С.Эрдэнэ гишүүнээс Хан-Уул дүүргийн цэцэрлэгийнхэн хүсэх зүйл олонтой байв
2010.03.19

С.Эрдэнэ гишүүнээс Хан-Уул дүүргийн цэцэрлэгийнхэн хүсэх зүйл олонтой байв

Нийгмийн байдал, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн С.Эрдэнэ, Байнгын хорооны Ажлын алба, БСШУЯ, Нийслэлийн боловсролын газартай хамтран Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч Б.Үнэнбат танилцуулах ажилд оролцож дүүргийн боловсролын салбарт хийж байгаа ажлууд болон тулгамдаж байгаа асуудлаа танилцуулан санал бодлоо солилцлоо.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа улам өргөжин тэлж байна

Улаанбаатар хотын АДХГ захиргааны 1984 оны тавдугаар сарын дөрөвний өдрийн тогтоолоор Боловсролын яамны дэргэдэх Барилга конторын ажилчдын шинэ байранд зургаан бүлэг, 140 хүүхэд, 19 багш ажилчидтайгаар нийслэлийн 73-р цэцэрлэг анхны үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өдгөө тус цэцэрлэг 26 багш ажилчидтайгаар харъяа 6,7,8-р хорооны 220 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж байна. Өнгөрсөн хугацаанд багш ажилчдын мэдлэгийг байнга дээшлүүлж  багш нарын 97 хувь нь бакалавр зэрэгтэй болж, туслах багш нарыг сертификаттай болгон,  байгууллага хүүхдүүдийн дунд зарласан олон удаагийн тэмцээн уралдаанд тэргүүн байр эзэлж медаль, тусгай шагналуудыг авсан байна.

Цэцэрлэгийн ажилчидын ачаалал ихэссэн ч цалин нэмэгдэхгүй байна

Цэцэрлэгт ажиллагсадын  цалин бага, эрүүл мэндийн даатгал төлдөг ч эмнэлэгт төлбөртэй үйлчлүүлж байгаа. Түүнчлэн цэцэрлэгт техник хэрэгсэл дутмаг байдаг зэрэг бэрхшээл учирч байгаа юм байна. Мөн цэцэрлэгийн байр багтаамж муутай тул өргөтгөл хийх, хоол хүнсний хангамжийг шууд үйлдвэрлэгчээс нийлүүлдэг болгох зэрэг  саналуудыг тавьж байлаа.

Улсын их хурлын гишүүн С.Эрдэнэ цэцэрлэгийн урсгал ба их засварын төсвөө мэргэжлийн түвшинд хийлгэх хэрэгтэйг сануулав. Дээрх тулгамдаж буй асуудлыг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулж Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.