2018.05.03

Ё.Баатарбилэг: Гишүүдэд ямар хариуцлага оногдуулдаг вэ?

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байна. Тус хороо нь 7 гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-аас 6 жилийн хугацаатай томилсон орон тооны бус 4 гишүүнээс бүрдэнэ гэж заасныг үндэслэн Мөнгөний бодлогын орон тооны бус гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 5 сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. 

 УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Орон тооны бус гишүүдэд эрх байдаг байх, хариуцлага ямар байдаг вэ? Өнгөрсөн дөрвөн жил мөнгөний бодлого алдаатай явсан гэдэг. Хариуцлага яаж тооцдог вэ?  Гишүүдийг яаж томилдог вэ?

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хариуллаа:

2016 онд мөнгөний бодлогын хороо байгуулсан. Сая Монгол банк, Арилжааны банкны хуулиуд өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой өөрчлөлт орж ирж байгаа. Хариуцлага чухал. Хуулинд энэ талаар сайн тусгасан. Мөнгөний бодлогын талаар  жилд 4 удаа хуралддаг.Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлнэ. Өнөөдрийн байдлаар байнгын хорооноос 3 хүний нэр дэвшээд орж ирж байна.