Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ
2018.08.17

Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонсож, аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд он гарсаар 61 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, 8 хүний амь нас эрсдэн, 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 14-ны өдөр Хутаг-Өндөр сумын төвд хүчтэй ширүүн бороо орсны улмаас уруйн үер бууж,нэг  хүн нас барж, гурван иргэн бэртэж гэмтэн, 18 гэр урсаж, 409 толгой бог мал хорогдон, 103 хашаа нурж, 200 га тариалангийн талбай өртсөн байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд нийт 280  гаруй хүн, 51 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гэр хорооллын хашааг сэргээн засварлан, 801 айл өрх, 52 аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний газарт нийт 255,319 м талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийжээ.  Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад аймгийн Онцгой комиссоос 10,6 сая төгрөгийг шийдвэрлэн ажилласан байна.

Харин өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд аймгийн хэмжээнд малчдын хүчээр 88,5 мянган тн байгалийн хадлан, 1,2 мянган тн ногоон тэжээл, 8,4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1,6 мянган тан гар тэжээл, 8,2 тн давс, хужир, шүү бэлтгэхээр ажиллаж байна.

Газар тариалангийн хувьд үр тариа 56,424 тн, үүнээс буудай 54,984 тн, бусад үр тариа 1440 тн, төмс 4301 тн, хүнсний ногоо 1772тн, тэжээлийн ургамал 420 тн, тосны ургамал 2538 тн, жимс жимсгэнэ 40,5 тн-ыг тус тус хураан авахаар ажиллаж байгаа хэмээн танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийн дараа, аймаг, орон нутгийн удирдлагуудад, Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө, аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, дутуу орхисон ажлыг эрчимжүүлэх, хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдэж ажиллах, Засгийн Газраас хуваарилсан хөрөнгийн дагуу аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн тоо хэмжээг бодитоор гаргах, цаг уурын байгууллагаас гаргасан мэдээнд үндэслэн анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах, өвлийн улирлын үед нутаг дэвсгэрийн ямар чиглэлд хүндрэл үүсэх чиглэлээр эрсдэлийн зураглал гаргах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.