Д.Сарангэрэл сайдын санаачлагыг хоёр гараа өргөн дэмжье
2018.09.11

Д.Сарангэрэл сайдын санаачлагыг хоёр гараа өргөн дэмжье

рчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаас үзэхэд энэ жил утаа дахиад л гамшгийн хэмжээнд байна гэдгийг албаны хүмүүс өөрсдийн амаар хэллээ.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хүрээнд өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд ажилласны үр дүнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан агентлаг байгуулж, ирэх оны төсөвт 199.7 тэрбум төгрөг төсөвлүүлж чадвал агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд мэдэгдэхүйц буурах боломжтой гэв хэмээн ярьж суугаагаас харахад энэ төсөв батлагдахгүй бол ирэх онд ч бид утаанаасаа салахгүй нь бололтой.

Урагшгүй ноёдын арилгаж чадахгүй байгаа агаарын бохирдлоос болж Улаанбаатар хотын иргэн бүр эрүүл мэнд, амь насаараа хохирсоор л байна. Хамгийн харамсалтай нь хүүхдийн өвчлөлийн 75-90 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчин байдаг.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт болсон энэ хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

“Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр цартахал үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө” гэх мэдээллийг хүргэсэн юм.

Үнэхээр утаагаа арилгаж чадахгүй, хүүхдийн өвчлөл хөрш орнуудад тийм хүнд байгаа бол сурагчдыг өвлийн ид хүйтнээр, утааны улирлаар урт хугацаагаар амраах нь зөв гэдэгт эцэг эхчүүд санал нэгдэж байгааг цахим ертөнцөөс төвөггүйхэн харж болох юм.

Ууж идэхдээ уургын морь шиг, урагш гишгэхдээ ургаа хад шиг төрийн болон нийслэлийн удирдлагуудын ажлаа хийдэггүй хариуцлагагүй байдлын төлөө бидний хүүхэд өвдөх эрхгүй шүү дээ. Багш нар нь хүссэн үедээ ажил хаяж, сурагчдынхаа хичээлийг нь завсардуулж байхад Эрүүл мэндийн мэндийн сайд яагаад тэдний эрүүл энхийн төлөө өвлийн амралтыг сунгаж болохгүй гэж. Д.Сарангэрэл сайдын санаачлагыг хоёр гараа өргөн дэмжье.