300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 55 хувьтай байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгад ахин хөрөнгө мөнгө, шийдвэрлэх олон асуудал байгаа талаар гүйцэтгэгч Томо бюлдинг компаниас мэдэгдлээ. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн сайд Сарангэрэл барилгын явцтай газар дээр нь танилцаж мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдах тус эмнэлгийг анх 8 жилийн өмнө барих шийдвэр гарч, засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулж 17,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс өгсөн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсоны улмаас 2013 онд барилгын ажлыг зогсоосон.
Энэ үеэр Сайд хэлэхдээ Анхны төсөвт өртөг нь 18,9 тэрбум. Та бүхэн 25 тэрбум төгрөг дээр, 34 хувийн гүйцэтгэлтэй барилга дээр ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зарим нэг асуудлаар Эрүүл мэндийн яамтай, нөгөө талаараа Үндэсний хөгжлийн газартай гэрээ хэлэлцээ хийх зэргээр ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүл мэндийн яамны зүгээс бол нэмэлт санхүүжилт шаардлагагүй гэж үзэж байгаа. Ирэх 2019 оны төсөв одоо 6-р сарын 1-нээс эхлэн яригдана. Хэрэв тэрнээс хоцрох юм бол 2018 ондоо багтаан ашиглалтанд оруулна гэдэг бол мөрөөдөл болж хоцроно. Тиймээс бид урьдчилж тооцож, ярьж хийх ёстой. Тиймээ харилцан хамааралтай бүх талуудаараа хамтарч хуралдаад, асуудлаа шийдвэрлэе. гэлээ
Харин өнгөрсөн онд засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Томо бюлдинг компанитай концессийн гэрээ байгуулж 25 тэрбум 724 сая 6 зуун мянган төгрөгөөр “зураг төсөл боловсруулах барих шилжүүлэхээр болж өнгөрсөн намраас барилгын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 34 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгыг 55 хувийн гүйцэтгэлтэй болгож, барилгын дүүргэлт, дээврийн ажлыг дуусгаж, дотор болон гадна шугам сүлжээ, гадна талбай, хаалга цонхны ажил үргэлжилж байгааг мэдээллээ. Харин үүнд анх зурагдсан стандартыг өнөөдрийнхтэй нийцүүлэх, түүнд шаардлагатай төсөвт тусгагдаагүй ажлыг хэрхэх нь тодорхойгүй асуудал үүссэн талаар Томо бюлдинг компанийн захирал Ч.Отгонбаяр хэлсэн юм.
Хэрэв гадна шугам сүлжээ, цахилгаан эх үүсвэрийг татах, талбайн тохижилт концесст тусгаагүй ажил, өнөөгийн стандартад нийцсэн эмнэлгийн зарим өрөөний зураг өөрчлөх, зураг гүйцэтгэгч компаниудын авлагын төлбөр тооцоо зэрэг асуудал шийдэгдвэл энэ ондоо гаднах ажлаа багтаан дуусгаж, ирэх 2018 оны эхний улиралд ашиглалтанд оруулах төлөвлөгөө байгаа юм байна.
Тиймээс ойрын хугацаанд Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, анх зураг төслийн ажлыг гүйцэтгэгч талууд, Томо бюлдинг компани өөрөө, мөн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай ТОСК, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газрууд хамтран хуралдаж асуудлаа шийдвэрлэхээр тогтлоо