УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв
2018.06.07

УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв

Өнөөдөр /2018.06.07/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтэд “УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэжээ.  Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна хэмээн тус дүгнэлтэд дурджээ. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн О.Батнасан нар оролцсон байна. Тэрээр ХЗБХ-ны дүгнэлтийг танилцууллаа.

ХЗБХ 2018 оны 6 сарын 6-нд цэцийн дүгнэлтийг хэлэлцэж дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, О.Баасанхүү нар асуулт асууж, хариултаа авсан юм. Ийнхүү цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.