Д.Тэрбишдагва: Б.Хурц ирчихсэн юм уу, сонсоогүй юм байна
0
2011.09.29

Д.Тэрбишдагва: Б.Хурц ирчихсэн юм уу, сонсоогүй юм байна

-Оюутолгойн гэрээтэй холбоо­тойгоор УИХ-ын нэр бүхий гишүүд шаардлага гаргаж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Засгийн газар шаард­­­лагыг нь хүлээж аваад байхад юу болоод хэвлэлийн хурал хийлгэхэд хүрэв?
-Бидний хорин гишүүн Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах үүднээс шаардлага гаргасан. Бид анхнаасаа л байр сууриа өөрчлөөгүй. Эхнээсээ л сайн хийгдэх ёстой гэрээ байсан. Тэгээд ч Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийг дэмждэг. Гэхдээ бид эрх зүйт төртэй тул аливаа зүйл төрийн хуулийн дагуу зөв явагдах учиртай, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн байх ёстойг удаа дараа хэлж байсан. Ийм байр сууринаас УИХ-ын 57-р тогтоолыг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газарт өгч хөрөнгө оруулалттай ажиллах чигийг өгчихсөн. Ингээд энэ чиглэлийн дагуу ажиллаж байгаа эсэх, хэрэв энэ тогтоолтой зөрчилдөж буй бол засч сайжруулах үүргийг өгөх гэж шаардах бичгийг гаргасан шүү дээ.

Гэтэл асуудлыг эсрэг байдлаар хөндөж буй хүмүүс бас байна. Тухайлбал 2011 оны есдүгээр сарын 12-ны өдөр Австралийн “The Australia” сонинд бидний Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал, Монгол дахь салбарын захирал Камерон МакРейгийн ярилцлагыг хэлж байна. Тэр ярилцлагынх нь нэр нь “Монголын улстөрчид битгий шуналт” гэж байна билээ. Үүнийг нь уншихад их хариуцлагагүй зүйлсийг хэлсэн байна. Гэвч түүний хэлсэн шиг улстөрчид шуналтаад байгаа зүйл байхгүй. УИХ-аас гарсан хууль, шийдвэрийг ард иргэд нь ч УИХ-ын гишүүд ч биелүүлэх ёстой. Үүний дагуу УИХ-ын тогтоолтой Засгийн газар үйл ажиллагаагаа нийцүүлэхийг л шаардсан хэрэг. Мөн тэрээр улс төрийн сонгууль ойртож байгаа тул гишүүдийг ийм зүйл ярьж байгаа гэсэн байна. Ийм зүйл  ярьж байгаад нь харамсч байна.
-Харамсаад л өнгөрөх үү?
-Монголын ард түмний элч төлөөлөгч болсон хүмүүсийг ийм байдлаар хардаж болохгүй л дээ. Асуудал тавьсан хорин гишүүн шуналтаад авлига нэхсэн, авсан зүйл байх юм бол ил гаргаад хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Ер нь УИХ-ын гишүүд хууль хэрэгжүүлэхийг шаардсаныхаа төлөө аль нэгэн компанийн захирлаар шуналтайгаа дуудуулна гэж юу байдаг юм. Монгол төрийн түшээдийг ингэж  дураараа гүтгэж болохгүй л байхгүй юу.

Тус сонинд “Олон хүн ажлын байргүй болбол энэ нөхдүүд хариуцах ёстой, хөрөнгө оруулагчид буцаад гараад явчихна шүү” гэх мэт зүйлс мөн байна. Заналхийлсэн гэвэл арай хатуудчихаар иймэрхүү зүйлсийг гаргасанд харамсалтай л байна. Ард түмэн Оюутолгойн гэрээг урагш нь явуулах нь зүйтэй гэж байгаа. Мөн сайжруулахыг ч бас дэмжиж байгаа. Ийм хүсэл зоригийг нь төлөөлөн бид ийнхүү шаардаж байна. Гэтэл үүнийг ирэх сонгууль болоод шуналтай холбон тайлбарлаж боломгүй л юм.
-Засгийн газарт шаардлага хүргүүлснийг чинь гэрээ хийхээс өмнө хэлж дуугарах ёстой байсан гэж шүүмжилсэн гэж ойлгож болох уу?
-Бид Оюутолгойн гэрээг сонгууль ойртсон болоод ярьж байгаа зүйл биш шүү. Оюутолгойн гэрээг хэлэлцэн ярьж байх үеэс л ярьж, шүүмжилж байсан. Үүнийг баталъя гэвэл өмнө өгч байсан ярилцлагуудаас маань харсан ч болно. 2011 оны есдүгээр сард гэнэт асуудал хөндсөн зүйл биш. 2008, 2009, 2010 онуудад ч ярьж, шүүмжилж л байлаа. Гишүүдийн хэвлэлүүдэд өгсөн ярилцлага архивт нь байж л байгаа.
