Ц.Даваасүрэн: Эрчим хүчний БИЕ ДААСАН систем бүрдүүлэх ЦАГ болсныг харууллаа
ТЭЦ-4 цахилгаан станцад энэ сарын 15-нд сэлгэн залгалт хийх явцад осол гарсны улмаас нийслэл даяар 2-3 цагийн турш тог, цахилгаан тасарсан. Харин уг осол юунаас болж гарсан, одоо доголдлыг бүрэн арилгасан эсэх талаар Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭНГЭЭС зарим асуултад хариулт авлаа.
-Амралтын өдөр ТЭЦ-4-т гарсан ослыг бүрэн засварлаж дууссан уу. Ер нь юунаас болж ийм том хэмжээний осол гарсан бэ?
-Энэ сарын 15-нд манай системд аваар, осол гарч хэрэглэгчдээ эрчим хүчээр тасалдуулсанд салбарынхныхаа өмнөөс уучлалт хүсье.
Юунаас болж осол гарсан талаар бид судалж байна. Урьдчилсан байдлаар хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэсэн дүгнэлттэй байна.
Энэ осол цаашдаа хэд хэдэн зүйлд анхаарах ёстой гэсэн том дохио боллоо.
Нэгдүгээрт, мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх цаг болсныг маш тод томруун харууллаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дөрвөн жилийн цикл мэргэжлийн инженер техникийн ажилчдын ур чадварт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй тал ажиглагдаад байгаа юм. Ялангуяа үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаж буй ерөнхий инженерүүдийн асуудалд бид тухайлан анхаарах хэрэгтэй. Ажилчдын ур чадвартай холбоотой асуудал үүсч буйг үүнээс харлаа.
Хоёрдугаарт, манай системийн төрийн өмчийн компаниуд хоёрдмол удирдлагатай болсон нь сахилга, хариуцлагад нөлөөлж байна. Тодруулбал, Эрчим хүчний компанийн удирдлагуудыг томилж, чөлөөлөх, хариуцлага тооцох эрх нь яамандаа биш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байдаг. Жишээлбэл, ТЭЦ-4 дээр өмнө нь хэд хэдэн аваар осол гарч байсан. Тухайн үед осол аваар ерөнхий инженерийн буруутай үйл ажиллагаанаас болсон учраас энэ оны нэгдүгээр сарын 25-нд “Үйлдвэрлэл аюулгүй байдлыг хариуцсан ерөнхий инженер Б.Дашдаваад хариуцлага тооцно уу" гэсэн бичгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт явуулсан ч өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байх жишээтэй. Яам хариуцлага тооцох эрх мэдэлгүй учраас зөрчил гаргасан хүн ажлаа хийгээд л яваад байдаг. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон. Асуудал гарахад яам хариуцлагаа хүлээе. Харин харьяа компаниуд манай харьяанд байх ёстой гэдгийг энэ дашрамд хэлье.
Гуравдугаарт, манай улсын эрчим хүчний систем бие даасан бус гэдгийг харууллаа. ТЭЦ-4 дээр аваар гарахад л бүгд зогсчихож байна шүү дээ. Үүнийг савалт гэдэг. Багануур дээр 350 МВт-ын хүчин чадалтай, хоёр генератортай станц барина гээд байгаа. Гэтэл ТЭЦ-4 380 МВт-тай, ганц осол гарахад бүгд дагаад унаж байна шүү дээ. Тиймээс Багануурт ийм станц барьж болохгүй.
Мөн нөгөө талаар нарны цахилгаан станцыг хөгжүүлж болохгүй гэдгийг харууллаа. Нарны станц 300 МВт хүрэхээр гэнэт наргүй болоход яг ийм аваар гардаг болно. Цаашдаа бид эрчим хүчний олон талын эх үүсвэртэй болох цаг болсныг л харуулж байна. Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцуудаа явуулах хэрэгтэй. “Амгалан” дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх хэрэгтэй. Харин ТЭЦ-З-ыг 75 МВт-аар өргөтгөх боломж ч бий. Энэ бүгдийг яаралтай хийхгүй бол улс даяараа цахилгаан доголдох нь байнаа шүү дээ.
-Багануур дүүрэг одоо хүртэл тоггүй байна гэх юм. ТЭЦ-4-ийн гэмтэлтэй холбоотойгоор цахилгаан залгаагүй газар үлдсэн юм уу?
-Аваараас үүдэлтэйгээр хоёр генераторт гэмтэл гарсан. Өнөөдрийн байдлаар гурван генератор ажиллаж байна. Оройдоо дөрөв дэх генераторыг генераторыг ажиллуулна. ТЭЦ-4 дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Одоо хязгаарлалт хийх шаардлагагүй. Өвлийн бэлтгэл, засвар үйлчилгээтэй холбоотой хязгаарлалт Багануур дүүрэгт байж магадгүй. Түүнээс аваар осолтой холбоотойгоор тасарсан цахилгааныг бүгдийг залгасан.
-Энэ ослоос болж хэдий хэмжээний хохирол учирсан талаар тодорхой дүн мэдээлэл байна уу?
-Үүнийг тодорхойлоход төвөгтэй. Тухайлбал, талх үйлдвэрлэж байсан газар ч юм уу 2-3 цаг саатсан. Энэ хэмжээгээр л хохирол гарсан байж таарна. Тиймээс би уучлалт хүсч байгаа юм. Аваараас үүдэлтэйгээр ТЭЦ-4 цахилгаан станцын хоёр генераторт гэмтэл гарсан. Эдгээрийг тун удалгүй засварлаж ашиглалтад оруулна.
