Тулхтай, Туршлагатай Парламентч
2012.03.20

Тулхтай, Туршлагатай Парламентч

УИХ-ын гишүүн Ч.Улаан 2008 оны сонгуульд Сүхбаатар аймагт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон. Үүнээс өмнө гурван удаа төр түшилцэх үүргийг сүхбаатарчуудаас авсанбайдаг. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн дөрвөн парламентад тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд зэрэг албан тушаалуудыг хашиж байсан, 76:? энэудаад УИХ-ын гишүүн Ч.Улааныг онцоллоо.

 

Амлалт

2008 оны сонгуульд МАХН-аас хэд хэдэн чухал мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Эдгээрийн дунд мэдээж эх орны хишиг сая 500 мянган төгрөгийг иргэн бүрт олгох, цалин тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх, үндэсний түргэн тусламжийн сүлжээ бий болгох, үйлдвэрлэлийн бодлогыг дэмжих, хоёр толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэх мэт амлалтуудыг онцолж болно. Ч.Улаан гишүүний хувьд эдийн засгийн ухааны чиглэлээр мэргэшсэн судлаач, МАН-ын чадварлаг боловсон хүчнүүдийн нэг. Тийм ч учраас намын амлалтад багтсан эдийн засгийн чиглэлийн бодлогуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан болов уу. Мэдээж 2008 оны сонгуульд гишүүд хувиараа ямар нэгэн амлалт өгч, популизм хийгээгүйгээрээ онцлогтой. Ч.Улаан гишүүн ч бас ямар нэгэн популист шинж чанартай, элдэв амлалт өгөөгүй байдаг. Тийм байхад Ч.Улаан гишүүнээс тойрогтоо "ахмадын сувилал" барьж өгсөнгүй гэж амлалт нэхэх үндэслэл алга. Гагцхүү намын амлалтын төвшинд асуудлыг авч үзэх ёстой билээ. МАН-ын дарга С.Батболд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 80 хувьтай биелснийг онцолж байгаа. Тухайлбал, цалин тэтгэврийг 2008 оны төвшинтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдүүллээ. Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд орууллаа. Иргэдэд сая 500 мянган төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар олгосон.

 

Ингэснээр иргэд эх орныхоо байгалийн баялгаас "Эх орны хишиг"-ээ хүртлээ. МАХН-ын дарга асан С .Баярын таван төгөлдөршлийн бодлогын хүрээнд Сонгуулийн хуулийн төгөлдөршил болон Иргэний бүртгэл, мэдээллийн төгөлдөршил хийгдсэн гэж үзэж болно. Иргэн бүр цахим үнэмлэхтэй болохоор болоод байгаа билээ. Харин Сонгуулийн шинэчилсэн хууль батлагдсан. Бас нэг төгөлдөршил болох Хүнсний аюулгүй байдлын төгөлдөршил байна. Энэ хүрээнд "Атрын ПГ аян явагдаж, хүнсний аюулгүй байдлын асуудал боломжийн хэмжээнд шийдэгдээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын амлалт тун өндөр хувьтайгаар биелэгдээд байна. Энэ бүх амлалтуудыг ажил хэрэг бол-гоход эрхэм гишүүний хувь нэмэр тодорхой хэмжээнд байсан болов уу. Тухайлбал, Ч.Улаан гишүүн 2009 онд батлагдсан "Хүний хөгжил сангийн тухай хууль"-иар МАХН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан байна. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, Улс орны нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх УИХ-ын ажлын хэсгүүдэд орж ажиллажээ. Эндээс Хүний хөгжил сангийн тухай хуулиар МАХН-ын бүлгийн дүгнэлтийг гаргах болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн ажлын хэсгүүдийг онцолж болно. УИХ-аар батлагдсан эцсийн хувилбар нь Хүний хөгжил сангийн тухай гэх нэртэй болохоос биш анхандаа "Эх орны хишиг сангийн тухай хууль" байжээ. Улс орны нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг ч бас онцлох хэрэгтэй байх. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийн ачаар Монгол Улс эдийн засгийн хямралыг харьцангуй хохирол багатайгаар даван туулсан болов уу.