-Хөрөнгө оруулагчдыг үргээх гэсэн агуулга байхгүй биз дээ?
-Татварын талаар тэр ““Рио Тинто”-гийн захирал нэлээд асуудал болгон ярьсан байна билээ. Энэ салбарт гарсан хуулиудын ихэнх нь хөрөнгө оруулагчдын бизнесийн орчныг дэмжихэд чиглэсэн бодлоготой. Үүнийг нь гуйвуулан тэднээс мөнгө шулах гээд татварынхаа хуулийг өөрчилсөн мэтээр ярьж болохгүй л дээ. Тухайлбал, 2007 онд татварын шинэчлэлээр нэг шатлалтай тогтолцоонд шилжсэн. Ойлгомжтой, шударга болсон гэсэн үг.  “Гэнэтийн ашгийн 68 хувь” гэж нэрлэдэг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгосон. Тэгээд ч Монгол Улс Ази тивдээ татварын бага ачаалалтай орны тоонд ордог.
-Оюутолгойтой холбоогүй, ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гадны экспертүүд энэ гэрээг хэрхэн харж байгаа бол?
-Гадны эксперт гэхээс илүүтэй дотоодын эрдэмтэн судлаачдын үгийг бид сонсох ёстой. Бид эдгээр эрдэмтэн судлаачдын эдийн засгийн тооцоолол, судалгаан дээр тулгуурлаж л ярьж байгаа. УИХ-ын 57-р тогтоол гарсан гэдгийг гаднын хөрөнгө оруулагчид сайн мэдсэн. Гэхдээ л дэлхийн том компанийн зүгээс хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Бидний сайжруул гээд байгаа нь дахин дахин засаад бай гэсэн үг биш, 57-р тогтоолоо л баримтлаач  гээд байгаа юм. Угтаа бол бид “Рио Тинто”-той гэрээ хийгээгүй “Авенхоу Майнз” компанитай гэрээ хийсэн. Гэтэл “Авенхоу Майнз” өөрийн хувьцаагаа зарснаар дундаас нь Монгол Улс хохирч буй хэрэг. Гаднын нэг байгууллагын судалгааны дүнг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна билээ. Түүнээс харвал 100 улсад хийгдсэн гэрээнүүдээс үүнээс муу гэрээ байхгүй байсан гэсэн байна.
-Амтай болгон л гэнэт Оюутолгойн гэрээ шиг муу гэрээ байхгүй гэх болсон нь ямар учиртай юм бэ? Гэрээ хэрэгжээд, хөрөнгө оруулалт хийгдээд өчнөөн хугацаа өнгөрсний дараа шүү дээ...
-Эхнээс нь гэрээг улам сайжруулаад л яваад байгаа. Ажлын хэсэг, байнгын хороогоор ороод гэрээг нэлээд сайжруулсан. Үүний дараа УИХ-ын тогтоол гаргаж, хийсэн гэрээг чинь зөвшөөрч байна. Оюутолгойн ажиллагаагаа явуул. Гэхдээ ийм зүйл дээр анхаар гэдгийг тодорхой тусгаад өгсөн. УИХ-ын гишүүд энэ тогтоолыг олонхиороо баталсан.
-Засгийн газрын уг тогтоолыг зөрчсөн гол зүйлс юунд байна?
-УИХ-ын 57-р тогтоолд “Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 51 хувьд хүргэх ёстой” зэрэг тодорхой заалтууд орсон шүү дээ. Сүүлийн үед гарсан сонин болгон дээр энэ тогтоолын талаар бичсэн болохоор хүмүүс мэддэг болсон байлгүй.
-Тэгвэл сайд нарт нь хариуцлага тооцохгүй?
-Том толгойтой сайд нарыг ажлаа хийж чадахгүй байхад хамгаалаад үлдэж байгаа нь  улс төрийн намууд хамтарсантай холбоотой байх. Хамтарсан Засгийн газрын нэрэн дор юу ч хийж болно гэсэн сайдууд олон байгаа нь бодит үнэн.
-Хөрөнгө оруулагчид буцаад га­раад явчих эрсдэл үнэхээр байхгүй гэж үү?
-57-р тогтоолд гаднын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан, хүндрэл учруулсан зүйл байхгүй. Энэ тогтоолыг гаргахад Засгийн газар ч биелүүлэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Хэрвээ хууль нь хэрэгжүүлэх боломжгүй бол Засгийн газар нь УИХ-д танилцуулан асуудал тавих ёстой байсан биз дээ. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулагчдыг цаашид ч дэмжих л ёстой.
