2018.05.25

С.Эрдэнэ: Болохгүй, бүтэхгүй бүхнээ ОУВС руу чихдэгээ болилдоо Хүрэлбаатар сайд аа.

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг тогтоолын төслийг Засгийн газар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна.  Харин Ерөнхийлөгчөөс 100 хувь олгох төсөл орж ирсэн ч олонхи дэмжээгүй юм. 

УИХ-ын гишүшн, АН-ын дарга С.Эрдэнэ

2012-2016 онд энэ өр гэдэг юмаар ард түмний толгойг угааж, худлаа үнэн баахан тоо хэлж улс төр хийж явсаар байгаад 2016 оны сонгуулийн дүн гарсан.

Та нарт ард түмэн эрх мэдлийг чинь хангалттай өгсөн. Одоо эрх мэдлээ аваад хоёр жил болж байна. Бүрэн эрхийн хугацааны чинь 50 хувь өнгөрлөө. Өнөөдөр бодитой яг ямар ажил хийв ээ. Одоо хүртэл 2018 оны хөрөнгө оруулалтын, тендерийн ажлууд чинь эхлээгүй байна ш дээ. Гадуур явж байгаа яриагаар хөрөнгө мөнгө хувааж идэх гэсэн, таньдаг мэддэг хамаатан сандан руугаа хувиарлах гэсэн ийм л хэрүүл явж байна.

Тэгээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын амнаас мөнхийн өр авлага ярьдаг. Өр төлсөн гэж худлаа яриад байх юм. 2018 онд ямар мөнгөөрөө 2.8 их наядын өр төлсөн юм. Худлаа ш дээ. 2017, 2018 онд жилийн 1.8 их наядын өр л төлөхөөр тавьсан ш дээ. Та нар ОУВС-ын урт хугацааны, бага хүүтэй зээлийн мөнгөний урсгалаар л та нар өр, авлагуудаа хааж байгаа ш дээ. Санхүү, эдийн засгийн мэдлэг муутай нийгмийн хэсгийн тархийг угаахаа болиоч.

Гадаа эмч, багш нар чинь талбай дээр жагсаал, цуглаан хийж байна. Яг ийм үе дээр хүүхдийн мөнгөний хэдхэн төгрөг дээр татганаад байх юм. Ч.Хүрэлбаатар сайдыг гайхаж байна. Сайд болонгуутаа 55 тэрбум төгрөгийг хаашаа юунд хийхээ мэдэхгүй, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг болгоод тараачихсан. Түүний үр дүн өнөөдөр юу байна вэ? тэгээд ийм байдлаар санхүү, мөнгөний бодлого явах юмуу. Болохгүй, бүтэхгүй бүхнээ ОУВС руу чихдэгээ болилдоо Хүрэлбаатар сайд аа. 

Монгол улс хүүхдийн ялгаварлан гадуурхахын эсрэг конвенцод орчихсон. Одоо тэгээд энэ конвекцоосоо гарах юмуу яах юм.