-Ер нь манай цахилгаан, дулааны станцуудын техникийн шинэчлэл ямар байна вэ. Цаашдаа ийм аваар осол гаргахгүй байх үүднээс яамны зүгээс хэрхэн ажиллаж байна вэ?
-Техникийг сайжруулахаар ОХУ-аас зээл аваад дөрвөн генераторын засвар эхэлж байх явцад ийм зүйл боллоо. Тиймээс өвлийн ачааллыг давахын тулд түр зогсолт хийхээс аргагүй болчихлоо. Өвлийн ачаалал буурсны дараа генераторуудын шинэчлэлийг хийхгүй бол болохгүй. Насажилтын хувьд маш хүнд болчихсон. Ялангуяа ТЭЦ-4-ийн дунд даралтын генераторууд насжилт бүрэн дууссан.
-Энэ мэт шинэчлэлээ зуны ачаалал багатай үеэр хийж болдоггүй юм уу. Яг ачаалал эхлэх үеэр ийм зүйл яриад суух нь хэр оновчтой вэ?
-Бид эдгээр шинэчлэлийг зээлээр хийдэг. Зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байсан. Ерөнхийлөгч сая ОХУ руу айлчлал хийхдээ 100 сая рублийн зээл авахаар ярилцсан шүү дээ. Энэ зээлийг төмөр зам, эрчим хүчинд зарцуулна. Зээлийг ирэх жил шийдчих байх. Хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын хөрөнгө гаргаад эхний генератораа шинэчилж байя гэсэн боловч аваар гарсан учраас хүлээхээс өөр аргагүй болчихлоо.
-Танай салбартай холбоотой асуудал үүслээ гэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцлага хүлээх ёстой гэж байна. Гэтэл тухайн байгууллагад ТУЗ гэж бий. Тухайлбал, ТЭЦ-4-ийн ТУЗ-д яамны газрын дарга нар байгаа шүү дээ?
-Энэ тухайд том маргаан болж байна. ТУЗ олонхын саналаар шийдвэрээ гаргадаг. Төрийн өмчийн хороонд гол гол газрын дарга нараа яамнаас томилъё, ТУЗ-ийг 51-ээс дээшээ мөн яам томилдог болъё гэсэн санал тавьсан. Гэхдээ энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Тиймээс энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийднэ. Хараат бус гээд хаа хамаагүй хүмүүсийг ТУЗ-д оруулчихдаг байж болохгүй гэж бид үзэж байгаа юм.
-Нийслэл даяараа хэчнээн цаг тоггүй байсанд та салбарын сайдын тувьд хариуцлага хүлээх боломжтой юу?
-Намайг буруутай гэж үзвэл би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би хүнд хариуцлага хүлээлгэж чаддаггүй л хүн шүү дээ.
-Тэгвэл энэ удаагийн гэмтэлд ямар хүмүүс хариуцлага хүлээх вэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүнтэй хариуцлага ярьж байна вэ?
-Хөөрхий нэг монтёр л байгаа шүү дээ. Гэхдээ хариуцсан инженерүүд гэж байх ёстой. Компанийн гүйцэтгэх захирлыг цалингүй болгосон байна лээ. Яамны зүгээс Ерөнхий инженер болон хариуцсан инженерүүдийн албан тушаалыг бууруулах хүсэлт гаргасан. Энэ бичгээ бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн.
-Таны хувьд эрчим хүчний салбар удирдах хугацаандаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Нар салхины цахилгаан станцын асуудлыг цэгцэлнэ. Нар салхины цахилгаан станцууд 100 МВт зайн үүсгүүртэй болох шаардлагатай байна. Ийм үүсгүүртэй болсон тохиолдолд нарны туяа бага байх үед зайн үүсгүүрт залгагдаад, 6-9 цагийн ачаалал даах боломжтой болно. Их ачаалал өгснөөр наргүй болсон үед ийм төрлийн аваар гарвал юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс бид бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Багануурын станцыг шинэчлэх ажлыг хийнэ. Багануурт байж боломгүй хүчин чадалтай генератор тавиад баахан ачаалал үүрүүлчихвэл дараа нь доголдол гарах эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, Төрийн өмчит компаниудыг яам өөрийн мэдэлд авах шаардлагатай байна. Эрчим хүчний доголдол гарахад бүх хүн яам руу ханддаг. Гэтэл тэр компанийн удирдлагыг томилдог, чөлөөлдөг, санхүү төсвийг баталдаг эрх мэдэл нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байна.
-ТЭЦ-4-ийн захирлыг томилоогүй жил гаруй болж байна. Энэ асуудал одоо юу болсон бэ. Удирдлагатай нь холбоотой шүүхийн маргааныг эцэслэсэн юм уу?
-Удирдлагынх нь асуудал одоо болтол шийдэгдээгүй. С.Анхбаяр ажлаа хийгээгүй, шүүхийн маргаантай байгаа. Ер нь бид хууль хяналтын байгууллагатай яриад, “Хүлээх боломж алга” гэдгээ илэрхийлнэ. С.Анхбаярын асуудлыг нэг тийш болгож, ял хариуцлага хүлээлгэхээр бол тэрийгээ хүлээлгээд яв. Бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай яриад, дараагийн арга хэмжээг авмаар байна гэдэг саналаа хэлнэ.
-Нийслэлд эрчим хүчний саатал гарахын өмнөх өдөр та ТЭЦ-4-ийн үйл ажиллагаатай танилцаад явж байсан. Гэтэл маргааш нь ийм асуудал үүслээ шүү дээ. Шалгалтыг дутуу хийсэн гэсэн үг үү?
-Гэнэтийн саатлыг урьдчилж мэддэг байсан бол бид өнөөдөр асуудал үүсгэхгүй. Энэ аваар бол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэж үзэж байгааг дахин хэлье.