-Хорин гишүүнээс олон хүн дэмжих боломж байгаагүй юм уу?
-Хэрэгжүүлэх ёстой 57-р тогтоолыг УИХ тэртээ тэргүй олонхиороо дэмж­сэн байх аа. Ингэж батална гэдэг нь өөрөө УИХ энэ шийдвэрийг дэмжиж бай­на гэсэн үг. Иймд гарын үсэг зураа­гүй ч өөрсдийнхөө баталсан тогтоолын эсрэг зүйл ярих хүн үгүй байх.
-Ингэхэд чуулганы завсарлагаа­ны хугацаанд ямар хуулийн төсөл дээр ажилласан бэ?
-Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг бие даасан хууль болгон улам тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Одоогоор бусад улсын туршлагыг  судалж байна. Энэ хууль сайн гарвал нийт хүмүүст хэрэгтэй. Одоо хүмүүс хотын утаанаас дутуугүй хүнсний хортой зүйлээс айдаг болсон. Амьд явах баталгаа хүнсний аюулгүй байдлаас бас хамаардаг үе болжээ. Ерөнхий сайдын ивээл дор хүнсний  асуудлаар  олон улсын том хурал хийж зөвлөмж гаргасан байгаа. Энэ форумд  Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас төлөөлөгчөө явуулснаас гадна дэд ерөн­хийлөгч нь илгээлт ирүүлсэн. Олон улсын санхүүгийн корпораци, ХБНГУ-ын Эбертийн сан болон бусад олон байгууллагын төлөөлөл ирсэн.  Хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид ч оролц­сон байгаа. Тэгээд бид Хүнсний үзэл баримтлалын номлолтой болъё, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль гаргаж Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж зөвлөмждөө тусгасан байгаа. Үүнийг ажил хэрэг болгох талаар тууштай ажиллах болно. Намрын чуулганы хугацаанд энэ хуулийн төсөл дээр идэвхтэй ажиллаж, ажлын хэсгийг нь ахлана гэж бодож байгаа.  
-Завсарлагааны хугацаанд гишүүн орон нутаг гээд алга болдог. Та нийслэлийн тойргийнх болохоор арай ялгаатай байх, тийм үү?
-Сонгинохайрхан дүүрэг 32 хороо­той. Чуулганы завсарлагаан  болгоноор бүх хороогоороо явж, уулзалт хийдэг. Ингэснээрээ иргэдийнхээ бодит амьд­ралаас тасрахгүй, нийгмийнхээ нөхцөл байдлыг мэдэрч чаддаг. Энэ бүхэнд цаг зав гаргахгүй юм бол УИХ-ын гишүүн болсны хэрэг юу байх билээ. Аль болох иргэдтэйгээ ойр байж, болохгүй асуудлыг нь чадлынхаа хэрээр ший­дэж, тэдний санал хүсэлтийг хотын за­хиргаа, яам, тамгын газар, УИХ-д дамжуулж, дүүргийн хөгжилд, ард түм­ний амьдрал дээшлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээдэг юм. Энэ дүүргийн ард иргэдийн өмнө хүлээсэн  үүрэг маань энэ учраас “ажлаа хийж байна” гэж боддог. Амьдрал баян болохоор нэг хашаанд ч үй түмэн зовлон жаргал зэрэг­цэн оршдог. Болдогсон бол бүг­дийг нь шийдэж туслах юмсан гэж боддог.
-Сонгуулийн хууль нь шийдэгдээ­гүй болохоор яалт ч үгүй энэ сэдэв рүү орох болох нь. Юу болоод байна аа?
-Би сонгуулийн тогтолцооны талаар олон ч удаа ярьсан даа.
-Гэхдээ, тогтолцоон дээрээ тохи­рол­цож чадахаа болихоор гишүү­дийнхээ тоог нэмэгдүүлэхээр болж байгаа юм биш үү?
-Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох талаар хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм билээ. Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын санаачлагч гишүүдийнх нь нэг мөн. Гэхдээ энэ 99 хүнтэй болгох санаан дээр нь зөрөлдөж байгаа.
-Анх Үндсэн хууль баталж байхад 76 гэдгийг ямар үндэслэлээр тогтоосон бол. Энэ үндэслэл нь өөрчлөгдөөд байгаа гэсэн үг үү?
-Үндсэн хуулийг батлах үед нэг тойрогт саналын тоо 26 мянган хүнтэй байсан юм билээ. Энэ үндэслэлээр нь бодоод үзвэл одоогийн хүн амд 100 хүн ногдох юм. Ийм бодолтой хүмүүс олон байгаа ч миний хувийн бодлоор тоог нэмэгдүүлэх нь тийм ч оновчтой биш.
