2018.05.11

Н.Амарзаяа: Орлогыг нэмэх тал дээр бодит ажил төлөвлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: 

Сангийн сайд сайшаалтай олон зүйл хэлж байна. Орлогыг нэмэх тал дээр бодит ажил төлөвлөгдөөгүй байна. Тодруулаач ээ. Орлого нэмэх зүйлээ үнэлсэн үү? Төсвийн зарлагыг анхаарах хэрэгтэй. Зарлагын төлөвлөлт дээр эрэмбэлэх шаардлагатай. Дараа, дараагийн жилд төсөв яаж зарцуулагдах вэ? Орлого, зарлага, тэнцвэржүүлэх шаардлага байгаа. Гишүүд 2019,2020 онд яг юу хийх талаар санаа, оноогоо сайн хэлэх хэрэгтэй байна. Салбарын бодлогын яамдын бодлогын асуудлыг хэрхэн тусгасан бэ? Бид цалин нэмнэ гэж амласан. Амлалтандаа хэзээ хүрэх вэ? Орон нутагт төсвийн орлого төвлөрөх талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2019 оны орлогыг 1,9 их наяадаар оруулж ирж байгаа. Их шахсан тоо. Хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн. Дахиад нэмнэ гэвэл эрсдэл үүснэ. Зардлыг 1,3 их наядаар нэмэгдүүлж орж ирж байна. Утаа, боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвөөс гол анхаарал тавина. Төсвийн алдагдлыг 2 хувь болгож буулгах боломж бий. Гэхдээ урсгал зардлаа нилээр тандах шаардлага байгаа. Агшсан эдийн засгийг сунгахад хийх ажил их бий.