Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод асуулт дахин тавилаа
2011.09.16

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод асуулт дахин тавилаа


TРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ

САЙД Д.ЗОРИГТ ТАНАА

Эрчим хүчний болон нефтийн бүтээгдэхүүний хангамж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар

 

2010 оны 12 дугаар сар, 2011 оны 5 дугаар сард Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд 2 удаа тус бүр 7 заалттай таныг үүрэгт ажлаас огцруулах үндэслэл бүхий шаардлагыг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлж улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан.

 

Хэлэлцүүлгийн явцад “шаардлагад дурдсан ажлуудыг хэрэгжүүлж тодорхой үр дүн гаргана” гэж Та хариулж байсан, мөн Улсын Их Хурлын дарга Д. Дэмбэрэл “Улсын Их Хурал танд итгэл үзүүлсний дараа хариуцсан ажлаа сайн гүйцэтгээрэй” гэсэн үүрэг даалгаварыг өгсөн.

 

Иймд тус улсын хөгжилд гол нөлөө бүхий эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний хангамж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилт, энэ ажлын явцын талаар Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн дараах “Асуулт”-ыг Танд тавьж байна. Үүнд:

 

1. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон Тавантолгойн орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан, гэтэл Тавантолгойн ордын Ухаа худгийн ордыг “Энержи ресурс” ХХК-д олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалтын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэснийг баримталж УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулах ёстой атал зөвхөн Засгийн газрын шийдвэрээр эдийн засгийн тооцоогүй, уралдаант шалгаруулалтгүйгээр стратегийн ордын тодорхой хэсгийг нэг компанид тасдан олгож гэрээ байгуулан шилжүүлсэн асуудлыг хэрхэн хуульд нийцүүлж байгаа талаар;

 

2. Дээрх тогтоолын 3-р заалт, 2 дугаар хавсралтад заасан ашигт малтмалын 39 ордын болон энэ тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгосон ба энэ шийдвэрийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрхэн хэрэгжүүлсэн; тухайлбал ямар ордыг стратегийн ордод хамруулах талаар санал дүгнэлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар, мөн УИХ-ын 27 дугаар тогтоолын 1, 2-р хавсралтад заасан ордуудын батлагдсан нөөц, зарим тогтвортой байдлын гэрээний хэрэгжилт, түүнчлэн үлдсэн ордыг ашиглахтай холбогдуулж төрийн эзэмшлийн хэмжээг тогтоох ажлын үр дүн болон техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн талаархи дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ирүүлэх,

 

3. УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1.1-д заасан “Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуй нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх” гэж заасан. Гэвч Ухаа худгийн ордыг “Энержи ресурс” ХХК-д ашиглах зөвшөөрлийг олгосон, сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр Таван толгойн ордын талбайг Цанхийн баруун, зүүн гэж хуваан ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувааж шилжүүлэхээр болсон, энэ талаар өмнө гарсан хууль, тогтоомжийг баримтлаагүйн улмаас уралдаант шалгаруулалтын 2 дугаар шатанд шалгарсан зарим орны компанид эцсийн шийд гараагүй байхад эдийн засгийн үндэслэлгүй тодорхой хувь амалсан нь Монгол Улсын төрийн үйл ажиллагааны ил, тод байдлыг хангаагүйгээр зогсохгүй олон тулгуурт гадаад бодлогод сөргөөр нөлөөлж байгаа гэх мэдээлэл гарах боллоо, иймд УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1.2, 1.4 дүгээр заалтын хэрэгжилтийн явцын талаар,

 

4. УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-т заасан эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны 01 сарын 19-ны 2-р тогтоолын 1.2-ийн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн түвшинд үндэслэн нөөц ашигласны нэмэлт төлбөр бий болсонтой холбогдуулан Тогтвортой байдал болон Хөрөнгө оруулалтын гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд энэ хуулийн үйлчлэлийг хамааруулах талаар хэлэлцээ хийх” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх ажлын явцын талаар,

 

5. УИХ-ын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Үйлдвэржүүлэх бодлогын хүрээн дахь 2.2.2, 2.2.4, 2.2.11, 2.2.13-2.2.16, 2.2.27, 2.2.33-2.2.37 заалтуудын хэрэгжилт,

 

6. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд:

а/ эрчим хүчний V цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулах хугацаа, энэ ажлын явцын талаар,

б/ Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн говийн бүсийн дэд бүтцийг төлөвлөлтөд үндэслэн хөгжүүлэх ажлын хүрээнд говийн бүсийг эрчим хүчээр хангах ажлын хэрэгжилт, явцын талаар,

в/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн санаачлан 2010 оны 2-р сард батлагдсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, УИХ- ын 2007 оны 46 дугаар тогтоол, 2010 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн байдал, түүнчлэн өмнөх тогтоолын 4.4.5-р заалтын Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд ТЭЦ- 2 дулааны станцыг түшиглэн байгуулах хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах ажлын явцын талаар,

 

7. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2008 оноос хойш нефт боловсруулах үйлдвэрийг эх орондоо барих ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах зорилт тусгагдсаар ирсэн ба энэ ажлын хүрээнд:

а/ Монгол Улсад нефтийн эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нөөц нь тогтоогдсон нефтийн хэмжээ, жилд олборлогдон, экспортлогдож байгаа түүхий нефтийн хэмжээ, түүнчлэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-д оруулах өөрчлөлтийн талаар хийгдэж байгаа ажлын явцын талаар,

б/ Нөөц нь тогтоогдсон болон экспортолж байгаа түүхий нефтийг эх орондоо боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд хичнээн аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгосон, эдгээр боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал нь ирээдүйд илрэх нефтийн нөөц, өнөөгийн байдлаар тогтоогдсон нефтийн нөөцтэй хир уялдаж байгаа, одоогийн байдлаар хэдэн үйлдвэр баригдаж эхэлсэн, баригдахад бэлэн болсон талаар,

в/ Манай улсад өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн дизель түлшний хомсдолоос Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний хохирол учирсан тухайлбал уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалт, бусад аж ахуйн нэгж, иргэдэд ямар хэмжээний хохирол учирсан талаар хийсэн тооцоо байгаа эсэх, хойшид ийм байдалд орохгүйн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон, энэ хомсдлын үеэр нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд үнийг зохиомлоор хөөрөгдөх, үгсэн хуйвалдах асуудал гаргасан эсэх, гарсан бол хуулийн хүрээнд ямар хариуцлага тооцсон, одоогийн байдлаар нефтийн зарим бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийн байдал тогтвортой байгаа эсэх талаар,

 

8. Сүүлийн үед гадаад дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол Улсад цөмийн хог, хаягдал булшлах талаар яриа хэлэлцээр хийгдсэн талаархи мэдээлэл удаа дараа гарах болсон. Иймд энэ асуудалтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулж Засгийн газрын болон танай яамны албан ёсны байр суурь, үнэн бодит мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ирүүлнэ үү.

 

Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

 

Хувийг: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.

Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С. ЭРДЭНЭ,  Д.ГАНХУЯГ

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.