Гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхийг бэхжүүлэх төслийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа
2018.09.20

Гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхийг бэхжүүлэх төслийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Монгол Улсын Гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхийг бэхжүүлэх төслийн зөвлөхүүд болох Австрали Улсын Гриффитийн Их Сургуулийн профессор Хамыш Маклин, Данкин Макконнэлс нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Профессор Хамыш Маклин Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлээд Австрали Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхи бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад 2017 онд ирж яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах тулгамдсан хэрэгцээ байгааг мэдсэн талаар, түүнчлэн, ЭМЯ, ДЭМБ, Гриффитийн Их Сургууль хамтран үндэсний зөвлөгөөн, чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулж, 150 гаруй эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан талаар товч танилцуулав.

Сайд Д.Сарангэрэл Профессор Хамыш Маклин, Данкин Макконнэлс нарт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэг тулгамдсан асуудал болох гамшгийн менежмент, эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр цаг зав гарган, туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад нэн талархалтай байгаагаагаа илэрхийлээд эмнэлгийн яаралтай тусламжийн хүний нөөцийн болон техникийн чадавхийг бэхжүүлэх, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээллийн менежментийн тогтолцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа талаар танилцуулав. Тэрбээр, Гамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 2019 онд Монгол Улсын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, ОБЕГ зэрэг холбогдох бусад байгууллагын 20 мэргэжилтнийг эмнэлгийн яаралтай тусламж, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний менежментийн чиглэлээр Австралид 10 хоногийн онол дадлага хосолсон сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар Австрали Улсын Засгийн газарт төслийн санал хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Профессор Хамыш Маклин, Данкин Макконнэлс энэ удаагийн томилолтынхоо хүрээнд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж, 40 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2 өдрийн сургалт зохион байгуулж, эмнэлгийн яаралтай тусламжийн зарим тоног төхөөрөмжийг хандивласан бөгөөд Улаанбаатар хотод ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, АШУҮИС-ийн Яаралтай тусламжийн тэнхим, ОБЕГ зэрэг газруудад ажиллаж, сургалт зохион байгуулах юм.