2010.06.22

"Ард түмнээ сонсъё" аян Налайх дүүргийн иргэдийг сонслоо

МАХН-аас зохион байгуулж буй Нийгмийн ардчиллын аяны "Ард түмнээ сонсъё" уулзалт өчигдөр хамгийн ажилсаг хичээнгүй дүүрэг гэгддэг Налайхт боллоо. "Ард түмнээ сонсъё" аянынхан одоогоор найман аймаг, нэг дүүрэгт болсон юм. Харин Налайх ард түмнээ сонсъё багийнхан зочилсон хоёр дахь дүүрэг байлаа. Налайх дүүрэгт ажилласан багийн бүрэлдэхүүнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Батбаяр, Н.Ганбямба, Ц.Шинэбаяр, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон зэрэг удирдах албан тушаалтнууд оролцлоо. Багийн хамт олон Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, Боловсрол соёл, уул уурхай, аврах алба, хүчний байгууллага гэсэн салбарт хуваагдан дүүргийн иргэдтэй уулзлаа. Дүүргийн хэмжээнд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь боловсролын салбар юм.

Ерөнхий боловсролын сургуулиудын зуны амралт эхэлсэн ч гэсэн боловсролын байгууллагад ажиллаж байгаа иргэдтэй уулзах уулзалтад багш сурган хүмүүжүүлэгчид идэвхтэй оролцлоо. Тэд уулзалтад зүгээр нэг ирсэнгүй. Бүгд өөрсдийн тулгамдсан асуудлаа удирдах албан тушаалтнуудад танилцуулж, саналаа хэлж байлаа.

Монгол Улсын хэмжээнд 768 өрөнхий боловсролын сургууль байдгаас Налайх дүүрэгт зургаан сургууль нь байдаг ажээ. Мөн гурван цэцэрлэг, геологи уул уурхайн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв сургалт явуулж байна. Эдгээр байгууллагад тулгамдаж байгаа асуудал олон. Тухайлбал, сургалт явуулах техник технологи, багш нарын цалин нийгмийн асуудал байв. Уулзалтад оролцсон хүмүүс эдгээр асуудлын хүрээнд тавьсан асуултынхаа хариуг тэр дор нь авч байлаа. Уулзалтад оролцсон БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав боловсролын салбарт шийдвэрлэсэн, шийдвэрлэхээр болсон зарим асуудлыг танилцуулсан юм.

Үүнд дүүргийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгохоор болсон, ирэх аравдугаар сарын 1-нээс багш нарын цалинг 30 хувиар нэмэх болсон зэрэг таатай мэдээг дүүргийн иргэдэд дуулгасан юм. Мөн 1996 оноос өмнө тэтгэвэрт гарсан багш нарт жилд нэг удаа тэтгэмж олгох тухай Сангийн яаманд санал хүргүүлж, судалгаа хийлгэж байгаа, Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог өөрчлөх тухай асуудлыг энэ сард багтаан УИХ-аар хэлэлцүүлэх болсон зэргээр хийж байгаа ажлаа тайлагналаа.

Налайх, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар Налайх дүүргээс зүүн тийм 12 км Шивэртийн хөндийд Оюутны хотхон байгуулах болсон. Тийм болохоор Налайх дүүрэгт дэд бүтэц улам сайн хөгжинө, улмаар уг дүүрэгт хөгжлийн ирээдүй байгааг онцлон хэлж байлаа.

Налайх дүүргийн боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлын нэг бол сургуулийн барилга юм. Дүүргийн хэмжээнд байгаа гурван сургууль ачааллаа даахаа больж, барилга нь хуучирчээ. Энэ байдлыг мэдэрсэн хувь хүн хуучин барилгыг сургуулийн зориулалтаар сэргээн засварласан байна. Дүүргийн удирдлагууд энэхүү барилгыг худалдан авах тухай саналыг салбарынхаа сайдад танилцуулжээ. Уг барилга нь 1540 хүүхдийн суудалтай гурван давхар бөгөөд 4.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. "Ард түмнээ сонсъё” аяныхан Налайхын ард иргэдийн хүсэлтээр дээрх барилгатай танилцлаа. Үүний дараа Налайх дүүрэгт баригдахаар болсон МАХН-ын үүрийн барилгын шав тавих ёслолд оролцсон юм. Мөн уг дүүргийн хөгжлийн хамгийн гол хөдөлгөгч хүч" болсон нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Уурхайд ажиллаж амьдралаа залгуулдаг иргэд уурхайн олборлолт муудаж байгаа, дээр нь энд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан. 1990 оноос хойш Налайхын уурхайд 140 хүн амь алдсан. Үүний 10 хүн нь 2010 он гарснаас хойш амиа алджээ. Тиймээс уурхайд ажиллаж байгаа залуусыг сургаж Оюутолгой төсөлд ажиллуулж өгөхийг хүсч байв.

Мөн зарим УИХ-ын гишүүн дүүргийн айлуудаар орж тэдний амьдралтай танилцсан юм. Энэ үеэр гал түймрийн аюулд өртсөн нэг өрхөд мөнгөн тусламж олгохоо амлалаа. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх дүүргийн залуучуудын төлөөлөлтэй уулзахаа ч мартсангүй. Тэрээр МАСЗХ, Налайх дүүргийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан дүүргийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож шагнал гардуулсан юм. Дүүргийн хүүхэд залуучуудад үгүйлэгдэж байгаа асуудал нь спорт цогцолбор ажээ. Сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ирэх оны төсөвт Налайх дүүрэгт Спорт ' цогцолбор барих хөрөнгийг суулгаж өгнө хэмээн залуучуудад амлалаа.

Налайх дүүрэгт ажилласан "Ард түмнээ сонсъё" аяны хамт олон дүүргийн салбар тус бүрийн төлөөлөлтэй уулзсаны дараа нийт иргэдтэй уулзлаа. Энэ уулзалтын үеэр дүүргийн иргэд МАХН-ын гишүүдэд талархаж байгаагаа илэрхийлэн, шүүмжлэх асуудлаа ч хатуухан хэлж байлаа. Дүүргийн нийт иргэдэд тулгамдсан асуудал нь газар хувьчлалын асуудал болох нь уулзалтаас ажиглагдаж байв. Эцэст нь ард түмнийхээ саналыг сонссон МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх "Та бүхний санал гомдлыг шат шатны байгууллагад нь хүргүүлнэ. Намынхаа цаашдын ажил, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах болно" гэдгээ амласан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.