Амжилт

Юуны өмнө 1996 оноос хойш тасралтгүй төр түшилцэх эрхэм хүндтэй үүргийг сонгогчдоосоо хүлээн авч чадсан гэдгийг амжилт гэж дүгнэхээс өөр аргагүй байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, МАН-ын бүлгийн дарга асан Д.Лүндээжанцан нарыг эс тооцвол түүний амжилтыг давах гишүүн өнөөгийн парламентад байхгүй болов уу. Харин адилхан дөрвөн удаа сонгогдож байсан гишүүн бас ч гэж бий.гэхдээ энэ удаад нэрийг нь дурьдах хэрэггүй байх. УИХ-д ажиллах хугацаандаа Монгол Улсын Шадар сайд, сангийн сайдын албыг хашиж байсан. Ард түмний хувьд Сангийн сайд Ч.Улаан гэдгээр нь илүү сайн мэддэг, таньдаг болсон билээ. Одоо ч гэсэн сүхбаатарчууд эрхэм гишүүнийг Ч.Улаан сайд хэмээн дууддаг гэсэн. Өнгөрсөн гурван жилийн тухайд хэд хэдэн чухал хуулийн төслүүд дээр ажлын хэсэг болон санаачилгаар ажиллажээ. Хамгийн түрүүнд Өрсөлдөөний тухай хуулийг санаачлан, УИХ-аар батлуулсныг дурьдаж болно. Хуучнаар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль зарчмын хувьд учир дутагдалтай, хэрэгжилт муутай байсан. Тиймээс эл асуудлыг цэгцэлж, эл хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний тухай хуулийг УИХ-аас баталсан.

Шударга бусаар өрсөлдөж, үгсэн хуйвалдсаныг нь төрийн байгууллага тогтоосон ч яаж ч чаддаггүй,эсвэл 250 мянган төгрөгөөр торгодог байсан нь дээрх хууль батлагдсанаар төгсгөл болсон билээ. Хамгийн сүүлд гэхэд нефть импортлогч компаниудыг нийтэд нь 10 гаруй тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг хуулийн хүрээнд Засгийн газраас гаргасан. Энэ нь дээрх компаниудын өмнөх жилийн орлогын 10 хувиар хэмжигдэж буй билээ. Тийм учраас Өрсөлдөөний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсныг амжилт гэж дүгнэх хэрэгтэй. Түүнтэй хамт ангийн нөхөд нь болох С.Бямбацогт, Д.Арвин, РАмаржаргал, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Г.Занданшатар нар эл хуулийн төсөл дээр ажилласан байна. Тэр ямар нэгэн асуудлаар хэзээ ч хэт нэг талыг барьж, туйлширдаггүй. Аливаа асуудалд буурь суурьтай, судалгаатай ханддаг нэгэн. Тийм учраас энэ парламент дахь тулгатай, туршлагатай түшээдийн нэг яах аргагүй мөн юм. Магадгүй дөрвөн парламентын турш сүхбаатарчуудын итгэлийг дааж чадсаны нууц энд буй биз ээ. Басхүү намаа шүүмжлэх үедээ шүүмжилчихдэг, хэнээс ч айхгүйгээр үгээ хэлчихдэг шудар-га хүн. Хамгийн сүүлд гэхэд намын томилгоонд үнэхээр асуудал байгааг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан.

 

Алдаа

 

Түүнийг намын нөхөдтэйгөө төдийлөн фракцлаад байдаггүй гэж шүүмжилдэг юм билээ. Магадгүй хэтэрхий амбицгүй, албан тушаалын хойноос хөөцөлддөггүйтэй нь холбоотой болов уу. Гэхдээ зарим тохиолдолд гишүүн тодорхой хэмжээнд өөртөө хүрээлэл үүсгэж, зарим тохиодолд  фракцалж байвал улстөрчийнх нь хувьд хэрэгтэй баймаар. Жишээ нь он гараад Сангийн сайдын асуудал яригдахад Ч.Улаан гишүүний нэр яригдаж байсан ч эцсийн бүлэгт Д.Хаянхярваа сонгогдсон. Хэрвээ гишүүн тодорхой хэмжээнд дэмжлэг, хүрээлэлтэй байж, магадгүй фракцалж чадсан бол Сангийн сайдын алба нээлттэй байсан болов уу. Гэхдээ эрхэм гишүүн энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Үнэндээ би хэзээ ч, хэнээс ч албан тушаал гуйж яваагүй. Ил, далд хуйвалдаанд оролцож ч үзээгүй. Ямар ч асуудалд ажил хэргийн шалгуураар хандах ёстой гэсэн байр суурьтай явдаг хүн. Харин сүүлийн үед манай намын хийж байгаа томилгоо ажил хэргийн шинж чанараа орхигдуулсан, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилсэн, хэд гурваараа нийлж хуйвалдаж, хор найруулсан маягаар явдаг болчихсон байна" хэмээн дурьджээ.

