дээр байх шүү гэж хэлсэн. Би Хандгайтад зуслан дээрээ байна гэдгээ хэлсэн. Тэндээс мэдээлэл сонсоход согтуу хүмүүс хэд хэд байна гэж хэлсэн учраас сайдад энэ асуудлыг анхаараарай гэж хэлсэн. Иймээс Ц.Нямдорж сайд бас хэлсэн юм билээ”  гэв.

Ц.ТАМИР