Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй
2018.06.14

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн З.Цогт танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.

Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэж холбогдох зохицуулалтыг тус өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ХЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 6 сарын 13-ны өдөр хэлэлцэж цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй. Харин ХЗБХ-ноос хүлээж авах боломжгүй гэж үзсэний дагуу санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Учрал нар горимын санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Дахин нягталж үзэх шаардлагатай. Би бол Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлттэй байна. Цэцийн дүгнэлт өөрөө эрх зүйн нарийн углуургатай байна. Төлбөр авагчид бичгийг нь буцаах нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэдгийг нь мэдүүлэг гаргагч нь ч хүлээн зөвшөөрөөд, Цэц нь хүлээн зөвшөөрч байна. Харин буцаасны дараа төлбөр авагч нь дахиад мэдүүлгээ гаргаж болохгүй гэдэг шаардлага тавиад байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн заалт байна. Түүнээс биш иргэдийн бүх хөрөнгөөс татаас авах гээд байгаа зүйл байхгүй. Санал хураахыг нэг өдрөөр хойшлуулах санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Цэцийн дүгнэлт хуулийн хугацаатай байгаа. Би итгэмжилсэн төлөөлөгчөөр хуралдаанд оролцсон. 4 заалтаар Үндсэн хуулийг зөрчсөн гэж 2 иргэн мэдээлэл гаргасан. Тэдгээрээс 31-р зүйл дээр л зөвхөн Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль хоёр талын эрх ашгийг хамгаалсан хууль. Манай улсад төлбөр авагчдын ихэнхи нь ББСБ-ууд, мөнгө хүүлж байгаа байгууллагууд. Хэтэрхий давуу тал эдэлж байгаа байдлыг багасгахгүй бол төлбөр төлөгч талын эрх ашиг гэж бас байгаа. Насан туршдаа төлбөр төлөгч талыг дарамталдаг, хүссэн эд хөрөнгөө гаргуулдаг нөхцөл байдал үүсч байна. 

Санал хураалтыг хойшлуулъя гэсэн санал гаргасан ч хууль эрх зүйн үүднээс боломжгүй учраас санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон олонхи гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн ХЗБХ-ны саналыг дэмжлээ.