 

Тэнэглэл

 Тэр угаасаа аливаа асуудлаар хэтэрхий "огцом" байр суурь илэрхийлээд байдаггүй болохоор нэг их "тэнэглэсэн" гээд байх зүйл харагдахгүй байна. Гэхдээ гишүүн хамтарсан засаг салах үед "Би Сангийн сайдын албанд очих болно" гэх маягтай зүйлийг шуудхан ярьж эхэлсэн нь зарим хүмүүсийн хувьд "тэнэглэл" юм шиг харагдсан байж болох юм. Тэр мэдээж Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн хүн. Ийм хүн Сангийн сайд болоход хэн ч гайхахааргүй байсан. Гэвч шуудхан л "Би Сангийн сайд болно" гэх маягтай зүйл ярьсан 


нь хэтэрхий яаруу алхам байсан болов уу. Тэгээд дараа нь намынхаа дэмжлэгийг авч чадаагүй. Энэ талаар эрхэм гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би зөвхөн саналаа л хэлсэн" хэмээн тодотгожээ. Магадгүй туршлагатай, буурьтай улстөрчийн хувьд хэтэрхий асуудалд хэтэрхий яаруу хандаж, яаруу байр суурь илэрхийлснээрээ томилгооны гадна талд үлдсэн ч байж болох юм. Гэхдээ Ч.Улаан гишүүн санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, энэ салбарыг хангалттай мэднэ. Хүн мэддэг зүйлээрээ хааяахандаа бардчихад болно шүү дээ. Энэ үүднээс үзвэл Ч.Улаан гишүүн "Би Сангийн сайд болох ёстой" гэж хэлэхэд яагаад болохгүй гэж. Түүнийг чадна гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө шүү дээ. Харин эсрэгээрээ энэ салбарыг удирдах чадваргүй хүн "Би Сангийн сайд болно" гэсэн бол жинхэнээсээ тэнэглэл болох байсан юм. Ч.Улаан гишүүний хувьд бага зэрэг яарсан нь л алдаатай болсон байх. Түүнээс биш тэр сангийн сайд болчихсон байхад чадахгүй, мэдэхгүйгийн зовлон үнэндээ байхгүй билээ.

 

Ирээдүй

Ч.Улаан гишүүн сүхбаатарчуудын итгэлийг дөрвөн парламентын сонгууль дараалан дааж чадсан, туршлагатай парламентч. Өнгөрсөн хугацаанд "Дарьганга" нутгийнхан түүнд итгэл алдаж байгаагүй учраас дөрвийн дөрвөн жил дараалан сонгосон биз ээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ч бас эрхэм гишүүн иргэд сонгогчдоо мартсангүй. Үргэлж эргэж тойрч, уулзаж, санал бодлыг нь сонсч иржээ. Зөвхөн 2009 онд гэхэд төрөлх Сүхбаатар аймгаараа таван удаа ирж, 30-аад хоног ажилласан байх юм. Түүнчлэн 3800-гаад иргэний санал бодлыг сонсч, ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Гишүүний гэх тодотголтой тэрбумаар Сүхбаатар нутагт ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээ ч бас иргэд, сонгогчиддоо дэлгэрэнгүй тайлагнажээ. Өөрөөр хэлбэл, гишүүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрөлх "Дарьганга" нутгийнх-наа мартаагүй. Үргэлж, үгийг нь сонсч, хүлээн авч, зарим асуудлуудыг газар дээр нь шийдэж явжээ. Тийм байхад ирэх сонгууль яагаад түүнд хаалттай гэж. Сүхбаатарчууд эрхэм гишүүнийг "Босоо Ч.Улаан" хэмээн нэрлээд амжжээ. Дөрвөн парламентын турш сүхбаатарчуудын итгэлийг даасан хүн. Тэр ирэх сонгуулиар төрөлх нутагтаа өрсөлдөх гэж байна. Сүхбаатарчууд ч түүнийг хүлээж байгаа биз ээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.