-Пропорциональ, мажоритари хоёрыг хүн бүхэн олон удаа дэнсэлсэн. Тэгвэл арай өөр зүйл байна. МАН-ын хувьд одоогийн мажоритари тогтолцоо ашигтай юу, эсвэл хэлэлцээрт санал болгож буй мажоритари давамгайлсан тогтолцоо, хувилбар уу?
-Ашигтай ашиггүйн талаар мэдэхгүй байна. Хувь хүмүүс, нам юу бодож байгаа гэдгээс илүү минийхээр хуулийг л хэрэгжүүлэх ёстой. Аль аль нь давуу талтай, мөн сул талтай. Гэхдээ хувь хүнийхээ хувьд пропорциональ тогтолцоог зөв зүйтэй л гэж хардаг.
-Улс төрийн бодлого гэдэг утгаар нь асуусан юм. Танай намын бага хурлаас уг нь иргэдийн санал бодлыг илүүтэй тусгасан сонгуулийн тогтолцоог сонгохыг удирдлагадаа анхааруулж байсан. Тэр үед МАН пропорционалийг сонгох нь гэж бүгд хүлээж байсан. Гэтэл одоо?
-Намын даргаас маань эхлээд л пропорциональ тогтолцоог сонгоно гэж ярьж байсан.
-Тогтолцоогоо тохиролцохдоо санаа нийлэхгүй байж гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд санал нэгдэх юм биш үү. Намууд?
-Тогтолцооны талаар олон ярьсан. Үнэндээ хуулиа хэрэгжүүлэхгүй байж хуульд бурууг өгч болохгүй биз дээ.
-Тогтолцоог ярихаа больё. Тэгвэл хамтарсан Засгийн газрын талаар?
-Стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан Засгийн газар байгуулсан. Тухайн үед би Үндсэн хуулийг зөрчиж байна гэж мөн ч их шүүмжилж, цөөнх болж байсныг хүмүүс санаж байгаа байх. Стандарт бус гэхээр бүх зүйлийг стандарт бусаар хийнэ гэсэн  утга агуулж байгаа юм. Жишээ нь, стандарт бус, стандартын шаардлага хангахгүй  эм уувал яах вэ. Хордоно. Бүр цаашилбал амь насанд нь ч аюултай. Тухайн үед Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж ийм стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Парламентын засаглалтай улс оронд сонгуулиар олонх болсон нам нь Засгийн газраа байгуулж, цөөнх болсон нь сөрөг хүчин болж, “манаачийнхаа” үүргийг биелүүлдэг дэлхий нийтийн жишиг бий. Би анхнаасаа л хууль зөрчсөн гүйцэтгэх засаглал хэрэггүй гэж хэлсэн. Харин одоо цаг тулчихсан байхад нэгийгээ хөөж гаргана, нөгөөх нь хаяад гарна гэх нь улс төр хийж л байгаа хэрэг болов уу. Уг нь стандарт бус шийдвэр гаргасан алдаагаа эртхэн ухамсарлаад зарчмынхаа дагуу ажиллаад явах хэрэгтэй байсан юм.
-Ярианыхаа сэдвээс түр хазай­гаад үзье. Хурцыг өчигдөр Монголд авчирсан тухай та сонссон биз дээ?
-Би сонсоогүй.
-Бүх телевиз, хэвлэлээр л гарлаа шүү дээ.
-Би ирсэн гэдгийг нь ерөөсөө сонсоогүй юм байна. Баталгаатай ирсэн гэж дуулсангүй.
-Тэгвэл баталгаатай хэлчихье. Ирсэн шүү дээ.
-Ирсэн бол сайн л байна.
-Цаад учир шалтгаан нь хөндөгдөх болов уу?
-Би сайн мэдэхгүй юм.
-Б.Хурц, Энхбат гээд л энэ хэрэг явдалтай холбоотой таны нэр холбогддог болоод ингэж асуугаад байна. Д.Энхбатыг “хулгайлах” үед та ХБНГУ-д Элчин сайдаар сууж байсан биз дээ?
-Улс төрийн зорилгоор миний нэрийг удаа дараа ашиглаж, надаас элдэв зүйл олохгүй болохоор нь Б.Хурцтай холбож ярьдаг юм. Ер нь тусгай албадын үйл ажиллагааг тодорхой асуудал хариуцсан хүмүүстэй холбож ярих нь буруу. Тусгай албад чинь хууль дүрмийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг шүү дээ.
Эх сурвалж
news.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.